МАН он гаргаад Үндсэн хуулийн өөрчлөлтөө эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

МАН он гаргаад Үндсэн хуулийн өөрчлөлтөө эхлүүлнэ

МАН он гаргаад Үндсэн хуулийн өөрчлөлтөө эхлүүлнэ

Нүүрсний хулгайн асуудалтай холбоотой үүссэн энэ бүх асуудал өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал, сонгодог парламентын тогтолцоотой болоогүйн алдаа гэж эрх баригчид дүгнэж буй. Тэгвэл эрх баригчид шинэ он гарахтай зэрэгцэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийн гишүүддээ танилцуулжээ. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхийн өмнө ард түмний, улс төрийн намуудын, эксперт, шинжээчдийн томоохон хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.

Өөрөөр хэлбэл, ирэх нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, эсвэл Үндсэн хуулиа шинээр батлах уу гэдгээ ард иргэдээсээ асууж, улс төрийн намуудтай зөвшилцөж байж хийхээр төлөвлөж байгаа аж, эрх баригчид. Ийм эрхийг ч МАН-ын Удирдах зөвлөл Л.Оюун-Эрдэнийн гарт өгсөн. 16 өдөр жагсч буй жагсагчдын шаардлага дотор ч тогтолцооны өөрчлөлт хийх цаг нь болсныг сануулж, Ерөнхий сайд парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байгааг зүгээр ч нэг хэлээгүй.

2019 онд МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 2022 онд мөн “давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Угтаа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 8 жилд гар хүрэхгүй байх зарчим алдагдсан гэсэн үг. Гэхдээ энэ бүгдэд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр гар хүрсэн учраас эрх баригчид “буруугүй”.

Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сонгодог парламентын тогтолцоог бий болгохыг хүсч буй. Үүнийгээ ч нүүрсний хулгайтай тэмцэж байгаа тэрбээр илэрхийлж буй.

Сонгодог парламентын тогтолцоотой болохын тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий  сайдын эрх мэдлийн хувиарлалтыг зөв болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгахыг хэлээд буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөл хийх үү, эсвэл шинэ Үндсэн хууль батлах зарчмаар явах уу гэдгээ одоогоор тодорхой болгоогүй байгаа аж.

Мэдээж Ерөнхийлөгчийн зүгээс парламентаас сонгогдох, ингэхдээ улиран сонгогдож болох заалтыг нь хүлээн зөвшөөрвөл Л.Оюун-Эрдэнийн хүсээд буй өөрчлөлтийг дэмжинэ. Парламент, улс төрийн намуудын зүгээс ч сонгуулийг холимог тогтолцоогоор буюу намын жагсаалт, тойргоор явуулж, гишүүдийн тоог нэмэхийг дэмжсээр ирсэн.

Одоо Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намуудтай зөвшилцөх, тэдний “хүсдэг” холимог тогтолцоон дээр нь дөрөөлж, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх гэж байна.  Түүгээр ч зогсохгүй парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ерөнхий сайдад парламентаа тараах эрх мэдэл өгөхийг Үндсэн хуульд тусгах гээд олон зүйлсийг эхлүүлэх гэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагуулж улс төрийн намуудын тухай, улс төрийн намуудын санхүүжилтийн хуулиудыг ч явуулна гэдгээ тэр хэлж буй. Сонгодог парламентын тогтолцоог бий болгосноор сонгодог парламенттай болж, төрийн хулгай, авлига үгүй болно гэж тэр тодотгож байгаа юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨ ДЭМЖҮҮЛЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “ТАКТИК”

Яг өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх, шинэ Үндсэн хуулийн асуудал парламентын “гарт” бий. Гэвч намынхаа, бүлгийнхээ таван гишүүнийг нүүрсний хулгайн асуудалтай холбоод зарлачихсан, дараагийнх нь хэн ч байж болно гэсэн ийм нөхцөлд Л.Оюун-Эрдэнийн хүсч буй Үндсэн хуулийн өөрчлөлт явж чадах уу.

Одоо УИХ-ын гишүүд ууртай, бас айдастай байна. Цаашид хэнийг, юугаар ч хамаагүй “яллах” эрх нь намын даргын гарт байхад Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихээс өөр гарцыг ч тэр үлдээхгүй болов уу.

Намын бүлгийн хурал дээрээ орж ирээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахаа тэр хэлчихсэн, бүлгийнхэндээ, намынхандаа. Тиймээс ч одоо нэр нь зарлагдаад байгаа хүмүүсийг АТГ шууд болон шууд бусаар холбогдсон байж болзошгүй гэж тодотгосон нь учиртай ч байж болох. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хүнийг гэм буруутайд тооцохгүй.

Он гараад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж, хийж эхэлсээр байтал сонгууль ойртож, “тохиролцоод” дуусах болов уу гэсэн төсөөллийг ч тэр тооцоолоогүй байх. Хамгийн чухал нь төрд хулгай байна, бүр парламент дотор байна, Хөгжлийн банк, "Эрдэнэс Тавантолгой" гээд төрд байгаа хулгай, луйвартай парламент холбогдсон нь парламентын дархлааг сулруулж, муухан шиг инфлүүсерээс долоон дор болсныг эрх барьж байгаа намын дарга, Засгийн газрын тэргүүн зүгээр ч нэг хэлээгүй биз ээ.

Нөхцөл байдал ийм болсон тул одоо МАН-ын дарга Удирдах зөвлөлөөс олгосон эрхийн дагуу он гарангуут Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ажлаа эхлүүлэх нь. Мэдээж өөрчлөхийн өмнө ард түмнээр хэлэлцүүлэх, улс төрийн намуудын зөвшилцөлд хүрэх гээд олон процесс байгаа ч энэ парламентын үед, эрх барьж буй намын дарга Л.Оюун-Эрдэнэ автор болох нь тодорхой болжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж