Уг нь хулгайчийг хоёр ангилдаг. Жирийн хулгайч ба улс төрийн хулгайч гэж. Жирийн хулгайч нь иргэдийн цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч ирээдүй, хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, боловсролыг нь хулгайлдаг гэх. Атал хулгайч нь дотроо жинхэнэ ба хуурамч гэж хоёр “хуваагддаг” бололтой. Бололтой гэдэг нь нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдэн, АТГ-аас нэр цохогдсон МАН-ын таван гишүүний үг, үйдлээс уншигдаж, харагдаж байна.
Өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарын зүгээс нүүрсний “жинхэнэ” хулгайчаа зарлахыг намын “журмын нөхдөөс”-өө шаардав, эсэргүүцэл илэрхийлэв. Ингээд цагаан байрын журмын нөхөд журмын нөхөдтэйгөө ил, далдаар тэмцэж, жинхэнэ ба хуурамч хулгайчаараа ид дуудалцаж байна. Жишээ нь, Ш.Раднаасэд гишүүн нүүрсний жинхэнэ хулгайчаар Ардын намын журмын нөхөр Т.Аюурсайханыг нэрлэж, Ц.Анандбазар энхийн цагаан баавгай болохоо мэдэгдэж, эрх баригчдын дундах хямрал, хагарал хурцдав.
Үүнээс өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх нь анд нөхөдтэйгөө хийх тэмцэл болохыг нэг бус удаа онцолж, харин ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон “анд нөхдөдөө” улс төрийн дэмжлэг олгохгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж хэдэнтээ зарласан, мөн авлига, хулгайд холбогдсон журмын нөхөд нь жинхэнэ хулгайчаа зарлахыг шаардсан зэргээс дүгнэвэл авлигын үүр уурхай нь Ардын намын цагаан байр болжээ. Үүнийгээ ч өөрсдөдөө үг, үйлдлээрээ хүлээн зөвшөөрөх болсон.
ХУЛГАЙЛСАН УУ ЭС ХУЛГАЙЛСАН УУ?
Хулгайн хэрэгт холбогдсон бол ийм ганц асуулт тавигдана. Түүнээс жинхэнэ хулгайч уу, хуурамч хулгайч уу гэж хэн ч асуудаггүй. АТГ-ын зүгээс нэр бүхийн 17 улстөрч шууд ба шууд бусаар нүүрсний хэрэгт холбоотой болох нь мөрдөн шалгах явцад тогтоогдсоныг зарласан, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягийн мэдүүлэгт үндэслээд. Үргэлжлүүлээд Б.Ганхуягийн мэдүүлгийн дагуу мөрдөн шалгалт хийнэ гэсэн үг. Харин хулгайч мөн эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Гэхдээ хуурамч ба жинхэнэ хулгайч болохыг шүүх тогтоох боломжгүй. Ямар ч хуульд ийм заалт байхгүй. Тэгэхээр хулгайн хэрэгт сэжиглэгдэж буй улстөрчид хулгай хийсэн, үгүйгээ хууль, шүүхэд баримтаар няцаана гэсэн үг.
Үүнээс өөрөөр бурхан шүтдэг, үгүй нь, зүү, тэвнэ өвөртөлж яваа эсэх нь хэнд ч хамаагүй, өөртөө итгэлтэй байгаа бол өргөдлөө өгөөд шалгуулчихаж бас болно. Товчхондоо, хуулийн ард нуугдаад “хуурамч ба жинхэнэ хулгайч” гэх нь утгагүй.
Тэдний хэлж, ярьж буй “Монголын ард түмний баялгийг цөөхөн хэдэн хүн зохион байгуулалттайгаар идсэн байна. Тиймээс тэдэнтэй тэмцэх, мөн ард түмний нүүрсний хулгайтай тэмцэх шаардлагыг дэмжиж, байгалийн баялгаа хулгайчдаас хамгаалж, ард түмний хяналтад, мэдэлд өгөх авлигатай тэмцэх лобби бүлгийг байгуулна” гэх үг хулгайч хулгайчийг бариарай гэдэгтээ адилхан сонсогдож байна.
САЙН, МУУ ХУЛГАЙЧ ГЭЖ БАЙДАГГҮЙ!
Хулгайч сайн, муу гэж байдаггүй. Бусдад, Монгол Улсад хэр хохирол учруулсан бэ гэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Тэр тусмаа улсаа тоносон, эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан, иргэдийнхээ ашиг орлогыг луйвардсан хулгайчдыг шийтгэхдээ манай, танай гэж хандах юм бол хэн нэгэнд ял завших, эсвэл хэн нэгнийг хэлмэгдүүлэхэд хүргэнэ.
ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд сүүлийн жилүүдэд улсаа тонож иддэг улстөрчдийн хэргүүд илчлэгдэж, эхнээсээ зарим нь ял шийтгэлээ хүртэх болсон. Гэхдээ жирийн хулгайч ба улс төрийн хулгайч хоёрт хуулийн дагуу оноодог шийтгэл тэнгэр газар шиг зөрүүтэй болохоор иргэд эрх баригчдаас шударга ёс шаардаад байгаа хэрэг.
Нөгөөтэйгүүр хэтэвчтэй мөнгөө суйлуулахдаа иргэд харамсдаг, цагдаад ханддаг. Харин эрүүл мэнд, боловсрол, ажил орлого, ирээдүйг нь хулгайлж байгаа хулгайчдаа эсрэгээрээ ахин дахин сонгодог. Ахин дахин хулгай, луйвар хийх боломжийг нь ард иргэд өөрсдөө олгодог. Үндсэндээ эх оронч, эдийн засгийн луйварчин хоёроо салгаж мэддэггүй учраас өнөөдөр их наядын хулгай, луйвраа улсаараа шүүгээд сууж байна.
ХУЛГАЙЧ БОЛ ХУЛГАЙЧ!
Ямар ард түмэн байна, тийм төр байдаг. Өнгөрсөн парламентын үед 40 орчим гишүүн ЖДҮ-ийн зээлийг тэгш хүртээмжтэй хувааж идсэн хэрэгт холбогдож, үүнээс дөрөв нь, Б.Батзориг, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял шийтгэл хүлээсэн юм. Тэгвэл Хөгжлийн банкийг тонож идсэн гэх луйварт өнөөгийн парламентаас цөөнгүй гишүүн /Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч. Ундрам, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг/ нэр холбогдож, УЕП-оос зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт ирүүлснийг УИХ хүлээж аваагүй билээ.
Харин өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгт АН-ын хоёр, МАН-ын тав гээд долоон гишүүн холбогдсон болохыг АТГ-аас албан ёсоор зарласан. Тэрчлэн Төрийн тэргүүнээр дөрвөн жил ажилласан Х.Баттулгаас Хөгжлийн банкны луйварт болон нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан АТГ-аас өнгөрөгч Баасан гаригт байцаалт авсан бий.
Парламент нь бага ард түмэн гэвэл Монгол Улс авлига, луйвар, хулгайдаа баригдсан, идэгдсэн улс болжээ. Үүнээс гарахын тулд хуулиар тэмцэхээс гадна хулгай хийдэг өмчийг нь цөөлөх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс даяараа 40 их наядын нүүрсний хулгай ярьж байна, маргааш 400 их наядын зэсийн луйвар ярихгүй гэх баталгаа алга, энэ бүх үйл явдлаас харвал. Иймээс төр цомхон, өмчгүй байх тусмаа хулгай, луйвар эцэслэгдэнэ. Үүнийг л төрийн бүтээмж, төрийн реформ гэнэ.
Холбоотой мэдээ