Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

76:1
76:1 МАН-ын кнопчин

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Говьсүмбэр, Дундговь аймагт нэр дэвшиж, сонгогдсон Гомпилдоогийн Мөнхцэцэгийг танилцуулж байна.


УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нь хууль тогтоох дээд байгууллагад хоёр дахь удаагаа дараалан сонгогдсон ч ирцэнд орж, кноп дарж суухаас илүүг хийж чадаагүй л байна.

Хуучин УИХ дахь МАН-ын бүлэг Байнгын хорооны даргыг тодруулахдаа туршлага, мэдлэгийг голчилдог байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй суудал авсан цагаас энэхүү УИХ-ын бүтцийн байгууллагын босгыг намсгаж, дарга, сайд болохын дон шүглэсэн хүмүүсийнхээ хүслийг гүйцээх хэрэгсэл болгоод буй. Энэ жишгээр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын суудал түүнд ирсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь, МАН өнгөрсөн намар Засгийн газартаа сэлгээ хийж, Соёлын яамыг шинээр байгуулахад сайд болох амбиц өвөртлөн “ниссэн” хүмүүсийн нэг нь Г.Мөнхцэцэг гишүүн байв. Хэдийгээр Засгийн газрын гишүүн болж, давхар дээл өмсч чадаагүй ч Байнгын хорооны дарга болсон.

Түүнийг УИХ-д анх сонгогдоход “Ардын намын АТМ Б.Дэлгэрсайхан чирж явсаар гаргалаа” гэж ярих хүн олон байсан бол хоёр дахь удаагаа сонгуульд ялалт байгуулахад “Ерөнхий сайд асан Сү.Батболд дэмжлэг боллоо” гэж шуугиж байв.

Монгол Улсын сонгуулийн тогтолцоо нь мөнгө, хөрөнгө цацаж байж гарч ирдэг бохир “дүрэмтэй” тул улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдээ бэл, бэнчинтэй хүмүүс бараадуулж, “уядаг” жишгээр Г.Мөнхцэцэг гишүүн хоёр ч удаагийн сонгуульд хамтрагч нарынхаа хүчээр гарч ирсэн азтай, одтой гэж хэлж болно.

Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нарын хамтаар 2019 онд Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон, хуульчлан баталгаажуулж байв.

Уг хуулийн төслийг санаачлахад олон нийтийн зүгээс “Монголчуудын баярын өдөр багадаагүй. Амрах биш ажиллах шаардлага байна” гэх шүүмжлэл өрнүүлж байсан ч УИХ-д үнэмлэхүй олонх МАН энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох гишүүдийн санаачлагыг хуульчлан баталгаажуулсан юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын хамтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, батлуулсан.

Тэрбээр хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Д.Батлут, Б.Баярсайхан нарын хамтаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэхүү түр хороо нь Биокомбинат ТӨХХК-ийн өргөтгөл, шинэчлэлд шалгалт хийн, дүнг чуулганд танилцуулах, санал боловсруулах үүрэгтэй байхаар тогтоолд заажээ.

УИХ-аас өнгөрсөн сард “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ахалж байна.

Мэдлэггүй байж мэдэмхийрч ярьдгаас болж, УИХ-ын гишүүд олны дүргүйцлийг хүргэх нь бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг өнгөрсөн намар “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн, гар хөлөө хөдөлгөсөн, ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа дэм гэж ойлгож байгаа. Монгол Улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авагчдын 50 хувь нь 350 мянгын тэтгэвэр авдаг. Энэ бол харамсалтай тоо" гэж хэлсэн нь шуугиан тарьсан.

Уг нь тэтгэвэр нь төрийн дэм бус хөдөлмөр эрхэлж байхдаа тогтмол нийгмийн даатгалын шимтгэл төлж, хуримтлал үүсгээд түүнийгээ тэтгэврээр буцааж авч байгаа даатгалын тогтолцоо гэж хэлж болно. Гэвч асуудлаа мэдрэхгүй ярьснаас ахмадуудыг бухимдуулж байв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нь утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй.

Ажлын гараагаа 1995 онд “Засгийн газрын мэдээ” сониноос эхлүүлж байсан. 1990-ээд оны “Болор цом” яруу найргийн наадмын гол төлөөлөгчдийн нэг.  Мөн “Болор цом”-д дөрвөн удаа айрагдаж байж, 2000 онд цомыг нь гардсан.

Монголын зохиолчдын эвлэлийг удирдаж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль
  • 1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр
  • 2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч
  • 1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга
  • 2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан
  • 2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022 оноос Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

  • 2009 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж