Орлогын эх үүсвэрээ тайлагнахыг шаардах уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Орлогын эх үүсвэрээ тайлагнахыг шаардах уу?

Орлогын эх үүсвэрээ тайлагнахыг шаардах уу?

ТОГТООГЧИД

Монголын авлигын асуудал анхаарлын төвд байна. Улстөрчид нэгнээ хардаж, ам нээвэл амиа хоохойлонгоо бусдыгаа авлигачаар дуудав. АТГ ч нэр бүхий хүмүүсийг зарласан. Хэрэгт холбогдоод буй хүмүүсийн хэд нь ч гараад явчихав. Асуулт асуувал мөрдөн байцаалтын нууцаар бултаж, асуудал гарвал авлигын хэрэг нь тогтоогдсон гэж зарладаг энэхүү байгууллага хөндлөнгийн нөлөөгүй, улстөрчдийн захиалгагүй ажилладаг гэхэд бэрх.

Үе үехэн жараахай урхидахаа байгаад “аварга загас” агнаач гэвэл прокурор, шүүх рүүгээ аятайхан чихнэ. Авлига авсан, идсэн, уусныг нь тогтоогоод явуулахаар тэд л хэрэгсэхгүй болгочихдог юм байх. Үндсэн хуулиар зөвхөн шүүх л гэм буруугүй эсэхийг тогтоох ёстой байтал давхар тогтоогоод, тэр нь шүүхээр тогтоогдохгүй бол шүүхийн буруу болоод өнгөрөх жишээтэй. Сүржин эхлээд даржин төгссөн ийм түүх бишгүй л бий. Шүүхээс очихоос нь өмнө мөнөөх шалгуулж буй нөхрийг шавартай хутгаад эргээд нэрийг нь цэвэрлэдэггүй нийтлэг жишиг бишгүй бий.

АВЛИГЫГ ХҮЛЦЭХ ҮҮ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮҮ?

Сүр дуулиантай эхэлсэн хэргүүд замхрах тоолонд иргэдийн итгэл алдрах ажээ. Байгаагаа бариад, бүсгүйгээ буцаан авахад туслахыг хүссэн их хааныгаа өнөөдөр авлигыг өөгшүүлсэн хүн мэтээр ярих нь энүүхэнд болжээ. Монголд авлигын өртөг шингээгүй зүйл ховордсон төдийгүй түүнийг байх ёстой хэвийн зүйл мэтээр харж, бүхнийг түүндээ уусгадаг болсны илрэл нь энэ гэлтэй. Авлига хэвийн үзэгдэл гэдгийг улстөрчдийн хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрснийг чуулганы танхимд тэдний нэгнээ том, бага хулгайчаар нь дуудаж буй хэрүүл хэлээд өгөх шиг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнийг жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Ирэх оноос шууд хариуцлага тооцож эхэлнэ. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэсэн юм. Мушгисан хүнд энэ үг өмнө нь огтоос хариуцлага тооцож байсангүй гэж ойлгогдох нь дамжиггүй. Гэхдээ өнгөрснийг орхиод тэмцэх нь чухал. Тиймээс ч тэрбээр “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлсэн нь дамжиггүй.

Тэрбээр өчигдөр УИХ дахь бүлгийнхээ хуралдаанд оролцохдоо нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон гишүүдээ өөрсдийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгдсэн байна. Энэ нэг талаар шахалт үзүүлж буй хэрэг мөн боловч нөгөө талдаа иргэдийн хүсээд, зарим улстөрчдийн хэлээд байгаа шиг жинхэнэ эздийг нь илрүүлэхгүй бол авлигатай хийх тэмцэлд бууж өгч, хүлээн зөвшөөрсөн хэрэг болох нь дамжиггүй. Мэдээж авлига, албан тушаалын хэрэг Монголыг аалзны тор мэт хэрсэн бол одоо л Ерөнхий сайдад дэмжлэг хэрэгтэй. Хэлэх нэг хэрэг, хийх өөр хэрэг.

БЭЛГЭДЛИЙН МЭДҮҮЛЭГ

Нийгмээрээ ядуу, тарчиг, цалингаас цалингийн хооронд зээл тавьж амьдарч байхуйд зэвүү, дургүй хоёр зэрэг хүргэдэг зүйл нь төрийн албан тушаалтнуудын жил болгон тайлагнадаг Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг. АТГ үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш энэ мэдүүлгийг авч ирсэн. Гэвч… Тэрхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг ёс төдий шалгадаг. Эсвэл хэн нэгэн этгээд гомдол гаргахгүй л бол тайлагнаад өнгөрдгөөс төрөөс тэрбумтнууд төрсөөр иржээ.

Тухайн хүний хөрөнгө, орлого хууль ёсны юу эс бөгөөс хууль бусаар хөрөнгөжсөн байна уу гэдгийг өнгөрсөн хугацаанд тогтоож, шалгасангүй. Тиймээс л УИХ-д сонгогдсон, сайд, дарга нар өөрөө биш юмаа гэхэд ойр дотныхон нь эрс хөрөнгөждөг. Хэдэн зуун сая, тэрбумаар орлого нь нэмэгдэхийг бид жил бүр харсаар сууна. Хараагаад л өнгөрдөг…

Бизнесүүд дампуурч, модоо барьтлаа эдийн засаг унасан жилүүдэд ч тэдний орлого тэрбум тэрбумаар өсөөд байдаг нь “но”-той. Учир нь Авлигын эсрэг хуульд ХОМ-гээ худал мэдүүлсэн бол сарын цалинтай тэнцэх, гурван сар 30 хувиар торгох гэх мэтчилэн хөгийн заалттай. Хөрөнгө орлогын эх үүсвэрийг нь шалгадаг, шинжилдэг хууль даан ч алга. Түвдэнгийн Борыг дууриан мэндчилгээ дэвшүүлдэг нэгэн Засаг даргыг олоон жилийн өмнө хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гэж цалингийн 30 хувиар торгох шийдвэрийг дээд шатны Засаг дарга нь гаргаж байсан. Дүүргийн төсвийг атгаж буй нөхөрт цалингийн 30 хувь шагнал уу, шийтгэл үү гэдгийг бодох л асуудал. Тиймээс бэлгэдлийн шинжтэй мэдүүлгийг ирээдүйд олох орлогоо тооцоолж бөглөдөг тухай яриа хүртэл гарчээ. Цүнх баригчид хүний юмаар хүүдэгнэж, танил талынхаа үнэтэй машинаар гангарч, үнэтэй ресторанаар яваад байдаг нь анхнаасаа бийлэгжүү харагдах ах нарын заасан эрдэм гэнэ лээ.

УРДААС СУДЛУУШТАЙ

Нүүрсний хулгайн тоо баримтыг тулгахын тулд БНХАУ-д хандсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдсэн. Авлигатай хийж буй тэмцлийн мэдээгээрээ алдаршаад буй урд хөрш маань жилдээ хэдэн мянган төрийн албан хаагчийг авлигын хэргээр шоронд хорьсон статистик гаргадаг.

Тэдний гол нийтийн сүлжээ болох Wechat-д тав, зургаан жилийн өмнө зургаа авхуулах шинэ хэв маяг дэлгэрсэн бөгөөд тэр нь бугуйн цагаа нуун барьж зогсох байв. Учир нь, төрийн албан тушаалтнуудын үнэтэй цагийг баримтжуулан ямар эх үүсвэрээр авснаа нотлохыг шаардах болсон бөгөөд хэрэвзээ нотолж чадахгүй бол улсын орлого болгон хураан авч, шоронд хийх болжээ. Ийм мянгаар олон хүн шийтгүүлсэн бөгөөд дарга нар хуучны адил үнэтэй цаг зүүхээ байж, үндэсний үйлдвэрийн энгийн цаг зүүх болсон ч цагаа нуудаг рефлекстэй болсон аж.

Өөрсдийн хууль, хяналтынхандаа итгэх итгэл алдраад буй энэ үед өмнөд хөршдөө хандах нь хэргийг илрүүлэхэд дөхөм болж болох ч бид өөрсдөө асуудлаа шийдсэн нь хал багатай. Насаараа шударгаар бизнес хийсэн нэгэн хүртэл авч дийлэхгүй хэдэн зуун саяар тооцогдох цаг бугуйндаа зүүчихсэн, брэндээр өвчилж, үнэтэй төмөр хүлэг хөлөглөдөг улстөрчдийг ямар эх үүсвэрээр тэгж тансагладаг вэ гэдгээ тайлагнаж, орлогоо хуудуутай, хулгайн эх үүсвэр биш гэдгээ нотолж, чадахгүй бол улсын орлого болгож, хариуцлага тооцдог больё. Авлигын мөнгөөр үл хөдлөх аваагүй, өөрийн хамааралтай компанийн орлогыг огцом өсгөөгүй гэдгийг нь нотлуулая. Тиймээс орлогын эх үүсвэрээ тайлагнадаг, түүнээс татвар төлсөн эсэх, ямар арга замаар олсноо нийтэд мэдээлдэг болохыг төрийн өндөр албан тушаалтнуудаас бүгдээрээ шаардмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж