Иргэдээ сонсдог, уулздаг ганц сайд!

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Иргэдээ сонсдог, уулздаг ганц сайд!

Иргэдээ сонсдог, уулздаг ганц сайд!

Монгол Улсын Засгийн газарт ачааны хүндийг үүрдэг ганц сайд нь Х.Нямбаатар болоод удлаа. Олны шүүмжлэл авах ажил бүрийг түүнд даатгаад, бусад нь нуугдаж суудаг болов. Энэ удаагийн “Нүүрсний хулгайч”-дын эсрэг жагсагчидтай Х.Нямбаатар л нүүр тулж, уурссан олны хараалыг хүртэж байна. Нүүрсний хулгайтай хутгалдаагүй ганц сайд нь юм уу, эсвэл хүнтэй хэл амаа амархан олно гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг ахлуулсан уу хэн мэдэх билээ.

Өнгөрсөн хаврын “Ажлаа хий” жагсаалын үеэр хилэнтсэн жагсагчид руу мөн л Х.Нямбаатар гарсан. Цаас, сав шидүүлээд л хэлэх үгээ хэлчихээд, шаардлагыг нь аваад орсон.

Төрийн ордны урд хаалгаар бус, баруун хаалгаар алхаж гарч ирээд, буцаад түүгээрээ орсон нь Х.Нямбаатарыг зоригтой харагдуулахаасаа илүүтэй ганцаардмал байгаа, Засгийн газрын хамаг ачааг үүрч байгааг нь илтгэсэн дээ. Оюутолгойн маргаантай асуудалд мөн л Х.Нямбаатар дуугарч, ажлын хэсгийг ахалсан. Ашиггүй хэлэлцээрийг ашигтай болгох гэж зүтгэсээр зүхэл, хараал дунд багахан ч болов үр дүнд хүрсэн нь саяхных. Ирээдүйд төлөх Монгол Улсын өрийг тэглэж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг тэр эхлүүлсэн. Харин нээлтийн арга хэмжээнд ард нь нуугдаж байсан гишүүд, сайдууд оччихсон малийтлаа инээгээд зургаа татуулж байсан шүү.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэх асуудал Монголд бугшсан идээ хэвээр байна. Авлигыг бууруулж, олон улсад Монголын нэр хүндийг дээшлүүлж, эрэмбэ ахиулах үүрэгтэй сайд нь бас л Х.Нямбаатар. Авлигын индексийг бууруулахад төрийн өмчид компаниудын засаглалыг сайжруулж, улстөрийн томилгоо хийдэг байдлыг болиулах хэрэгтэй гэж дуугараад дахиад л зүхүүлж явна. Төрийн өмчид компаниуд дахь шахаа, төсвийн үргүй зарцуулалт, авлигын асуудлаар ярьж байгаа бүхэн нь үнэн. Хамгийн сүүлд л гэх, нэг төрийн өмчид компанийн захирал авлига авч байгаад газар дээрээ баригдсан. Хараалгах ёстой хүн тэр дарга болохоос Х.Нямбаатар биш юм. “Шилэн” хочит Б.Цогтгэрэл “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн шилэн дансны мэдээллийг ил болгосоор байгаа. Баялгын мөнгийг ямар гамгүй зарцуулдаг, Х.Нямбаатарын хэлээд байгаа яасан үнэн болохыг тэр шилэн данснаас нь харчихаж болно.

Монголыг олон улсад муухай харагдуулдаг, гутаадаг өөр нэг зүйл нь гадаадын хөрөнгө оруулагчдад ээлгүй байдал. Хэн ч хөндөж дуугардаггүй байсан энэ сэдвийг Х.Нямбаатар анх шүгэлдсэн. Тэр хэрээрээ доромжлол, гутаалт дундуур туучиж яваа.

Саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зарим хэргийг дахин нээж байгаа тухай, хуулийн байгууллагын томчууд гадны хөрөнгө оруулагчдыг хэрхэн дээрэмдсэн” тухай дэлгэрэнгүй ярьсан байна билээ. Прокурор зөвшөөрөөгүй учраас нэрийг нь зарлаж болохгүй ч тойруугаар дээрэмчдын нэрсийг ил болгосон байсан. Хятад иргэний буудлыг дээрэмдсэн, ховор машин олныг цуглуулсан гээд л… Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав гэдэг нь илт. Үнэхээр л төрийн албанд насаараа шахам ажилласан хүн яаж тийм хөрөнгөтэй болох юм бэ. Хуулиар далайлгаж, гадныхныг дээрэмдсэн л хэрэг шүү дээ.

Сүүлийн үед Х.Нямбаатарын ярианд “өнгөрсөн 30 жилийн завхрал” гэдэг үг олонтаа дурдагдах болсон. Өнөөдрийн хүнд байдал нэг өглөө л бий болчихоогүй нь үнэн. Биржрүү буглаж, бугшсаар олон толгойтой хатиг болоод эхнээсээ хагарч байгаа нь энэ.

Үүнийг л Х.Нямбаатар яриад хэлээд  байгаа хэрэг. Гэтэл уурссан олон нийт “Чи тэг, худлаа ярихаас цаашгүй, барьж хорьсонгүй, Х.Баттулгыг алдлаа, Ч.Сайханбилэгийг авчирсангүй…” гээд л зүхэж байна. Элдвээр хочилж ч байна. Гэсэн ч тэр дуугүй хийдгээ хийж, ярьдгаа ярьсаар явна. Хулчгар, албан тушаалдаа хайртай өөр хүн түүний оронд байсан бол дуугарахгүй байсан биз. Улстөрийн карьер нь дуусах эрсдэлтэй шүү дээ. Гэтэл Х.Нямбаатар үүнийг бодож байгаа ч юм алга, бүрэн өөрчилж чаддаггүй юм аа гэхэд хуулийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрчлөлтийг эхлүүлнэ гэж зүтгэсээр… Түүний тэвчээр алдрах вий, бусадтай ижил дуугүй суудаг болох вий.

Х.Нямбаатар ярьсаар, ажилласаар “Нүүрсний хулгайч”-дын эсрэг жагсаж байгаа залуусын шаардлагыг хүлээн авч, маш богино хугацаанд Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын хэрэг шийдэх заалтыг өөрчиллөө. Оюу толгой манайд өгөөжөө өгөх хугацаа наашиллаа. Олон улсад үнэлэгдэх Монгол Улсын авлигын эрэмбэ алхмаар урагшиллаа. Төрийн удирдлагад шигдсэн идээ, бээр шахагдаж эхэллээ. Ер нь өнөөдөр иргэдээ сонсдог, уулздаг ганц сайд нь Х.Нямбаатар л байна. Засаг ачаагаа үүрүүлээд, иргэд хараасаар байгаад Х.Нямбаатараа алдах вий. Төрд ийм л хүн олон хэрэгтэй юм шүү дээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж