"Хөл нүцгэн зугтаахаар туслах уяач араас хөөж ирээд, гэртээ аваачаад хүлчихдэг"

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

"Хөл нүцгэн зугтаахаар туслах уяач араас хөөж ирээд, гэртээ аваачаад хүлчихдэг"

"Хөл нүцгэн зугтаахаар туслах уяач араас хөөж ирээд, гэртээ аваачаад хүлчихдэг"

“Би гэр рүүгээ явна гээд хөл нүцгэн зугтаахад туслах уяач араас хөөж, сугандаа хавчуулан, гэртээ аваачаад хүлчихдэг. Багаасаа өөр айлын хурдан морь унадаг байсан. Би зугтаагаад явахаар дахиж гэрт ирээд аваад явдаг. Уяач, туслахууд намайг шоглож, бас дээрэлхдэг” гэж нэгэн унаач хүү ярьжээ.

Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15885 хүүхэд бүртгэлтэй байдгаас 15403 нь эрэгтэй, 482 нь эмэгтэй хүүүхэд байна. Хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл, 7-9 насны 5308, 10-12 насны 6000 орчим, 13-15 насны 2743, 16-18 насны 323 хүүхэд байна. Тэдний 14082 нь орон нутагт, 1797 хүүхэд нийслэлийн харьяалалтай гэх тоон статистик бий.

Харамсалтай нь, унаач хүүхдүүдийн дийлэнх буюу 80.64 хувь нь өөрийгөө хамгаалах чадваргүй, бүрэн төлөвшөөгүй 12 хүртэлх насны хүүхэд эзэлдэг хэвээр.

Өнгөрсөн 2018-2020 онд нийт 671 хурдан морины уралдаан зохион байгуулснаас аймаг, сумдад 647, нийслэлд 24 уралдаан болж, 165 хүүхэд ямар нэгэн бэртэл гэмтэл авсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 дугаар тогтоолоор”Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрын жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Ингэснээр хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэвч бодит байдал дээр жилийн дөрвөн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа, бооцоот уралдаан зохион байгуулсаар байгааг судалгаанд оролцсон уяач, хүүхдүүдтэй хийсэн ярилцлага баталжээ.

Жишээлбэл, хурдан морь унадаг есөн настай хүү зургаан настайгаасаа уралдаанд оролцож эхэлжээ. Тэрбээр өвлийн уралдаанаар морь унах болгондоо 20 мянган төгрөг авдаг бөгөөд талыг нь уяачдаа өгч, 10 мянган төгрөгөө цуглуулж, энэ жил 220 мянган төгрөгтэй болсон тухайгаа ярьсан байна. Тухайн унаач хүү нэг жилд 11 удаагийн уралдаанд оролцсон гэсэн үг.

ГССҮТ-ийн мэдээллээр хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо өвлийн цагт дунджаар сард 35 хүүхэд ханддаг аж. Өнгөрсөн 2019, 2020 онуудад энгийн мориноос унасан хүүхдийн тоо дунджаар 46.5 хувь харин хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо дунджаар 53.5 хувь байна. Өмнөговь аймгаас бусад бүх аймагт хурдан морины уралдаан болж байгааг хүүхдүүд хэлжээ.

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.СҮНЖИД:

-Хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт тэвчишгүй хөдөлмөрт орохгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ онд 122, 123 дугаар тушаалаар ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Судалгааны үр дүнг үндэслэсэн бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан, олборлолт гэх мэтээр ажлын байруудыг зааж өгсөн. Мал аж ахуйн салбарт насанд хүрээгүй хүүхдүүд тодорхой хэмжээгээр хөдөлмөр эрхэлж болно.

Унаач хүүхдүүдийн хувьд гэрээ байгуулж ажиллах ёстой учраас Уяачдын холбоотой хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар 13-15 насны хүүхэд хурдан морь унахдаа гурвалсан гэрээг байгуулна.

Түүнээс дээш насныхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаггүй байхаар бичгээр заавал хоёрлосон гэрээ хийнэ. Гэтэл судалгааны дүнгээс харахад ихэнх хүүхдүүд хөдөлмөрийн хөлсөө амаар тохирч, гэрээ байгуулдаггүй гэдгийг харуулж байна. Цөөн тооны хүүхэд л эцэг эхийн анхаарал сайтай, албан ёсны гэрээ байгуулан хурдан морь унадаг.

Хуульч, судлаач Г.ТҮВШИНЖАРГАЛ:

-Монгол Улсад 15 настай хүүхэд хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бол хуулиар 13 нас болгож баталсан. Ингэснээр Монгол Улс хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг дээшлүүлэх үүргийг зөрчиж байгаа юм. Гэтэл бодит амьдрал дээр улс, нийгмийн асуудлаас үүдэн насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэх шаардлага үүсч байна.

Энэ боломжийг нь эдлүүлэхийн тулд хөнгөн төрлийн хөдөлмөр эрхлүүлж, орлого олох боломжийг нь дэмжих нь зүйтэй гэдэг байр суурийг албаныхан илэрхийлдэг.

Судалгаагаар хүүхдүүдийн 78 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсөө авч чаддаггүй гэдэг хариултыг өгсөн. Ямар нэг ажил хийхээр “Чи ажлаасаа хоцорсон, ийм зүйл эвдсэн” гэх мэтээр цалин хөлсийг нь хасч, хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж