УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.12.20/ Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд улсын онц чухал объектыг дотоодын цэрэг хамгаалах бөгөөд цэрэг нь гэмт хэрэгт холбогдвол цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр биед нь үзлэг нэгжлэг хийх, баривчлах, саатуулахыг хориглоно гэж заасан нь Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, шүүгч, Цэцийн даргад олгогдсон байдаг бүрэн эрхийг яагаад дотоодын цэрэгт олгох болов гэдэг асуудал хөндөгдөхөд хүргэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хуулийн төслийн 7.3-т Дотоодын цэрэг нь террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох мэргэжлийн нэгжтэй байна гэж заажээ. Дотоодын цэрэг гэдэг нь цэрэг. Хугацаат цэргүүдээсээ бүрдүүлсэн салаа гаргах гээд байна уу. Энэ тусгай салаан дээр Цэргийн хууль үйлчлэх үү, Цагдаагийн хууль үйлчлэх үү.
Хоёрт, Дотоодын цэргийн штабын дарга нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 18-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдаж байна. Хуулийн төслийн 9.4-т Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд орлоно гэжээ. Штабын дарга нь командлагчаа орлодог юм уу. Штабын дарга нь командлагчаа орлодог гэж мэдэхгүй юм, яагаад ийм заалт оруулж ирэв.
Дотоодын цэрэг хот суурин газарт таксинаас бусад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй орж ирж. Бүх төрийн албан хаагчаа нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг болох юм уу.
Хуулийн төслийн 36.7-д Дотоодын цэргийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсвэл гэмт хэргийн газарт үйлдлийг нотлох баримтаар баривчилснаас бусад тохиолдолд дотоодын цэргийн команпдлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, баричвлах, биед нь үзлэг нэгжлэг хийх, орон байр, албан тасалгаа, автомашинд нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий прокурор, шүүгч, Цэцийн дарга нар дээр яригддаг халдашгүй эрх ороод ирж. Яагаад ийм халдашгүй байдлын бүрэн эрх орж ирэв?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Дотоодын цэргийн байгууллагыг бэхжүүлэхийн тулд эрх зүйн орчинг тодорхой болгох ажлыг үе шаттай хийж байна. Өнгөрсөн жил нүүрсний хулгай гарсантай холбогдуулж Засгийн газар Дотоодын цэргийн 810 дугаар ангийг Тавантолгойн уурхай орчимд байгуулсан. Цаашид төрийн өмчит компаниудын онц чухал обьектын хамгаалалт дээр дотоодын цэргийг ажиллуулах нь үр дүнтэй байгаа.
Хувийн гэрээт хамгаалалтын албад дээр алдаа эндэгдэл гарч байна. Зарим хувийн гэрээт хамгаалалтын алба дээр 50 иас илүү хувь нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд эрсдэл учирч байна гэдэг дүгнэлт гарсан учраас бид ийм ажил хийж байна.
Төв суурин газруудын ундны усны хамгаалалт дээр дотоодын цэргийнхээ хамгаалалтыг ажиллуулъя. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг зарчим руу шилжье гээд бодлого гаргаад ажиллаж байгаа. Өмнө нь хэд, хэдэн суурин газрууд дээр асуудал үүссэн. Тухайлбал, цианит натриг ундны усны газар луу хийх оролдлого гарсныг гишүүд сонсч байсан байх.
Дотоодын цэргийн штабын дарга нь 18-аас доошгүй жил гэдэг нь, Б.Энхбаяр дарга та бид хоёр нас ойролцоо. Та бид хоёрын ажилласан жил бага тоологддог. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага дээр ажилласан жил үржиж явдаг. Цэргийн сургуульд сурсан хугацаа нь 4 жилээр тоологддог. Саяхан бид Р.Отгонжаргал генералыг энгийн салбарт шилжих гэж байгаатай холбогдуулж, ажилласан жилийг нь тоолоход бидэнтэй ойролцоо насны залуу атлаа 29 жил цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилласан гэж тоологдож байна.
Командлагчийн эзгүйд штабын дарга шийдвэр гаргах шаардлагатай болно. Командлагчийг хэн орлох вэ гэхээр цагдаа дээр тэргүүн дэд дарга орлоно. Дотоодын цэрэг дээр тэргүүн дэд дарга орлох нь чиг үүргийн хувьд уялдахгүй байгаа.
Жишээлбэл, Цадаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ням-Очир генералын хувьд командлагчийн эзгүйд ямар асуудлаар орлох вэ гэхээр цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн эрүү, мөрдөн, хэв журмынхаа чиглэлээр командлагчийнхээ эзгүйд шийдвэр гаргах ёстой болж байгаа. Дотоодын цэргийн чиг үүргийг цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргад хуулиар харъяалуулаагүй учраас хуулиар харъяалуулж байгаа чиг үүрэгтээ Дотоод цэргийн штабын дарга нь энэ чиг үүргийг орлож явах нь илүү зохимжтой гэж үзсэн. Та бүхэн энэ асуудлыг хэлэлцүүлгийн шатанд эргэж харж болно.
Цагдаагийн байгууллагын алба хаагч өнөөдөр нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчоод явж байгаа. Дотоодын цэргийнхнээ өөрсдийн тээврийн хэрэгслээр зорч гэвэл түгжрэлд асуудал үүснэ. Өнөөдөр хэдүүлээ хотын түгжрэлийг бууруулъя гэдэг зүйл ярьж байгаа учраас энэ заалт нь уялдаад л явна.
Цагдаагийн ерөнхий газрын хурандаа н.Нямдаваа: Дотоодын цэргийн штабын даргад яагаад 18 жил тавьсан бэ гэвэл дөрвөн жил нь цэргийн мэргэжлийн сургууль төгссөн байдаг. Сургууль төгсөөд тухайн хүн 10 жилийн дараа ахлах офицерын зэрэглэлд очдог. Энэ байдлаар нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой гэдэг шалгуурын хүрээнд 18 жил гэж зааж өгсөн.
Дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг нь улсын онц чухал обьектын харуул хамгаалалтыг хариуцдаг. Улс орны нийгэм эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий барилга байгууламж, цэгийг хагмаалж байдаг. Энэ цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийг тодорхой хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах бол командлагчид нь мэдэгдэн, тухайн обьектоос нь чөлөөлөх гэдэг юм уу арга хэмжээ аваач ээ. Шууд мэдэгдэхгүй явснаас объект эзэнгүйдэх нөхцөл байдал үүснэ, эрсдэл үүснэ гэж үзэж, энэхүү томъёолол оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дотоодын цэргийн терроризмын эсрэг тусгай салаа цэргийн хуулиар явах уу, эсвэл мэдэгдлээ гүйцэтгэе гээд цагдаагийн хуулиар явах уу. Аль хуулиа барих вэ?
Цагдаагийн ерөнхий газрын хурандаа н.Нямдаваа: Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдана. Энэ ажиллагааг терроризмтой тэмцэх зөвлөл буюу Тагнуулын ерөнхий газрын зөлөлийн дэргэд бие бүрэлдэхүүн орж ажиллана. Энд ганцхан дотоодын цэрэг биш цагдаа, түүний нэгж байгууллагууд тагнуул, мэргэжлийн хяналт гээд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага орж ажиллана.
Сануулахад, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтуудыг шинээр тусгасан байна. Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн гэж тодорхойлон, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар зохицуулсан. Мөн дотоодын цэргийн штабыг дотоодын цэргийг удирдах, мэргэжлийн төв байгууллага болон штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад эсхүл тухайн 2 байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр тусгажээ. Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтад “хот суурин дотор такси, үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” гэж, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаж хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно” гэж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг дотоодын цэргийн албан хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох зохицуулалтыг тусгажээ.
Улсын онц чухал объектод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, инженер техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд улсын онц чухал объектоос бусад объектыг дотоодын цэргийн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ