Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 29-нд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг гаргасан. "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК хувьчлалын салхийг хагалж, 119.1 сая ширхэг хувьцааг олон нийтэд арилжаалж, нийт 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн. Үүний өмнө УИХ-аас Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийн тогтоол баталсан билээ.
Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий дээрх тооны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны арванхоёрдугаар сарын 26-наас 30-ны хооронд үнэт цаасны бүх компаниар дамжуулан хүлээн авах юм байна. Дээрх үйл ажиллагааны үндсэн андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК", туслах андеррайтераар "Ти Ди Би Секьюритис ҮЦК" болон "Голомт Капитал ҮЦК" ХХК тус тус ажиллаж буй аж.
Холбоотой мэдээ