Африк тив геополитикийн өрсөлдөөний нэг хэрэглүүр үү?

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Африк тив геополитикийн өрсөлдөөний нэг хэрэглүүр үү?

Африк тив геополитикийн өрсөлдөөний нэг хэрэглүүр үү?

АНУ ойрын гурван жилийн хугацаанд Африк тивд 55 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тус тив дэх Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг эсэргүүцэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тивийн 49 орны удирдагчдад хандан “АНУ бүхнийг Африкийн төлөө, бүхнийг Африктай хамт” гэж хэлсэн. Энэ үгээрээ тэр хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэндийн систем, мэдээллийн технологи, аюулгүй байдлын салбар гээд тивийн бүхий л дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтыг хэлжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар АНУ тусламжаас эхлээд худалдааны салбарт хүртэл Африктай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна.

Мянганы сорилтын корпорациар дамжуулан Бенин болон Нигерт 500 сая ам.долларын хөрөнгө оруулна гэж Байден мөн амлав. Энэ хөрөнгө оруулалт нь тус улсуудад зам барих, засварлах ажилд зарцуулагдана. Дашрамд дурдахад, Мянганы сорилтын корпораци нь 2004 онд АНУ-ын Конгрессын санаачлагаар байгуулагдсан хоёр талт гадаад тусламжийн агентлаг юм. Энэ нь Төрийн департмент болон “USAID”-аас тусдаа бие даасан агентлаг. Байдены хэлснээр тус корпораци ойрын гурван жилд 2.5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт хийх төлөвтэй байна.

Жо Байден өнгөрсөн зургадугаар сард “Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл”-ээр дамжуулан дэд бүтэц бий болгох 600 тэрбум ам.долларын санаачилгыг “Их-7”-гийн бүлэгт санал болгосон. АНУ энэ 600 тэрбумын 200-г нь ирэх таван жилийн хугацаанд буцалтгүй тусламж, санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дамжуулан олгохоор зорьж байна.

Энэ хүрээнд Өмнөд Африк дахь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр солиход найман тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Мөн Ангола дахь нарны эрчим хүчний төслийг хоёр тэрбумаар, Зүүн өмнөд Азийг Египет, Сомалийн хойгоор дамжуулан Европтой холбосон өндөр хурдны цахилгаан холбооны кабелийн төслийг 600 сая ам.доллараар тус тус санхүүжүүлж байна.

Энэ мэт АНУ-ын оролцоог дүгнэвэл сүүлийн жилүүдэд харагдаагүй хамгийн өргөн цар хүрээтэй төлөвлөгөө болж буйг Дэлхийн хөгжлийн төвийн бодлогын ахлах ажилтан Гюде Мур онцоллоо. Их хэмжээний мөнгөн тусламж амалж буйгаас гадна Африкийг “Их-20”-ийн гишүүнээр элсүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудалтай болохыг АНУ дэмжиж байна. Тиймээс АНУ Африктай харилцаагаа өргөжүүлэхийг зорьсон нь дамжиггүй юм.

Африк дахь Хятадын санхүүжилт сүүлийн үед мэдэгдэхүйц буурчээ. Тиймээс АНУ дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн амлалтаа биелүүлж чадвал энэ нь Хятадын нөлөөллийг тодорхой хэмжээнд сулруулж байна гэсэн үг.

Хятад улс нь Африк тивийн худалдааны хамгийн том түнш юм. Мөн “Бүс ба зам” санаачлагын хүрээнд боомт, хурдны зам, усан цахилгаан станцын далан, гүүр, төмөр зам зэрэг мега төслүүдийг санхүүжүүлдэг хамгийн том зээлдэгч юм. Тодруулбал, Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд Африкт 10 мянган км төмөр зам, 100 мянган км авто зам, 1000 гүүр, 100 боомт барьж өгчээ. Гэвч Бээжингийн “Бүс ба зам” төслийг тогтворгүй зээл олгож байна гэж барууныхан шүүмжилдэг.

АФРИК БОЛ ТОМООХОН УЛСУУДЫН ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЛБАР БИШ

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин өнгөрсөн долоо хоногт “Африк бол томоохон улсуудын өрсөлдөөний талбар биш. АНУ бусад орныг доош хийхийнхээ оронд Африкийн ард түмний хүсэл зорилгыг хүндэтгэж, хөгжлийг нь ахиулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэлсэн.

Хятад-Африкийн хоёр талын худалдааны нийт хэмжээ 2021 онд 254 тэрбум ам.доллар давсан нь 2020 оныхоос 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл АНУ-Африкийн хоёр талын худалдааны хэмжээ 2021 онд 64.34 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт. Гэхдээ АНУ-ын хувьд өсөлттэй үзүүлэлттэй ч Хятадыг гүйцээгүй байна. АНУ-ын хувьд 2008 онд хамгийн өндөр үзүүлэлттэй байсан нь 141 тэрбум ам.доллар байжээ.

Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум өнгөрсөн онд болсон. Тус форумын үеэр Ши Жиньпин  Африкт 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амалсан. Тэр дундаа экспорт, зээлийн чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэжээ. Харин Вашингтоны дээд хэмжээний уулзалтаас авах гол санаа нь Африкийг “Их-20”-д суудалтай болгохын тулд дипломат хүч ашиглах АНУ-ын санаачлага байв.

Африкийн улсууд олон улсын харилцаанд гадуурхагдаж үлддэгтээ эртнээс гомдоллодог байв. Тиймээс Африкийн Стратегийн судалгааны төвийн судалгааны ажилтан Пол Нантулья “Хятад, АНУ хоёр ийн өрсөлдөж байгаа нь Африкийн хувьд эдийн засаг, аюулгүй байдал, үнэт зүйл, тогтолцоо талаасаа ялгаагүй нэн үр дүнтэй” гэж хэлжээ. Тэрбээр “Африкчуудад одоо илүү олон сонголт байна. Тэд өөрсдийн давуу талыг ашиглах боломжтой боллоо. Сонирхогчид олон байх тусмаа сонголт хийх боломж арвин байна” гэж хэлсэн.

Африкийн удирдагчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй байнгын хоёр суудалтай байхын тулд, мөн хөгжлийн санхүүжилт, худалдааны чиглэлээр үгээ хэлэх эрхтэй байхын тулд эдийн засгийн дэг журмыг өөрчлөхийг хүсч байна. АНУ эдгээр асуудалд асар их эрх мэдэлтэй гэдгийг улс төр судлаач Оберт Ходзи хэлэв. Тэрбээр “АНУ-ын хувьд Африктай харилцаагаа сэргээх нь Орос, Хятадтай хийх геополитикийн өрсөлдөөний чухал тактик болно. Африк тив Вашингтоны талд орвол энэ нь Москва, Бээжингийн хувьд үхлийн цохилт болно” гэжээ.

АНУ геополитикийн өрсөлдөөний нэг хэрэглүүр гэж Африкийг харж байна уу, эсвэл тэднийг тэгш эрхтэй, чадварлаг дэлхийн тоглогч болгохыг хүсч байна уу гэдэг чухал. Ямартай ч Вашингтонд болсон уулзалтаас харахад Байдены засаг захиргаа сайн засаглал, либерал ардчиллын тухай лекц уншихаас зайлсхийж, оронд нь харилцан ашиг сонирхол, эдийн засгийн нягт хамтын ажиллагааг амалжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж