“Таны төгссөн сургуульд ном л их хэрэгтэй байна”

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

“Таны төгссөн сургуульд ном л их хэрэгтэй байна”

“Таны төгссөн сургуульд ном л их хэрэгтэй байна”

“Өглөөний уншлага” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Д.Оюунсүрэнтэй ярилцлаа.


-Ерөнхий боловсролын сургуулиудад “Өглөөний уншлага” хөтөлбөр хэрэгжиж, хүүхдүүд хичээл эхлэхээс өмнө 10 минутыг уншлагад зарцуулах болсон талаар яриагаа эхэлцгээе. Ийм хөтөлбөр яагаад хэрэгжүүлэх болсон юм бэ?

-Бага дунд ангид уран зохиолын хичээл гэж байхаа больсноос хойш, цахим хэрэглээ нэмэгдсэнээс болж хүүхэд залуусын уншилт, эх зохиолуудтай танилцах боломж багассан, тэгш бус боломжоос шалтгаалан хүүхэд насандаа заавал уншсан байвал зохих номыг уншиж чадахгүй байгаа нь ч үнэн. Уншилт багассантай холбоотой алдаатай бичихээс эхлээд хувь хүний төлөвшил, хүмүүжлийн асуудлууд ч ихэсч байгаа. Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, боловсролын тэгш бус байдлаас үүдэлтэй ялгаа, зохисгүй цахим хэрэглээ, хүүхдийн сэтгэл гутралын гээд олон асуудлын эсрэг маш энгийн гаргалгааг “Өглөөний уншлага” хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Яг үүнтэй адил залуус хүүхдийн төлөвшлийн хүнд нөхцөлтэй үед Японд хичээл эхлэхээс өмнөх 10 минутыг уншлагад зарцуулах санаачлага гаргасан нь санаанд оромгүй үр дүн үзүүлж, нийгмийн суурь асуудлуудад эерэг нөлөөлөл үзүүлж, олон мянган сургууль ангиудад энэхүү хөтөлбөр нь халдварт өвчин шиг л тархсан. Хүүхэд бүрт эерэг өөрчлөлт гарч эхэлсэн.

-Өглөөний уншлага хөтөлбөрийг Монголд санаачлан хэрэгжүүлэх ажил нь хэр явцтай байна?

-Хөтөлбөрийн хүрээнд “Өглөөний уншлага хөтөлбөр” нэртэй групп нээж өдөр бүр ном уншиж буй ангиуд мэдээллээ оруулж эхэлснээс хойш 60 мянган гишүүнтэй болоод байна. Сургуулийн багш нарын мэдээллээ түгээх хүчтэй суваг бий болж байна гэсэн үг. Өглөөний уншлага хөтөлбөрт нэгдсэн ангиуд долоо хоног тутамд нэг пост оруулж эхлээд байгаа ч админуудын зүгээс заримдаа нийтлэлийнх нь зөвшөөрлийг өгч амжихгүй, ачааллаа дийлэхгүй болох үе ч гарч байна. Хамгийн гол нь сурагчдын дунд ном уншуулах “моод” –ыг ингэж дэлгэрүүлснээр эерэг өөрчлөлтүүд гарч буй тухай сэтгэгдлүүд цөөнгүй ирж байна. Хүүхдүүдийн зан ааш засрах, алдаатай бичих нь багасах, ахлах ангийн хүүхдүүд нь доод ангийнхаа хүүхдүүдэд уншсан номоо хандивлах, эцэг эхчүүд нь ангийн номын булан бэлдэж өгөх зэргээр эерэг зүйлс олон гарч байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ном унших эрэлтийг нэмэгдүүлсэн тул ангидаа байгаа, гэртээ байгаа номнуудыг уншиж дуусах явдал ер нь гарч эхэллээ. Иймд ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд ном хэрэгтэй байна гэсэн үг. Боломжийг ашиглаад сургуулийн үе үеийн төгсөгч нарт уриалахад, таны төгссөн сургуульд ном л их хэрэгтэй байгаа шүү гэж хэлмээр байна.

-Сурагчдын амралт эхэллээ. Энэ үед хэрхэх вэ?

-Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд олон бий. Тухайлбал, арван жилийн сурагчид, сэтгүүлчид мөн зохиолч нарын дунд “сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим орчин дахь дарамт” гэх сэдвийн хүрээнд бичлэг, нийтлэл, зохиолын уралдаан зарлах гэж байна. Өглөөний уншлагын хүрээнд хичээлийн хөтөлбөрт багтаагүй хэрнээ заавал уншсан байх агуулгыг хүргэх зорилготой. Жишээ нь, “Балдоржийн шагналт” сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “Ахын минь ард гурван алуурчин алхаж явсан” гэх нийтлэлийг уншсан ахлах ангийн хүүхэд нийлж дарвиж хэн нэгнийг зодох, хэн нэгний эрүүл мэндийг гэмтээснээрээ бусдын амьдралд төсөөлж барамгүй гарз хохирол учруулах юм байна гэдгийг хэзээ ч мартахгүйгээр ойлгоно. Зөвхөн энэ нийтлэлийг ахлах ангийн хөвгүүдэд хүргэснээр ямар ч хичээлээр өгч чадахгүй мэдрэмжийг өгч болно. Сурагчдын амралтын хугацаанд энэ мэт уншлагад санал болгох контент, агуулгуудад түлхүү анхаарч байна.

-“Дүүлэн нис” гэх номыг санал болгосон байсан нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ ном нь ЕБС-ын ахлах ангийнхан, ном унших дадал сайтай дунд ангийнхан тохиромжтой. Энэ номонд бидний сайн мэддэг олны танилуудын амьдралыг өгүүлсэн. Гэхдээ үргэлж амжилт, аз жаргалын дунд биш бууж өгмөөр шантармаар олон хүнд өдрүүдэд хэрхэн амьдарч байсан тухай нь юм. Яг энэ номыг уншсан хүүхэд залуусаас, эцэг эхчүүдээс их гоё сэтгэгдлүүд ирж байна. “Ээж ээ, би их жаргалтай амьдарч байгаа юм байна. Холоос сургуульдаа явдаг, гэрийн даалгавар мэтэд зовж байна гээд шантраад байсан чинь энэ хүмүүс ямар хүнд саадыг давж гарч ирсэн юм бэ. Тэгэхээр би дахиж гомдоллохгүй” гэсэн, “Амьдралд бууж өгмөөр өдрүүд олон тохиолддог, гэхдээ түүнийг давж гарах ёстой юм байна” гэх зэрэг сэтгэгдлүүд их ирсэн. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд сэтгэл гутралын асуудал маш өндөр хэмжээнд байгаа энэ үед ийм агуулгыг хүргэх нь өөрөө их ач холбогдолтой учраас санал болгосон. Бүх агуулгыг тохиолдлын байдлаар биш, хэн нэгэн танилын шахааны байдлаар биш, судалгаатай, үндэслэлтэйгээр сонгож санал болгох учраас эерэг үр дүн нөлөөлөл гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд дөчин сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан гэсэн нь ямар учиртай вэ?

-Хөтөлбөрийн үр дүн, хүрээг нэмэгдүүлэхийн тулд ЕБС-иудын бага, дунд, ахлах ангиудын дунд идэвхи оролцооны уралдаан зарласан. Уг хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр явуулах бөгөөд нээлтэй, албадлагын бус, улстөрөөс ангид явуулах зарчмыг баримтална. Өглөөний уншлагад хамрагдаж буй суралцагч нэг бүрийн хувьд Өөрөө унших зүйлээ сонгох, Бүгдээрээ хамт унших, Уншсан зүйлээрээ асуугдахгүй байх гэсэн зарчимтай. Анги, сургуулийн удирдлагын хувьд унших орон зай, цаг хугацаагаар хангах, урамшуулж дэмжих зарчмыг баримтлах ба суралцагч нэг бүрт санхүүгийн болон сэтгэлзүйн аливаа дарамт үзүүлэхгүй байхад анхаарах ёстой. Хөтөлбөрийн шагнал урамшуулал одоогоор дөчин сая төгрөгийн сантай байгаа бөгөөд ивээн тэтгэгч байгууллагуудын урамшуулал, нэмэлт тусгай шагналуудын мэдээллүүд тодорхой болсны дараагаар шагналын сан, урамшуулалд хамрагдах оролцогчдын тоо цаашид ч нэмэгдэнэ гэсэн үг.

-Тодруулга өгч ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж