О.Хулан: "ЭТТ" тээвэрт асар өндөр үнэ төлж, "шороо" зөөж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

О.Хулан: "ЭТТ" тээвэрт асар өндөр үнэ төлж, "шороо" зөөж байна

О.Хулан: "ЭТТ" тээвэрт асар өндөр үнэ төлж, "шороо" зөөж байна

 “Эрдэнэс Монгол”-ын Нэгдсэн удирдлагын газрын дарга О.Хулантай ярилцлаа.


-Та “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж ажиллаад бараг жил болжээ. Эхлээд О.Хулан гэж хэн бэ, яагаад энэ албанд томилогдсон юм бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-“Эрдэнэс Монгол” компанид ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд багагүй бэрхшээлтэй нүүр туллаа. Олон асуудлыг цэгцлэх, шийдэх гэж оролдлоо. Намайг анх энэ компанид ирж ажиллахыг Ерөнхий сайд өөрөө урьсан. Өмнө нь би дандаа хувийн хэвшилд ажиллаж ирсэн. Мэдээж миний хувьд өөрийгөө сорих хүсэлтэй, нөгөө талаар төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах “даалгавартай”-гаар “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ирж ажиллахыг зөвшөөрсөн. Зөвшөөрөхдөө би нэг л зүйлд ач холбогдол өгсөн. Тэр нь Ерөнхий сайдын хэлсэн “Би хэзээ ч чамаар шударга бус, хууль бус зүйл хийлгүүлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн үг. Энэ үгэнд итгэж хувийн хэвшлээс төрийн компанид ирж ажиллах сонголт хийсэн юм.

-Хувийн компаниас төрийн компанид ирж ажиллахад хамгийн хэцүү юу байсан бэ?

-Хувийн компани болон төрийн компани хоёрт суусан соёл нь тэс өөр байсан. Хувийн компанид хэн ажлаа хийж чадна, тэр үнэлүүлдэг. Төрийн алба бол өөр. Үнэндээ төрийн алба төрлийн алба боллоо гэсэн шүүмжлэл их сонсогддог. Дотор нь ороод ажиллахаар үнэн юм билээ. Улстөрчид, яамдын хурган дарга нар нь тэрийг ажилд ав, энийг тэнд оруул гэж ярина. Гэхдээ миний хувьд хэн нэгэн улстөрчийн эрх ашгийг гүйцэлдүүлсэн удаагүй. Улс төрд хүн таньдаггүй, улстөрчидтэй ойр байдаггүй маань ч хэрэг болсон /инээв/.

-“Эрдэнэс Монгол” компанид ирээд удаагүй байхад чинь танай компани болон удирдлагад асуудал үүсч, таныг оронд нь үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон. Та ямар ч байсан тэр том компанийг даагаад, аваад явж чадсан?

-Намайг анх ирэхэд “Эрдэнэс Монгол” компани дансандаа 21 сая төгрөгтэй байсан. Бүхэл бүтэн улсын стратегийн уурхайнуудыг “эзэмшдэг” компани гэхэд үнэн ядуу. Санхүүжүүлдэг охин компаниуд бүгд тусдаа оффис түрээсэлдэг, тав, аравхан хүний цалинг бодохын тулд нягтлантай, хуульчтай гээд нэгтгээд явчихад асуудалгүй олон зүйл байсан.

Би улс төр уншиж, дүгнэж чадахгүй, мэдэхгүй. Харин тайлан, тоо, уул уурхайн холбоотой асуудлуудыг бол уншина, харна. Алдаа дутагдлыг нь олно. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн бүтцээр Гашуунсухайтын тээврийн орлогоос 96 хувь санхүүждэг компани болгочихсон. Гэтэл цар тахлын үед тээвэрлэлт нь таг зогсоод, ашиг олох нь бүү хэл өр, ширтэй, шүүх дээр олон заргатай гээд тоочвол цөөнгүй асуудал байсан.

Санхүүжилт босгоё гэхэд хайгуул хийгдсэн, эсвэл хөрөнгө оруулагчдад итгэл төрөхүйц бэлэн төсөл байхгүй, охин компаниуд бүгд өртэй, нүсэр бүтэцтэй байсан. Ямар ч байсан би жил орчим үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа хуримтлагдсан тодорхой өр ширийг нь дарж чадсан.

Нүүрсний тээвэрлэлт энэ оны  зургадугаар сараас сайжирч, боомтын үйл ажиллагаа жигдэрч тээврийн хураамжийн орлого өссөн нь  нөлөөлсөн байх. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангахад анхаарч ажилласан. Үр дүнд нь эхний есөн сард шууд 5.8 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна.

-Та хэдийгээр гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн ч “Эрдэнэс Монгол”-д хийж байсан реформоо үргэлжлүүлэн хариуцах юм байна гэж ойлгосон. “Эрдэнэ Монгол” ингэхэд шинэчлэгдэж чадаж байна уу?

-Засгийн газраас 225 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэс Монгол”-ийг нэгдлийн хэмжээнд ажиллуулахаар болсон. Дотроо нүүрс, эрчим хүч, зэс металлын групп гэсэн чиглэлээр ажиллах шийдвэр гаргасан бий. Тиймээс групп компаниуд үйл ажиллагаа, хүний нөөцөө уялдуулах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэн ажиллах боломж бүрдсэн. Энэ хэвээрээ явхад үр дүн гарна аа. Цаашдаа уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болгоход анхаарч ажиллаж байна.

"ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ЗАМ ДЭЭР ТАВЬСАН ПҮҮГ ЭВДЧИХСЭН

-“Эрдэнэс Монгол” компанийг эмэгтэй, мэргэжлийн хүн удирдахад хэцүү байсан болов уу. Өмнө нь дандаа эрэгтэй хүмүүс, тэр тусмаа улстөрчид удирддаг байсан шүү дээ?

-Би мэргэшсэн ажлаа л хийсэн. Засгийн газрын бодлого, чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаа сайжирч, “Эрдэнэс Монгол” өнгөрсөн есдүгээр сарын байдлаар улсад татвар хураамж хэлбэрээр 223.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нэгдлийн хэмжээнд энэ оны хагас жилд 2.5 их наяд төгрөгийн орлого оруулж, 1.7 их наядын зарлага гаргажээ. Хамгийн өндөр ашигтай ажилласан нь “Эрдэнэт”, араас нь “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс силвер”, “Эрдэнэс Оюутолгой” гээд жагсана. Харин бусад охин компаниуд маань бүгд алдагдалтай. Нийт алдагдал 9.8 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрдэнэс силвер ресурс”-ийн тэтгэврийн зээлийг тэглэсэн төлбөр “Эрдэнэс Монгол”-оор дамжсан тул ийм алдагдалтай гарсан.

Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хамгийн сайн дэмжих ёстой компани бол “Эрдэнэс Монгол”. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулахаа Ерөнхий сайд зарласан шүү дээ. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм, Монголын хөгжлийн гол хөшүүрэг гэж харж итгэж байгаа. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, "Тавантолгой"-н нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна.

-Өнөөдөр олон нийтийн дунд хамгийн дуулиан тариад байгаа сэдэв нь нүүрсний хулгай. “Эрдэнэс Тавантолгой” гэх төрийн өмчит компани бол хулгайчдын үүр овоохой болсон юм байна гэсэн ойлголт улс төр, эдийн засаг, нийгэмд өрнөж буй үйл явдлаас  олон нийтэд төрж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани “Эрдэнэс Монгол”-ын харъяанд ирээд жил болж байна. Энэ компанид хулгай нүүрлэжээ гэдгийг та хэзээ “тайлан, тоо”-ноос олж мэдсэн бэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн харъяанд  байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд аваачсан байдаг. Дараа нь 2021 оны 12 сард Засгийн газар буцаагаад “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол”-ын харъяанд авчирсан юм.

Нүүрсний хулгай, луйврыг хууль, шүүх нь тогтоох байх. Компанийн тайлан, тоо харахад бол маш олон асуудалтай байсан.

Жишээ нь, доллар юаны харьцаа 6.9 гэж үзэхэд “Энержи ресурс” компани Ухаахудагаас-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 7 ам.доллараар тээвэрлэдэг. Цагаан хаднаас-Ганцмод хүртэл тээврийн зардалд 5 ам.долларыг төлдөг. Гэтэл “Эрдэнэс Монгол” компани Тавантолгойгоос-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 16-18 ам.доллараар, Цагаан хаднаас-Ганцмод хүртэл 57 ам.доллараар тээвэрлэж байна. Ковид, бөмбөлөг зөвшөөрөл ихтэй үед тээвэрлэлтийн өртөг бүр 1000-2000 юань хүрсэн байсан.

Зөвхөн тээвэрлэлтийн энэ зөрүүг харахад  төрийн болон хувийн компаниудын ялгаа харагдаж байсан. Миний харахад нүүрсний хулгай их олон янз байх шиг байна. Нүүрсний хэмжээ, тээвэрлэлт, ханшийн алдагдал, нүүрсний гэрээний хүүний алдагдал,  уулын ажлын олборлолт, нүүрсний чанар, хаягдал нүүрс отвал, төсөл хөтөлбөр гээд олон зүйлийг хуулийнхэн сайн шалгах ёстой байх. Жишээ нь, хаягдлыг ихдээ гурван хувьд барьдаг, харамсалтай нь "Эрдэнэс Тавантолгой" дээр түүнээс их байсан.  Бас нэг зүйл ярихад “Эрдэнэс Монгол” компанийн зам дээр тавьсан пүү эвдэрчихсэн. Эвдэрчихсэн ч гэж дээ, үнэн хэрэгтээ хэргээр эвдээд хаясан байсан. Энэ мэтээр хулгай, луйвраа хийдэг байсан болов уу гэж бодож байна.

-Тэгээд нүүрсээ юугаар хэмждэг байсан юм бэ. Хэн нэгэн пүүг нь эвдсэн бол камер шүүгээд олчихож болохгүй байсан юм уу?

-Өнгөрсөн хугацаанд зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн амны пүүгийн жингээр нүүрсээ хэмжээд тооцоод явсан гэсэн үг. Замын хяналт гэж тавьсан камерыг нь очоод харахад бараг сүрдмээр. Даанч тэр камерууд нь бүгд ажилладаггүй. Утсыг нь хайчлаад хаячихсан байх жишээтэй.

-Ёстой нүд, чихгүй юм шиг аашилдаг байж дээ?

-Шантрах үе байсан. Зарим хүмүүс өрөөнд орж ирээд зандарна, орилж хашгирна, эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж элдвээр хэлнэ, хараана. Ажил зогсооно, бэрхшээл зохиомлоор гаргана. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр 15 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэр бүгдэд мөнгө зарцуулчихсан. Тэдгээр төслүүд нь хэрэгтэй нь хэрэгтэй, хэмнэх боломжтой нь ч байсан. Хувийн хэвшлийнхэн бол нүүрсээ хямд зардалаар илүү ашигтай ажиллахын тулд төмөр замаа тавина, усны хайгуулаа хийнэ, баяжуулах үйлдвэрээ, барина. Өмнөговьд одоо долоон баяжуулах үйлдвэр баригдсан байна. Үүний  зургаа нь нойтон, нэг хуурай аргаар баяжуулах үйлдвэр. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" нэг ч үйлдвэргүй бариагүй  арваад жил болчихсон байна. Монголчууд саалиа бэлдэхээ саваа бэлд гэж ярьдаг шүү дээ. Нүүрсээ зөөж, мөнгө олохын тулд төмөр замаа тавихаас өөр аргагүй. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компанийг анх байгуулсан цагаасаа төмөр замаа тавиагүй, нүүрс угаах үйлдвэрээ бариагүй орхичихсон, яагаад юм бүү мэд.

Би хувьдаа төсөл хөтөлбөрөө үр ашгаар нь ангилж, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж чадаагүй цаана нөгөө яригдаад байгаа хулгай, луйвар бий байж магадгүй гэж хардсан. Би зөвхөн хардлагаа хэлж байна, хууль, шүүхийн хүн биш шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн жил нэг их наядын борлуулалт хийсэн, гэтэл зарлага нь мөн нэг их наяд. Ийм байхад яаж компани үр ашигтай ажиллах билээ.

МАНАЙ ТӨРИЙН КОМПАНИУДЫН ЗАХИРЛУУД ТӨРИЙН ОРДОНД УЛСТӨРЧДИЙН ҮҮД, ӨРӨӨГ САХИЖ ӨНЖДӨГ

-Ер нь төр муу менежер гэдэг. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” дээр илэрч байна, үүнтэй та санал нийлэх үү?

-Төр муу менежер биш байх боломжтой, зөвхөн гагцхүү нээлттэйгээс нээлттэй үед.  Данс нь шилэн, үйл ажиллагаа нь нээлттэй, засаглал нь ил тод үед төрийн компаниуд  хүчирхэг гигантууд болох боломжтой. Мэдээж, мэргэжилийн баг, элдэв дарамт шахалтгүй, улс төрөөс хараат бусаар ажилласан тохиолдолд шүү дээ. Учир нь төрийн компанийн ард Засгийн газар нь баталгаа болж байдаг. Хямд эх үүсвэртэй мөнгө олох боломжтой. Энэ утгаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтрах, том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх мөнгө босгоход Засгийн газар нь баталгаа болж байдаг.

Харин манайд мэргэжлийн хүмүүс гэхээсээ улстөрчид, улс төрийн намуудын хүмүүс төрийн компаниудад томилогддог. Үүнээс болоод төр муу менежер, төрийн өмч бол хулгайн өмч гэсэн ойлголт олон нийтэд төрчихсөн байна.  “Эрдэнэс Тавантолгой” уг нь Засгийн газрын баталгаатай, том компани. Харамсалтай нь, удирдлагууд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, банкууд хүлээн зөвшөөрөхүйц ТЭЗҮ боловсруулах,  компани дээрээ гадаадын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар ерөөсөө явдаггүй байсан юм шиг санагдсан. Ихэнхдээ манай төрийн компаниудын захирлууд төрийн ордонд улстөрчдийн үүд, өрөөг сахиж өнждөг нь гэм биш болчихсон, уул нь банк санхүү, гадны хөрөнгө оруулагч нартай л уулзаж явах ёстой шүү дээ. Хэзээнээсээ ийм байсан байх, зөвхөн өнөөдрийг яриагүй шүү гэдгийг ойлгоорой. Мөн төрийн компаниа хэрхэн сайжрууулах вэ гэж бодож яваа удирдлагууд бий, бий.

– “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ сорчилж зараад дуусч байгаа гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н үе үеийн удирдлагуудад тавих асуулт байна. Үнэндээ “Эрдэнэс Тавантолгой”-н тээвэрлэж байгаа нүүрсний 20-30 хувь нь шороо. Бид тээврийн асар өндөр үнэ төлөөд шороо тээвэрлэж байна гэсэн үг.

Баяжуулах үйлдвэрээ яагаад яаралтай ашиглалтад оруулаагүй шалтгааныг мэдэхгүй. Урд хил гарахад хэд хэдэн байжуулах үйлдвэрүүд баригдсан байгаа, манай сайн чанарын түүхий нүүрсийг өөр чанарын нүүрстэй холиод хэд дахин ашигтай ажиллаад тээвэрлээд шат болгон дээр нь манай алдагдсан боломжууд дээр ашигтай ажиллаад байна.

Хайгуул судалгаа, уурхай, баяжуулалт, тээвэр гээд тус бүрдээ маш нарийн тооцоо, тооцоололтой явах ёстой. Ямар ч байсан нүүрсээ сорчлоод зарж байгаа нь үнэн.  Анхнаасаа, байгуулагдсан цагаасаа “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ сорчлоод зарсан. Нүүрсээ сорчлоод зарна гэдэг орд газрын үнэ цэнэ буурч байна гэсэн үг.

-“Эрдэнэс Монгол”-ын хийх ёстой нэг ажил нь баялгийн нөөцөө нэмэгдүүлэх. Хувийн компаниуд бол аль болох нөөцөө нэмэгдүүлэхэд багагүй анхаардаг. Та компани хайгуулын ажил хэр хийж байна?

-“Эрдэнэс Монгол”-ын хувьд ураны төслийг удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ Монголд хайгуулын ажил удааширсан. Энэ нь Монголын уул уурхайн салбарт шинээр хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. 1990, 2000 онд эрж хайсан нөөцөөрөө л Монгол Улс явж байна. Улс орны хувьд нөөцөө нэмэгдүүлэх, нөөцөө олж тогтоох ёстой. Энэ утгаараа цаашдаа олборлолтоос гадна баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, тогтооход анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Ямар нэг ашигт малтмалын нөөц шинээр илрүүллээ гэхэд орд болох боломжтой юу, эдийн засгийн үр өгөөжтэй юу, ашиглахад технологийн хувьд хэр хүндрэлтэй юм бэ гээд олон зүйлсээс хамаарна. Хугацаа, хүн хүч, мөнгө маш их зарна. Гэтэл тэр бүгдийг 10 хүн очоод зогсоочихлоор үнэхээр харамсалтай. Монголын уул уурхайн салбарт ашиглаж буй зарим технологи маш хуучирсан. Уул уурхайн салбарт технологийн шинэчлэлт маш их хэрэгтэй байна. Мэдээж, хувийн хэвшлийнхэн технологийн шинэчлэлийг ашиглаж байгаа байх. Төрийн компаниудын хувьд технологийн шинэчлэл хэрэгтэй, зардал буурна бүтээмж сайжирна.

Хайгуулын ажил зардал зуун хувь эрсдэлтэй. Мөнгөө шороонд зүгээр “хаячихаж” болно. Тэндээс алт, мөнгө, ашигт малтмал олж болно. Тиймээс хайгуул хийсэн болгоныг баялгийн хулгайч, луйварчин гэж харах хэрэггүй. Хөрөнгө оруулагч, бүтээгч, хулгайч гурваа ялгаж салгахгүйгээр бүгдийг нь хамруулах нь буруу.

-Шинэ төсөл хэрэгжих бүрт гацаадаг, нураадаг бүлэг хүмүүс бий боллоо. Төр иргэддээ зөв мэдээлэл өгөхгүй бол төсөл хөтөлбөр нь явахгүй байна?

-Салбарын яам, агентлагуудын хийх ёстой бодлогын ажил. Ашигт малтмалаа ашигласнаар ямар ач холбогдолтой болохыг таниулах ёстой, мэдлэг мэдээллийг өгөх ёстой. 1 гараараа лиценз зөвшөөрлөө өгөөд нөгөө гараараа түлхээд байж болохгүй, хамтраад л ажиллах ёстой. Уул уурхайн компани ПР хийх зардалаа татвартаа улсдаа төлж байвал бидэнд л хэрэгтэй баймаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж