Сурвалжлага: Сарын цалингаараа даашинз авч хүрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сарын цалингаараа даашинз авч хүрэхгүй байна

Сурвалжлага: Сарын цалингаараа даашинз авч хүрэхгүй байна

Хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг баяр бол шинэ жилийн баяр билээ. Хэдий эдийн засаг хямралтай, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа ч иргэд шинэ жилийн баяраа өргөн тэмдэглэж байна.

“Гранд плаза” худалдааны төвөөр ороход шинэ жилийн баярын даашинз өлгөсөн лангууг зорих иргэд тасрахгүй байлаа. Шинэ жилийн баяртаа бэлтгэсэн охид, бүсгүйчүүд гоёлынхоо эрэлд хэдийнэ гарчээ. Тэд бие биедээ ямар даашинз худалдаж авахыг зөвлөнө.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодоход хил гааль дээр бараа, бүтээгдэхүүн гацах асуудалгүй болжээ. Захиалсан бараа, бүтээгдэхүүн сарын дотор ирж байгаа гэнэ. Охид, бүсгүйчүүдийн төсөөлөн бодсон чамин загварууд өнгө, размерын өргөн сонголтоор худалдаалагдаж байна. Бие барьсан торон даашинз, хэзээ ч "мода"-наас гардаггүй хар өнгө, нүд гялбам пластик оруулгатай, шинэлэг неон өнгөтэй, эмэгтэйлэг байдлыг илүү тодотгох нуруу ил гарсан гээд төрөл төрлийн загвартай даашинз өлгөөстэй харагдана. Энэ жилийн тренд дээгүүрээ өд, сөдтэй богино даашинз гэнэ. Их гялгар чимэглэлгүй богино учир энгийн чамин харагдуулдаг аж. Үнийн хувьд материал, загвараасаа шалтгаалаад 250-350 мянган төгрөгийн үнэтэй байв.

Түүнчлэн хослол бол ажил хэрэгч, элдэв чимэглэлд дургүй, даруухан харагдах хүсэлтэй охид, бүсгүйчүүдийн сонголт байдаг. Даашинз аваад өмсөх нь ховор учир хослол авах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Гоё ганганыг бишрээд хадгалах бус, дараа нь өмсөх боломжтой. Энэ жил бүсгүйчүүд цагаан өнгөтэй хослол түлхүү сонгож буй нь харагдав. Мөн халуухан харагдах хүсэлтэй охид, бүсгүйчүүд цээж задгай, өгзөг бага зэрэг давсан улаан өнгөтэй жакет сонирхож байлаа. Үнийн хувьд 250-600 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

Торгомсог, гэрэл гэгээтэй атлас, силкээр хийсэн даашинзууд одоо ч трендээ алдаагүй бололтой. Харин охидын мөрөөдлийн, дэрвэгэр хормойтой сиси даашинз 699-898 мянган төгрөгөөр зарагдаж байна. Бүсгүйчүүдийн хувьд ихэнх нь 250-350 мянган төгрөгийн  даашинз худалдан авч байгаа бол 400 мянган төгрөгөөс дээш үнэтэй даашинз сонгох нь цөөхөн байгааг худалдагч хэлж байсан юм.

Худалдагч бүсгүйн хэлснээр насны онцлогоосоо хамаарч сонголт нь өөр. Урт, торгомсог материалтай, шигтгээ болон бусад гоёлын оруулгатай даашинзуудыг 45-аас дээш насныхан сонгодог байна. Харин охид, бүсгүйчүүд биеийн галбираа ил гаргасан богино даашинз сонирхдог аж. Туркээс орж ирсэн гэгдэх дээрх даашинзууд иргэдийн худалдан авалт муугаас шалтгаалан хямдарч 180-380 мянган төгрөгийн үнэтэй болжээ.

Нэгэн худалдагч "Иргэдийн худалдан авалт жилээс жилд маш муудаж байна. Ихэнх худалдаачид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж байна. Одоо сезон нь эхлээд дуусах шатандаа орж байхад тал даашинзаа ч зараагүй байна. Өдөртөө 3-6 даашинз зарж байна" гэв. Бусад худалдагчид "Өмнө нь өөрсдөө сонголтоо хийгээд авч ирдэг байх үед сайхан байж дээ. Харин одоо бараа, бүтээгдэхүүн захиалгаар, олон дамжлагаар ирж байгаа учир үнийн хувьд тогтворгүй. Мөн захиалсан бараа материалын хувьд өөр ирж, сэтгэлд нийцэхгүй байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед иргэдийн худалдан авах чадвар буурсан" гэж хэлж байлаа.

Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед өр зээлээ дарахын төлөө хөдөлмөрлөж байгаа залуусын хувьд сарын цалингаараа ганц удаа гангарах хувцас авна гэдэг бараг л боломжгүй. Энэ нь мэдээж гоёлын даашинзны түрээсийн үйлчилгээ бий болгоход хүргэсэн биз ээ. Тус худалдааны төвийн худалдагч “Иргэдийн худалдан авалт муу байгаагаас үүдэн бараагаа дарж ашиггүй суухаар  даашинзуудаа түрээслүүлж байна. Уг нь худалдах нь бидэнд илүү ашигтай. Зүгээр л өдөржин лангуу ширтээд, ямар ч ашиггүй суухгүйн тулд иймэрхүү аргаар мөнгө олж байна. Даашинзуудаа 50-100 мянган төгрөгөөр түрээсэлдэг” гэсэн юм.

Харин “Гоёлын даашинз-прокат” түрээсийн цахим хуудас руу орвол олон бүсгүй даашинзны үнэ сонирхжээ. Төрөл бүрийн загвартай даашинзууд байх бөгөөд өдрийн 40-90 мянган төгрөгөөр түрээслэх аж. Даашинзны адил өндөр өсгийтийг ч хамт түрээсэлдэг байна. Өндөр өсгийтийн хувьд хийцээс хамааран 15-30 мянган төгрөгийн хооронд байв. Ингэхдээ тухайн иргэнээс иргэний болон жолооны үнэмлэх, түрээсийн үнийн дүнгээс хамаарч 10-20 мянган төгрөгийн хамт авч үлддэг байна.

"Үс сайхан бол зүс сайхан" хэмээн ярьдаг. Энэ жилийн тренд үсний засалт баруун, зүүн аль нэг тийш налуулж хагалан дээш шууж боогоод, сувдан шигтгээ наах гэнэ. Мөн бүтэн болоод үзүүр хэсгийг ороолгох хүсэлтэй охид ч бий. Баярын гоёлын үс засалт 25-150 мянган төгрөгийн үнэтэй байна.

Мэдээж хэн хүнгүй хөөрхөн харагдахын тулд гоёмсог нүүрний будалтаар чимдэг. Туршлагагүйн улмаас таарсан газраа буудуулчхаад гоё хувцастай ч нүүрний будалт тааламжгүй сэтгэл дундуур байх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс нүүр будалтыг аль болох эртнээс судалж, өөртөө тохирох артистыг олж мэдэх хэрэгтэй аж. Энэ жил хөнгөн шаргал өнгө, цагаан контур, нүдний хөнгөн будалтын дээгүүр сувдан шигтгээ наах нь тренд болоод буй гэнэ.

Хумс гоё байх нь гарыг сайхан харагдуулдаг нь нууц биш. Энэ жилийн хувьд охид, бүсгүйчүүд саатай болоод сувдан шаргал өнгөөр будуулах нь элбэг байгаа аж. Гарын маникюрын хувьд энгийн, гоёлын будалт, шигтгээ, чимэглэл, хумс хийлгэхээс хамаарч дундаж үнэ 20-60 мянган төгрөгийн хооронд байна.

Хөөрхөн болоод өөрийн сэтгэлд нийцсэн чамин даашинз өмсөөд зэгзгэр алхах нь бүсгүй хүн болж төрсний хамгийн чухал баяр баясгалант мөчүүдийн нэг билээ. Илүүдэл үсийг арилгах вакс үйлчилгээний хувьд бүтэн бие, гар, хөлөөс хамаарч 10-45 мянган төгрөгийн хооронд байгаа аж.

Үүнээс үзэхэд даашинз, өсгийт түрээслэн шинэ жилд орвол хагас сарын цалинтай дүйцэхүйц байна. Харин даашинз, өсгийт ээмэг, зүүлт зэргийг худалдан авбал бүтэн сарын цалин ч хүрэлцэхээргүй болжээ.

 

Б.НАРАНГОО
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж