Хойд Солонгос улс өнгөрсөн Ням гаригт хөөргөсөн пуужингаа цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулын туршилт байсан гэж мэдэгдэв. Дараа нь Даваа гаригт Өмнөд Солонгосын хотуудыг сансраас авсан нарийвчлал багатай хоёр зургийг төрийн хэвлэлдээ нийтэлжээ. Харин мэргэжилтнүүд тус зургуудыг үзээд, тандалтын зорилготой гэхэд арай бүдүүн баараг байна гэж шүүмжлэв. Мөн энэ хөөргөлт нь пуужингийн технологио далдлах гэсэн Умардын санаа гэж үзэж байна.
Энэ шүүмжлэлийн хариуд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдэл хийв. Хойд Солонгосын хиймэл дагуулын туршилт болон бусад цэргийн үйл ажиллагаанд эргэлзэж буй гадныхны үгийг тэр няцаажээ. Ким Ё Жон Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн шүүмжийн хариуд “Ямар ч утгагүй, гутаан доромжилсон өнгө аястай байна. "Замын ноход хуцаж" л байдаг. Хэвлэлд нийтлэгдсэн хоёрхон зургаар бидний хиймэл дагуулын хөгжүүлэлт болон бусад холбогдох ажлыг үнэлж байгаа нь хэтэрхий зохисгүй үйлдэл” гэж хэлэв.
Түүний тайлбарласнаар, энэ удаагийн туршилтад энгийн камер ашиглаажээ. Тэд нэг удаагийн тест хийхэд өндөр нягтралтай, үнэтэй камер ашиглах шаардлагагүй гэж үзсэн аж. Хойд Солонгос хуучирсан хоёр пуужинг сансарт хөөргөх төхөөрөмж болгон ашигласан байна. Нэгийг нь дохио хянах, хүлээн авах зориулалтаар, нөгөөг нь сансраас зураг авах болон бусад тест хийхэд тус тус ашиглажээ.
Ким Ё Жон “Хэрвээ бид тив алгасах баллистик пуужин бүтээхийг хүсвэл зүгээр л харвана. Алсын тусгалын пуужингийн туршилт хийхдээ бид хиймэл дагуул ашигладаггүй” гэв.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ