Түрээсийн скүүтерээ дугуй шиг алдахгүйн тулд гэрээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Түрээсийн скүүтерээ дугуй шиг алдахгүйн тулд гэрээ хийнэ

Түрээсийн скүүтерээ дугуй шиг алдахгүйн тулд гэрээ хийнэ

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг ардын үг бий. Гэвч өнөө цагт урьтаж төлөвлөдөг ч хэрэгждэггүй олон ажлын жишээ бол түгжрэлийг бууруулах ажлууд. Хариуцсан эрх бүхий сайд нь олон жилийн туршид үүссэн нөхцөл байдлыг одоо ганцхан жилийн дотор мөнгө байсан ч шийдэж чадахгүй талаар ам алдсан. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ чанаржуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлттэй уялдуулж ирэх онд илүү бүтээлч зохион байгуудалттайгаар түгжрэлийг бууруулах юм.

Түүний нэг арга нь дулааны улиралд иргэдийн хувийн унааны хэрэглээг хязгаарлаж, хямд зардлаар түгжрэлийг багасгах. Энэ бол түрээсийн скүүтер.

Өнөөх алдарт дүүжин тээвэр, LRT, метро зэргийг бодвол хямд. Гэлээ ч адилхан үйчилгээ болох түрээсийн дугуйтай харьцуулахад төдийлөн амжилт  олохооргүй. Тиймдээ ч олон зуун түрээсийн дугуй алдсан түүхээ давтахгүйгээ албаныхан онцолсон. Тодруулбал, түрээслэгч иргэн скүүтер авсан тохиолдолд хэн нэгэнд дамжуулахгүй бөгөөд зөвхөн өөрөө хэрэглэж, буцааж өгөх аж. Үүнийг хариуцлагын гэрээнд тусгах юм байна.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ИРЭХ ХАВАР 1000 СКҮҮТЕР ТҮРЭЭСЛЭНЭ

Уаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг ирэх оны 4-5 дугаар сараас нэвтрүүлэхээр төлөвлөж буй.

2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтер оруулж ирэх аж. Одоогоор түрээсийн үнэ нь гараагүй байна.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр, дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрнэ. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг.

Тус скүүтер нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй учраас 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой.

Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа гэсэн юм. Эхлэл, төлөвлөгөөг ийн сайнаар хэлдэг ч үйлчилгээ чанар, хүртээмж, хяналтгүйгээс төр, хувийн хэвшил аль аль нь хохирсон тохиолдол бий.

Эргэн сануулбал, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг.

Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавьсан. Гэхдээ хангалттай бус байгааг иргэд хэлдэг. Замаа дагаад ашиглах нөхцөлд тохирсон хэрэгслийг ч нийтэд хүргэхийг оролдсон ч энэ нь амжилт олоогүй.

Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй түрээсийн дугуйн Ubike төсөл 2021 оны намрын улирлын нээлтээ хийсэн. Тус дугуйн хуваалцлын системийн хүрээнд 21 байршилд 100 гаруй дугуй үйлчилгээнд гаргаж, нийслэлд байгаа болон шинээр баригдаж буй дугуйн замын трассуудтай түрээсийн үйлчилгээгээ холбосон билээ. Гэвч хариуцлага, хяналтын систем хангалтгүйгээс гадна иргэдийн ойлголт дутуугаас Улаанбаатарт тус үйлчилгээ утгаараа хэрэгжиж чадаагүй.

БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН Ч ТУРШИЛТААСАА ДАВАХГҮЙ АЖИЛД ТӨСӨВ ЗАРЦУУЛААД БАЙХ НЬ УТГАГҮЙ

Мэдээж иргэд автомашины хэрэглээнээс аль болох татгалзах, нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг нь дэмжих чиглэлд Нийслэлийн удирдлага явган хүний болон дугуйн замыг засч, шинэчилж буй. Мөн скүүтерээр зорчих зам, боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг ажлыг ирэх жил үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн.

Гэхдээ мянга бэлтгэл ажлаа хангасан ч туршилтаасаа давахгүй ажилд төсөв зарцуулаад байх нь утгагүй.

Үнэхээр хэрэгжиж иргэд хариуцлагатай байвал түгжрэлээс гарах шийдэл мөн үү гэвэл мөн. Харин өмнөх дугуй шиг үйл явдад давтагдвал ашиггүй. Ирэх жил хэрэгжүүлэх скүүтер түрээсийн үйлчилгээнд зориулж Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу тусгай зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликэйшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах боломжтой аж.

АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” загварын уг скүүтер:

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой
  • Усны хамгаалалттай
  • 13 ампер, сольдог зайтай
  • Байршил тогтоогчтой
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай
  • 25 градус налууд өгсөх чадвартай
  • 16 градуст ажиллах
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах
  • Гар утасны аппликэйшнтэй хоршин ажиллах боломжтой аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж