"Малайзын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна гэсэн"

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

"Малайзын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна гэсэн"

"Малайзын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна гэсэн"

Малайзын Дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд өнгөрсөн Баасан гаригт 3.8 тэрбум төгрөг нөхөн олгохоор болсон. Энэ хэргийн өмгөөлөгчөөр 16 жил ажилласан хуульч Б.Баяртай ярилцлаа.


-Таны хувьд талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 16 жилийн турш хууль зүйн тусламж, зөвлөгөө өгч ажилласан. Гэсэн ч энэ хэрэг дээр ганцаараа ажиллаагүй. Жинхэнэ баатрууд Малайз улсад байгаа гэдгийг онцоллоо?

-Тийм ээ.Би ганцаараа энэ хэрэг дээр ажиллаагүй. Карпал Синх гэж настай хуульч анх энэ ажлыг авч, хэргийн явцад бурхан болсон. Одоо энэ хэргийг түүний хүү, дараагаар нь бага охин нь үргэлжлүүлж, хараат бус шийдвэрийг гаргаж чадлаа. Бага охин нь одоо 40 орчим настай бөгөөд энэ хэргийн өмгөөлөгчөөр ажилласнаар улсдаа нэр хүнд нь өсч буй. Тэд бол жинхэнэ баатрууд. Ёстой С.Шаарийбуу гуайн эрх ашгийн төлөө тэмцсэн хуульчид. Би бол Монгол талын хуулийн тусламжийг үзүүлж ирсэн.

С.Шаарийбуу гуай анх надтай Гадаад харилцааны яамаар дамжуулан танилцсан. Миний зүгээс татгалзах зүйл байгаагүй.

-Хэргийн захиалагчийг эрүүгийн хэргээр тогтоогоогүй учраас иргэний хэргээр шийдвэрлэсэн гэж ойлгож буй?

-Эрүүгийн болон иргэний хэргээр шүүх хурлын процесс зэрэг шахуу эхэлсэн. Эрүүгийн хэрэгт цагдаагийн хоёр ажилтныг шийтгэж, дууссан. Энэ явцад хэргийн захиалагч буюу Малайзын тухайн үеийн ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Абдул Разак Багинда гэж хүний гэм буруутайг тодорхойлоогүй. Тиймээс сая иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад захиалагч нь Багинда байсан юм байна. Хамгийн чухал нь өнгөрсөн долоо хоногийн шүүх хурлаар дөрөв дэх хариуцагч буюу Малайз улсын төрийг хариуцагч гэж тогтоолоо. Багинда хэргийн холбоос нь болж, хоёр цагдаа хэргийг гүйцэтгэсэн. Тэд төрийн албан хаагч учраас төр нь иргэний хариуцлага хүлээх хараат бус шийдвэрийг гаргалаа.

Одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Багиндад эрүүгийн хариуцлага ногдуулахгүй гэсэн үг. Иргэний хэргээр мөнгөн хариуцлага хүлээж байгаа юм. Дөрвөн хариуцагч нийлээд нөхөн олговроо төлөх ёстой.

Үндсэндээ 18 жилийн хугацаанд Малайзын Ерөнхий сайдын өөдөөс үнэхээр хүчин мөхөсдөж байсан. Сүүлд 2018 оноос хойш Малайзад тогтолцоо өөрчлөгдөж, хууль бус эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож эхэлсэн.

Эрүүгийн хэрэг дээр цагдаагийн хоёр ажилтан төрөөс үүрэг авч ажилласан гэсэн. Тэрийг нотолж чадахгүй бэрхшээлтэй байсан. Иргэний хэрэг дээр нотлох баримт бүрдүүлнэ гэдэг маш хэцүү. Учир нь Малайз улсын хуулиар эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашиглахыг хориглодог. Энэ хэрэг дээр ашиглахаас өөр аргагүй юм байна, нотлох баримтыг шинээр бүрдүүлэх боломжгүй юм байна. Тэгээд Малайзын түүхэнд анх удаа эрүүгийн хэргийн материалыг иргэний хэрэгт ашигласан байгаа. Энэ бол чухал алхам. Монголд энэ тохиолдолд зөвшөөрдөг шүү дээ.

-Эрүүгийн хариуцлага хүлээсэн цагдаагийн хоёр ажилтны нэг нь Австрали руу хил давсан гэж үнэн үү?

-Хэргийг гардан гүйцэтгэсэн тусгай ажилтны нэг нь Малайзын шоронд хоригдож байна. Тэр хүн хэзээ ч цаазын ял авч магадгүй. Нөгөө хүн нь Австрали руу хил даван зугтсан. Австрали улс цаазын ялтай оронд хэчнээн гэм буруутай иргэнийг нь буцааж явуулдаггүй юм байна. Тийм учраас Австралид бүх насаараа байх биз.

-Шүүх хурал өнгөрсөн Баасан гаригт цахимаар болсон гэсэн үү?

-Бид шүүх хуралд цахимаар оролцсон. Танхимд хэн ч ярих эрхгүй. Шүүгч цагийн дотор шийдвэрээ уншиж, танилцуулсан. Шүүхийн шийдвэр танилцуулах хуралд хэн ч ярих эрх байдаггүй. Өмнө нь дандаа хэргийн процессын хурал болж байсан бол өнгөрсөн Баасан гаригт жинхэнэ шүүх хурал болж өнгөрсөн. Давж заалдах эрх нь дөрвөн хариуцагчид байгаа. Хариуцагч тал 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй. С.Шаарийбуу гуай өөрөө давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн. Мөнгө төгрөгтөө бус 17 жилийн турш хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр явсан нь хангалттай гэж байгаа. Түүнд хэргийг дахин давж заалдах чадал, тэнхээ ч үлдсэнгүй.

Малайзын өмгөөлөгч маань “Энэ улсын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна” гэж хэлсэн. Малайзын таван сая ренгит маш өндөр төлбөр. Монгол улсын мөнгөн тэмдэгтээр 3.8 тэрбум төгрөг болж буй.

-Та өнгөрсөн хугацаанд хэдэн удаа Малайзад очсон бэ?

-Малайз руу би гурван удаа явсан. Малайзаас бас Монголд хуульч нар хоёр, гурван удаа ирж, ажилласан. Миний зүгээс гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн талаарх материал, төрийн байгууллагуудаас гаргаж өгсөн захидлуудыг гаргаж өгсөн.

Малайз, Монголын Улсын хоорондын гадаад харилцаа олон жил муудсан байсан. Энэ хэргийг нааштай шийдвэрлэснээр улс хоорондын харилцаа сайжрах болов уу гэж найдаж байна. Энэ хэргийн талаар Франц, Австрали, АНУ-ын томоохон хэвлэлүүд онцолж, нийтлэл болон нэвтрүүлэг, баримтат кино цацагдсан. Малайз улсын хувьд ч улс орноороо энэ хэрэгт анхаарлаа хандуулж ирсэн.

Шүүх хурлын дүн өглөөний 09-10 хооронд гарч, 11.00 цагт томоохон вэб сайтуудад нийтлэгдэж, 12.00 цагаас хэвлэлтэд орох байсан бүх сонин хэвлэлтээ зогсоочихсон, шүүхийн шийдвэрийг хүлээж байсан.

-Хуульчийн хувьд энэ төрлийн гэмт хэргийг анх удаа өмгөөлж байна уу?

-Миний хувьд өмнө нь ийм төрлийн гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй. Анхны бөгөөд эцсийн хэрэг байх. Англи-Саксоны эрх зүйт Малайз улсын хуулиар энэ хэрэг олон жил үргэлжиллээ. Монголын хуулийн процесст 20 шахам жил үргэлжилсэн хэрэг бараг байхгүй дээ. Хамгийн урт сунжирсан хэрэг 5-6 жил байдаг шүү дээ. Хуулийн тогтолцооны ялгаа байна. Шүүхийн шийдвэр гарч, хэрэг дуусдаг л юм байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж