ХҮН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга, хуульч Д.ҮҮРЦАЙХ:
-Залуус, иргэд олон өдөр өвлийн хүйтэнд жагсч тэмцсэний үр дүнд УИХ-аас авлига албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлж, ял завшихаас сэргийлэх зарим зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусган баталсан нь сайн хэрэг. Гэхдээ нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн шинээр батлагдсан заалтууд уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт буцаж үйлчлэхгүйг хэлэх хэрэгтэй байх. Хоёрдугаарт, эрүүгийн эрх зүй, ялын бодлого, хууль зүйн бодлого өөрөө тогтсон зарчимд суурилж, нэгдсэн тогтолцоо байдлаар эрх зүйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэн тогтоогдсон байдаг.
Хэт яаруу, олон нийтийн шаардлага, сэтгэлийн хөдлөлд үндэслэн шинжлэх ухааны судалгаа, үндэслэлгүйгээр эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг өөрчлөх нь энд дурдсан эрүүгийн эрх зүйн суурь зарчим, тогтолцоогоо эвдсэн өөрчлөлт болох эрсдэл бас дагуулж болохыг хэлэх хэрэгтэй.
Тухайлбал, шүүхээс гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох суурь зарчим Эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсгээр зөрчигдөж, Үндсэн хуулийн зөрчил үүсгээгүй байгаа гэх мэтээр эргэлзээ төрүүлсэн заалтууд байх шиг. Эрүүгийн хуулийн шинээр батлагдсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр болмогц энэ салбарын хуульч эрдэмтэд ул суурьтай судлан үзэж өөрсдийн дүгнэлтээ хийх байх гэж найдаж байна.
Миний бие уг нэмэлт өөрчлөлтийг төслийн байдлаар үзэж танилцсан. Уг хуулийн агуулгад дэмжмээр дэвшилттэй заалтууд, мөн дээр дурдсанчлан эргэлзээ төрүүлсэн заалтууд харагдаж байна билээ.
Хуулийн үзэл баримтлалын ерөнхий зорилго буюу авлига, албан тушаалын гэмт хэргийг нарийвчлан тодорхойлох, ял шийтгэлийг чангаруулах бодлогыг бол бүрэн дэмжиж байна. Агуулгаас харахад авлигыг бууруулахад тодорхой ахиц гаргах үр нөлөөтэй байж болохуйц санагдсан. Гэхдээ авлигатай хийх тэмцэл зөвхөн эрүүгийн эрх зүйд тодорхой зохицуулалтууд хийснээр шийдэгдэх асуудал биш гэдгийг хууль тогтоогчид ч, олон нийт ч ойлгох хэрэгтэй.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүйн зуд яагаад Монгол Улсад нүүрэлчихээд байна вэ гэхээр бид Үндсэн хуульдаа төрийн эрх мэдлийн хуваарилалтыг алдаатай тусгаж, дээрээсээ буюу УИХ-аас эхлээд анхан шатны нэгжээ хүртэл хариуцлага хүлээдэггүй төрийн байгууллыг буй болгочихсонд байгаа юм. Дээрээс нь Монголын нийгэмд сэхээтнүүд гэж байдаг бол тэд нийгмийн ёс суртахуун, иргэдийнхээ улс төр, эрх зүйн боловсрол, соён гэгээрлийг дээшлүүлэхэд, авлигыг үл тэвчих хандлагатай болгоход өөрсдийн хүч, оюунаа дайчлан зарцуулах шаардлага тулгараад байна.
"ЗӨВХӨН ЯЛЫГ ЧАНГАТГААД ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ"
ХУУЛЬЧ Ү.АМАРБАТ:
-Одоогийн хуулиар авлигын гэмт хэргийн ял бага, үүнийгээ дагаад хөөн хэлэлцэх хугацаа богино байна. Өөрөөр хэлбэл, хэрэв хэрэг илрээд, ял шийтгэл авбал бага шийтгэлтэй, харин баригдахгүй бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд ялаас мултрах боломжтой байна. Мөн манай улсын Эрүүгийн хуулийн одоогийн систем бол ялын хэмжээнээс хамааруулан хөөн хэлэлцэх хугацаа өөр өөр байдаг. Тэгэхээр ялын хэмжээг нэмэгдүүлэхгүй л бол дахиад маш олон авлигын гэмт хэрэг илэрсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох боломжтой байна.
Авлигын гэмт хэрэг бол өөрөө маш нарийн зохион байгуулалттай, илрүүлэхэд хүндрэлтэй арга замаар үйлдэгддэг. Тиймээс энэ гэмт хэргийг илрүүлэхэд амаргүй, их хугацаа зарцуулна. Харин арай гэж гэмт хэргийг илрүүлэхэд энэ нь нэг бол ял багатай, эсвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар нөхцөл байдалтай байна.
Түүнчлэн одоогийн зохицуулалтын нэг сул тал бол эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргээс бусад гэмт хэрэгт орлогыг нь хураадаггүй бөгөөд хамгийн дээд тал нь 40 сая төгрөгөөр торгож байна. Өөрөөр хэлбэл, одоо яригдаж буй гэмт хэргийн улмаас хэдэн тэрбум, хэдэн их наядаар нь авлига өгсөн, авсан, хувьдаа авсан асуудал яригдаж байхад түүнийг хураахгүй, зөвхөн 40 сая төгрөгөөр торгоод өнгөрөх зохицуулалттай байна. Тиймээс гэмт хэргийн улмаас олсон орлогыг хурааж, торгох ялын хэмжээг олсон орлогын хэмжээтэй нь харьцуулан нэмэгдүүлэх шаардлагатай.
Хэрэгжилтийн хувьд одоо хэдийнээ үйлдэгдсэн гэмт хэрэгт бол эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн суурь зарчмаар гэмт хэрэг үйлдсэн бол яг тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэдэг бөгөөд хэрэв хууль өөрчлөгдвөл аль хуулийг хэрэглэх вэ гэдэг асуудал гарвал гэмт хэрэгтэнд аль ашигтайг нь хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь Эрүүгийн хуулийн хүмүүнлэг байх зарчимд нийцдэг. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт энэ хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Энэ хуулийн хамгийн эхний амжилт бол авлигын эсрэг олон нийтийн хүсэл эрмэлзлийг удаан хугацааны шаардлага шахалтын дараа хуульчилсан явдал. Энэ өөрчлөлтийг юу ч гэж шүүмжилсэн нэг зүйл үнэн. Авлига буруу юм бол түүнд үзүүлэх шийтгэл хүнд л байх учиртай.
Авлига бол бусад гэмт хэргээс ялгаатай нь үргэлж санаатай үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэгтэн тухайн үйлдлийг зорьж, төлөвлөж, хүсч үйлдсэн байдаг (Theory of planned behaviour буюу Төлөвлөсөн зан үйлийн онол). Судалгаанаас үзвэл, энэ гэмт хэргийг үйлдэх гол сэдэл нь хөрөнгөжих гэсэн хүсэл буюу өөртөө ашигтай байдал бий болгохыг зорьдог болохоос ашиггүй байдал үүсгэхийг зорьдоггүй. Тиймээс энэ гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгаснаараа тухайн гэмт хэргийг үйлдэх санаа сэдэл, хүсэл нь буурна гэсэн хүлээлт байна.
Авлигын гэмт хэргийг бууруулахад чухал байр суурь эзэлдэг зүйлсийн нэг бол яахын аргагүй ялын бодлого. Гэсэн хэдий ч зөвхөн ялыг чангатгаад үр дүнд хүрэхгүй. Учир нь авлига авах, өгөх нь тэр чигээрээ маш нарийн зохион байгуулалттай, комплекс үйл ажиллагаа байдаг. Тиймээс иргэдийн оролцоо, хяналт, ил тод байдлыг ч бас сайжруулах бөгөөд Эрүүгийн хуулиар ногдуулах ялыг чангатгах нь авлигатай тэмцэх ердөө нэг хэлбэр бөгөөд цаашид энэ ажил бүрэн бүтэн, цогц хэлбэрээр үргэлжлэх учиртай.
"МЭРГЭЖЛИЙН БУС ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ӨӨРЧИЛЧИХДӨГ ХУУЛЬ БИШ"
ХУУЛЬЧ Б.МЭРГЭН:
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг нь хаагдсан авлигын хэргүүдийг сэргээн шалгах болгосныг буруутгаж байсан тул авлигачдыг өмөөрлөө гэж шүүмжлүүлж байлаа. Тус хуулийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Тэр нь ч зөв. Өнгөц бодоход сайшаалтай хууль мэт боловч сайн ч муу ч хууль дээдлэх зарчимтай ардчилал, эрх зүйт төрийн өдий хүрсэн дэвшлээ нурааж, буцаад ухрах алхам болох байв.
Хэдэн хүнийг шоронд оруулж, хөрөнгө хурааж хүрэх ололтоос хэд дахин сөрөг үр дагавар авчрах байсан учраас тэр. Тайлбарлавал урт зүйл болно. Тухайн үед нь байр сууриа хангалттай илэрхийлсэн. Авлигыг зөвтгөж, авлигачдыг өмөөрөх гэсэнгүй гэж тэр үед хэлж байсан үгээ дахиад хэлье. Гэхдээ хуулийг, ялангуяа хүний эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хязгаарлах Эрүүгийн хуулийг иргэд шаардангуут хэдхэн хоногт яаран сандран хүссэнээр нь өөрчилчихдөг байж болохгүй.
Мэргэжлийн бус иргэдийн сэтгэл хөдлөлөөр өөрчилчихдөг хууль биш. Маш их тооцоо, судалгаа хэрэгтэй. Нарийндаа яривал ял хүндрүүллээ гээд авлига, гэмт хэрэг багасчихдаг гэвэл өрөөсгөл.
Цаашлаад хялбаршуулсан журмаар авлигын хэргийг шийдээд байгаа нь авлигачдыг өөгшүүлээд байна, буруу гэдэг ч эргэлзээтэй. Ямар судалгаа хийв, үр дүн нь юу гэж гарав гэдэгт үндэслэх нь чухал.
Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар олон тооцоо, судалгааг хийж, мэргэжлийн байгууллага, иргэдийн саналыг авч байж хуулийн төслийг боловсруулах ёстой. Цаг хугацаа нэлээн орно гэсэн үг. Яах вэ гурван сараас хойш хийсэн судалгаа, хэлэлцүүлэгт үндэслэсэн гэх боловч тэр нь яг энэ батлагдсан хувилбар байсан уу гэдэг эргэлзээтэй.
Мөн Нийтийн сонсголын тухай хуульд ч шаардлагууд бий. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол хууль тогтоомжийн сонсголыг заавал хийх ёстой. Тэр нь хуулийн төслийн хэлэлцүүлгээс өөр бөгөөд төсөлд санал авсныг сонсгол хийсэн гэж үзэхгүй. Гишүүд, шүүх, прокурор, цагдаагийн болон мэргэжлийн байгууллага, судлаач, иргэд оролцож, хэрэгжиж байгаа хуулийн алдаа дутагдлыг судалгаатай ярьж, өөрчлөх үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг өргөн хүрээнд хэлэлцэх журамтай.
Холбоотой мэдээ