Улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдсээр байгаагийн улмаас өнгөрсөн Даваа гаригт алтны үнэ бага зэрэг хөдлөв. Харин Хятадын эдийн засаг дахин нээгдэнэ гэсэн итгэл найдвар зэсийн үнийг өсгөж, сүүлийн үеийн алдагдлаа тодорхой хэмжээгээр нөхөхөд тусалж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын төв банк зэрэг томоохон төв банкууд бодлогын хүү улам өсөх хандлагатай байгааг илтгэж байгаа тул металлын зах зээлийн хэтийн төлөв бүрхэг хэвээр байна.
Энэ онд хүүгийн өсөлт металлын зах зээлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд энэ нь өгөөжгүй хөрөнгө, ялангуяа алт болон бусад үнэт металл эзэмших зардлыг өсгөсөн. Сүүлийн хэдэн долоо хоногт Холбооны нөөцийн сангаас хүүгээ бага хэмжээгээр өсгөсөн нь алтны үнэд ашигтайгаар нөлөөлсөн ч жилийн хугацаанд 1 хувиар буурсан хэвээр байна.
Оросууд Украин руу довтолсон энэ оны эхэн үед алтны ханш оргил үедээ хүрч өссөн. Мөн АНУ-ын эдийн засгийн болзошгүй уналт нь шар металлын үнэ бага зэрэг өсөхөд нөлөөлжээ.
Хөрөнгө оруулагчид өндөр инфляци, зээлийн хүүгийн өсөлт 2023 онд эдийн засгийн уналтыг өдөөнө гэж болгоомжилж байна.
Спот алтны үнэ унци нь ойролцоогоор 1,793.55 ам.доллар байсан бол орой бирж хаах үеэр алтны фьючерс 0.2 хувиар өсч, 1,802.90 доллар болжээ.
Жилийн үлдсэн хугацаанд үнэт металлын үнэ бага зэрэг өсөх төлөвтэй байгаа юм. Даваа гаригт ам.долларын ханш буурч, цагаан алтны фьючерс хэлцэл 0.7 хувиар, мөнгөний фьючерс хэлцлийн үнэ 0.6 хувиар өссөнөөр бусад үнэт металлын үнэ даган нэмэгдэв. Хоёр металлын үнэ мөн жилийн хугацаанд бага зэрэг өндөр арилжаалагдсан байна.
Аж үйлдвэрийн металлуудын дунд 2023 онд Хятадад нийлүүлэлтээ өсгөж, эрэлтээ сайжруулна гэж зах зээлүүд мөрийцсөнөөр зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт огцом уналтаасаа сэргэж, Даваа гаригт өссөн байна.
Зэсийн фьючерс үнэ бараг 1 хувиар өсч, унци нь 3.8063 ам.доллар болжээ.
Гол импортлогч Хятад улс COVID-ийн эсрэг хатуу бодлогоо сулруулснаар 2023 онд эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл найдвар улаан металлын өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ ойрын хугацаанд COVID-ийн хязгаарлалтыг сулруулсан нь тус улсад халдварын тархалтыг нэмэгдүүлж буй тул зах зээл дээр тогтворгүй байдал нэмэгдэх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч сүүлийн үеийн худалдааны тоо баримтаас харахад Хятадын зэсийн импорт энэ онд тогтвортой өссөн. Учир нь дотоодын үйлдвэрлэгчид сүүлийн үеийн үнийн сул талыг худалдан авах боломж болгон ашиглаж байна.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ