Тариаланчид хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Тариаланчид хуралдав

Монголын Тариаланчдын холбооны /МТХ/ тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж,  МТХ-ны  тэргүүн Р.Содхүү, Монгол Улсын Гавъяат агрономч Ц. Өөлд,    Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын  “Шаргал тариа“ ХХК-ийн захирал, Гавъат механикжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж. Авирмэд,  Сайхан сумын “Газрын-Ундарга” ХХК-ийн захирал, Монгол Улсын Гавъяат агрономч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан, Ерөө сумын “Их Шинэстэй”  ХХК-ийн захирал, Монгол Улсын гавъяат механикжуулагч С.Ганболд, Цагаан нуур сумын “Товхонхан” ХХК-ийн захирал З.Батчулуун, “Атартрэйд” ХХК-ийн захирал Ө.Чимиддорж, Алтанбулаг сумын “Баян-Ундрага” ХХК-ийн захирал Ё.Саранцэцэг, Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК-ийн захирал Ш.Рэнцэндорж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан тооронт” ХХК-ийн захирал А.Бадмаанямбуу, “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн захирал Ц.Энхжаргал, Булган аймгийн Сэлэнгэ сумын “ИНТОСЭ” ХХК-ийн  захирал Б.Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Алтан дуулга” ХХК-ийн захирал Д. Дуламсүрэн зэрэг МТХ-ны тэргүүлэгч гишүүд  оролцов. 

        МТХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанаар холбооны дээд байгууллага болох Монголын тариаланчдын чуулганыг ирэх 2011 оны нэгдүгээр улиралд зарлан хуралдуулахаар тогтсон байна. Чуулганаар “Тариалангийн үйлдвэрлэлийг цаашид тогтворжуулан хөгжүүлэхэд тариалан эрхлэгчдийн бизнесийн орчинг нэн таатай болгох тухай” асуудлыг авч хэлэлцэхээр шийдвэрлэв.

    Мөн хуралдаанаар 2010 оны улсын ургац хураалтад оролцогч талуудын улаанбуудай бэлтгэн нийлүүлэх, худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, талуудын эрх ашиг, сонирхлыг хүндэтгэж, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох зорилгоор ургац хураалтад оролцогч байгууллагууд болох ХХААХҮЯ-ны Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан /ТЭДС /, ЗТБХБЯ-ны Тээврийн  Газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Стандарчилал, хэмжил зүйн газар, Монголын Тариаланчдын холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн  төлөөллийг оролцуулсан харилцан зөвшилцөх Салбар хуралдаанаар хэлэлцэн тохиролцох, МТХ-ны санаачлан боловсруулсан  “Үндсэн нөхцөлүүд”-ийг саналыг Улсын Ургацын Комиссын дарга, ХХААХҮЯ-ны сайд Т. Бадамжунайд хүргүүлэхээр тогтсон байна.
    Уг саналд 2010 онд тариаланчдаас нийлүүлэх хүнсний улаанбуудайн нэг тоннын үнийг 350.0 мянган төгрөгөөс доошгүйгээр тогтоох, урамшууллыг хэвээр байлгах, буудайн тээврийн хөлсийг худалдан авагч тал хариуцах, стандартын үндсэн шаардлагууд буудайн чийгшилт, тарианы болон хогт хольцын хэмжээ, тариаланчдын нийлүүлсэн буудайн төлбөр тооцоог хийх нөхцөл зэргийг харилцан зөвшилцөж тохиролцохоор  тусгасан байна.   

Тус хуралдаанд Монголын тариаланчдын холбооны тэргүүн  Р.Содхүү болон холбооны удирдах зөвлөлд хандаж Монголын тариаланчдын холбооны гишүүн 54 аж ахуйн нэгж, 12 тариаланч гарын үсэг зуран тамга даран баталгаажуулж ирүүлсэн албан шаардлагыг танилцуулан хэлэлцүүлсэн байна. Уг албан шаардлагад МТХ нэгдсэн журмаар  Атрын III аяны жилүүдэд зарим төрийн захиргааны төв байгууллага, бизнесийн нэгжүүдийн эрх тушаалтнуудын буруутай шийдвэрийн уршгаар тариаланчдад учруулсан хохирлыг хэн буруутай этгээдээр төлүүлэхээр хууль хяналтын байгууллагуудад хандаж нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэнийг тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргажээ гэж Монголын тариаланчдын холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж