"Хүүхэд нийгмийн өнчрөлд автах явдал нэмэгдэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

"Хүүхэд нийгмийн өнчрөлд автах явдал нэмэгдэж байна"

"Хүүхэд нийгмийн өнчрөлд автах явдал нэмэгдэж байна"

Хүүхдээ асран хамгаалах эрх зүйн чадамж бүхий эцэг, эхчүүдэд хүлээлгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, асрамж халамжийн төвөөр хүүхдээ асруулах эцэг, эхийн тоог бууруулах, гэр бүлтэй ажиллах үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр /2022.12.20/-нд Хэвлэлийн хүрээлэнд "Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Судалгаанаас харахад, жилээс жилд асрамж, халамжийн төвүүдэд эцэг, эхтэй хүүхдүүд ирж асран халамжлуулах нь нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар асрамж, халамжийн төвүүдэд улсын хэмжээнд нийт 976 хүүхэд асруулж буйгаас нийслэлийн хэмжээнд 336 буюу 43,5 хувь, орон нутагт 107 буюу 53 хувь, үүнээс эцэг эхтэй хүүхэд 443 буюу 45,5 хувийг тус тус эзэлж байна.

"АРХИДАЛТ, ЯДУУРЛЫН ХОР УРШГААР ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХ, ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАМТ АМЬДАРЧ
ЧАДАХГҮЙД ХҮРЧ БАЙНА"

"Өнөр бүл" хүүхдийн төвийн ерөнхий захирал М.ӨЛЗИЙЧИМЭГ:

-Энэ оны байдлаар "Өнөр бүл" хүүхдийн төвд нийт 179 хүүхэд асран халамжлуулж байна. Үүнээс эцэг, эхтэй хүүхэд 65 буюу 38 хувь, бүтэн өнчин 52 буюу 31 хувь, хагас өнчин 52 буюу 31 хувийг эзэлж байна. Асрамжийн газар дахь хүүхдүүдийн ар гэрийн судалгаагаар архины хамааралтай 48, өөрийн гэсэн орон гэргүй 32, эрхэлсэн тодорхой ажилгүй 28, дахин гэр бүлтэй болж, хүүхдээ үл хайхарсан 26, сураггүй алга болсон 7, хорихоос суллагдсан боловч хүүхдээ хайхардаггүй 6 эцэг эх бий.

Эцэг, эхчүүд хүүхдүүдээ асрамж, халамжийн төвд асран, хамгаалуулж буй шалтгааныг авч үзвэл, эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, хүүхэд нийгмийн өнчрөлд автах явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүл салалт, нийгэм эдийн засгийн хямрал, архидалт, ядуурлын хор уршгаар хүүхэд эцэг эх, гэр бүлтэйгээ хамт амьдарч чадахгүйд хүрч байгаа нь тулгамдсан асуудал болсон. Эцэг, эхчүүд боломжтой ч хүүхдүүдээ авахгүй байна. Энэ тал дээр маш их анхаарах хэрэгтэй юм.

"АСРАМЖ, ХАЛАМЖИЙН ТӨВД БУЙ ХҮҮХДҮҮДИЙН 43 ХУВЬ НЬ ЭЦЭГ, ЭХТЭЙ Ч ҮЙЛЧИЛГЭЭ АВСААР БАЙНА"

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хөгжил, хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.БАТСАЙХАН "Орон гэргүй, гудамжинд амьдардаг хараа хяналтгүй хүүхдийн талаар мэдээлэл цагдаагийн байгууллага болоод Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хүүхдийн тусламжийн утас 108-д дуудлага мэдээллүүд ирдэг. Ирсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас аюулгүйн зэргийн үнэлгээ, хорооны хамтарсан багаас нөхцөл байдлын үнэлгээг хийдэг. Харин үнэлгээ өндөр гарсан тохиолдолд хүүхдийг түр хамгаалах байранд шилжүүлнэ. Түр хамгаалах байранд саатуулж байх хугацаанд эцэг, эх нь тогтоогдохгүй болоод асран хамгаалах боломжгүй хүүхдүүдийг тухайн дүүрэг, хороо, сум орон нутгийн засаг даргын захирамжаар асрамжийн газар руу шилжүүлэх байдлаар явж байна.

Өнгөрсөн оны тоон мэдээллээр асрамж халамжийн төвд 833 хүүхэд байсан бол энэ онд 786 болсон. Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын 25 асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр асрамж, халамжид хамрагдаж буй хүүхдүүдийн 43 хувь нь эцэг, эхтэй ч үйлчилгээ авсаар байна. Бид ар гэрт нь эргэн нэгтгэх ажлуудыг үе шаттайгаар явуулж байна. Энэ оны байдлаар 45 хүүхдийг гэр бүлтэй нь нэгтсэн. Одоогийн байдлаар 35 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгөх боломжтой гэх судалгаа гаргаад байна. Үүний дагуу ар гэрт нь нэг сараас гурван сарын хугацаагаар дасгах үйлчилгээ үзүүлдэг.

Харамсалтай нь, хуулийн бүрэн зохицуулалтгүйн улмаас зарим хүмүүсийн эцэг, эх байх эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Үүнээс болоод хүүхдүүд асрамжийн төвд байхаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Асрамж, халамжийн төвд ихэвчлэн гурваас дээш жил амьдарч байгаа хүүхдүүд бий. Харин нэгээс доош жил амьдрах хүүхдүүд цөөн байна. Өмнө нь асрамж, халамжид амьдарч байгаа хүүхдүүдийн халамж, тэтгэмжийг асран хамгаалагч авдаг байсан. Харин одоо өөр дээр нь нэрийн данс үүсгээд хадгалдаг. Эцэг, эх нь боломжийн бол тухайн хүүхдийг гэр бүл рүү нь шилжүүлэх ажлыг эрчимтэй хиймээр байна" гэв.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд дээрх асуудлыг шийдвэрлэж, шалтгаан хүчин зүйлсийг бууруулахад төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх талаар үзэл бодлоо илэрхийлэн, санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Хэлэлцүүлгээс хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжин ирж буй хүүхдийг шүүхийн шийдвэрийг үндэслэн захирамж гаргадаг байх, хөдөлмөрийн чадвартай ч хүүхдээ тэжээн тэтгэхээс санаатайгаар зайлсхийдэг, үл хайхардаг эцэг, эхийг албадан сургалтад хамруулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн тэтгэлгийг төлүүлдэг байх зэрэг асуудлыг Гэр бүлийн тухай шинэчилсэн найруулгад тодорхой тусгах зэрэг олон санал гарсан юм.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж