Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

ЛУВСАНГОМБЫН МОЛОМЖАМЦ
(1935-2022)

Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэнгэрийн орноо дэвшиж, хүнд гарз тохиолоо.

Л.Моломжамц нь 1935 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт төрж, 1948-1954 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль, 1954-1955 онд Цэргийн ерөнхий сургууль, 1962-1967 онд ЗХУ-д В.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн академи, 1974-1976 онд Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 1978 онд тус академийн курст суралцаж төгссөн БХИС-ийн профессор байлаа.

Тэрбээр 1955 оноос “Алдар” нийгэмлэгт Бичээч, Тамирчин, Суртал нэвтрүүлэгч бөгөөд зохион байгуулагч, мотобуудлагын тусгай бригадын Инженер, Ардын Армийн Жанжин штабын инженерийн албанд Офицер, Ахлах офицер, Инженерийн хэлтсийн дарга, Байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, БХЯ-ны Байлдааны бэлтгэлийн удирдах газрын дарга, 1982 оноос МАХН-ын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн Орлогч эрхлэгч, Хэлтсийн эрхлэгч, БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд  эрдэм шинжилгээний ажилтан, тус хүрээлэнгийн захирал, Цэргийн их сургуулийн Оперативын факультетын дарга зэрэг хариуцлагтай албыг хашиж, амьдралынхаа 50 гаруй жилийг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд зориулсан цуцашгүй хөдөлмөрч, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхэм хүмүүн байлаа.

Түүнчлэн Л.Моломжамц нь МАХН-ын Онц их хуралд төлөөлөгч, Төв Хорооны орлогч гишүүн, Гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдсон Монгол төрийн түшээ байсан юм.

Түүний улс орны батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндөр үнэлж 1979 онд хошууч генерал, 1989 онд дэслэгч генерал цол хүртээсний зэрэгцээ Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, хошой Алтан гадас одон болон бусад ойн медалиуд шагнасны зэрэгцээ ЗХУ, Чехсловак, Болгар, Польш, Герман, Куба улсууд төрийн одон медалиа хүртээж байлаа.

Түүний хурц ухаан, хүнлэг, энэрэнгүй, хамтач зан чанар, үйлс бүтээл нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗХЖШ

 

/Талийгаачтай салах ёс хийх, сүүлчийн замд үдэх ажиллагаа 2022  оны 12 дугаар сарын 21-ний Лхагва гарагийн 08.30 цагт Офицеруудын ордонд болно/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж