"Беларусь тусгаар тогтнолоо дангаар хамгаалж чадахгүй" гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

"Беларусь тусгаар тогтнолоо дангаар хамгаалж чадахгүй" гэв

"Беларусь тусгаар тогтнолоо дангаар хамгаалж чадахгүй" гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлаар Беларусийн удирдагч Александр Лукашенкотой хэлэлцжээ. ОХУ-ын өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Украинд үргэлжлүүлж буй дайнд холбоотон Лукашенког татан оролцуулж магадгүй гэх болгоомжлол их бий. Энэ үед Беларусьд хийж буй Путины айлчлал олон улсын анхаарлыг татаж байна. Украины нийслэл Киев хотын эргэн тойронд гол дэд бүтцүүдэд "камиказе" дроноор агаараас цохилт өгснөөс хойш хэдхэн цагийн дараа Беларусь дахь Путины айлчлал эхэлсэн талаар хотын дарга Витали Клитчко мэдэгджээ. Путин сүүлд цар тахлын өмнө буюу 2019 онд Беларусьт айлчилж байв.

Минск хотноо өчигдөр хийсэн хамтарсан мэдэгдлийн үеэр Путин, Лукашенко нар хамтарсан цэргийн сургуулилалтаа үргэлжлүүлэхээр тохиролцсноо онцолжээ. Уг цэргийн сургуулилалт Украинд дайн эхлэхээс өмнө Киевийг багагүй сандаргасан.

Путин "Цаашид ч хоёр орны аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг хамтран авч ажиллахаар тохиролцлоо. Цэргүүдийг сургахад нэн тэргүүнд анхаарч, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлж, хамтарсан сургуулилалт болон бусад ажиллагааны болон байлдааны бэлтгэлийн дадлагыг үргэлжлүүлнэ” гэв. Харин Лукашенко ОХУ-ыг "хамгийн ойрын, стратегийн хамтрагч" гэж нэрлээд, "Беларусь улс тусгаар тогтнолоо дангаар хамгаалж чадахгүй" гэсэн байна.

Путины айлчлалаас хэдхэн цагийн өмнө Беларусийн Батлан хамгаалах яамнаас гэнэтийн цэргийн сургуулилалттай холбоотойгоор Лукашенко армийн бэлэн байдлыг шалгах тушаал өгснийг мэдээлж байв. 

Путин ОХУ-аас хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлдэг газрын тос, зээлээс хэт хамааралтай болсон Беларусь улстай холбоогоо бэхжүүлэхийн тулд олон жил зарцуулсан. Лукашенко 2020 онд ардчиллын төлөөх жагсаалыг хүчээр дарсны дараа баруунаас тусгаарлагдаж эхэлсэн ч ОХУ-тай нэгдэхийг эсэргүүцсэн.

Харин Путин  хэлэхдээ, "Хэн нэгнийг хүчээр "уусгахыг" би хүсэхгүй байна" гэсэн боловч ОХУ, Беларусийн нэгдэхийг "дайснууд" зогсоохыг хичээж байна гэж мэдэгджээ.

Украин руу хойд талаас нь дайрахын тулд Беларусийг дайнд татан оролцуулахаар хичээж байна гэж Киевийн албаныхан өмнө нь мэдэгдсэн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Ням гаригт хэлэхдээ, ОХУ болон түүний холбоотнуудын цэргийн ямар ч үйл явдлын эсрэг Киев сөрөн зогсоход бэлэн гэж мэдэгджээ. "Беларусь, ОХУ-аас хоёулангаас нь хилээ хамгаалах нь манай улсын байнгын эн тэргүүний чиглэл. Батлан хамгаалахын бүхий л боломжит үйл явдалд бэлэн бай" гэж тэрбээр Украины армийн удирдлагуудтай уулзахдаа хэлсэн байна.

Лукашенко өмнө нь "ОХУ нь Украин руу олон мянган цэргээ илгээхдээ Беларусийг дамжин өнгөрөх бүс болгон ашиглаж болно" гэж мэдэгдсэн бөгөөд Оросын байлдааны онгоцууд тус улсын баазаас хөөрч байв. Гэхдээ тэрбээр дайнд цэргээ илгээж, шууд оролцоогүй бөгөөд дайныг удааширч байгааг үе үе шүүмжилдэг.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж