Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал,
-"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр, тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь Салхитын мөнгөний ордод “Хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э-ээс нийт 1,455,603,225 төгрөгийг,
-мөн ордод “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Аглаг хангайн уулс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б-ээс 1,257,000,000 төгрөг хахуульд авч, бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас өмнө нь "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тус шүүх энэ сарын 9-ний өдөр Т.Мөнхбаярт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Холбоотой мэдээ