Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси бол ямаа

Месси бол ямаа

Уучлаарай, Роналдо, Пеле, Марадонагийн фэнүүдээ албан ёсоор Лионель Андрес Месси Кучиттини гэх эрхэм хөлбөмбөг гэх спортын бүх цаг үеийн хамгийн агуу нь гэж дуудуулах эрхтэй боллоо.

Ямаа /GOAT/ нь “Greatest of All Time” буюу “Бүх цаг үеийн хамгийн агуу” гэсэн үг юм.

Түүнтэй авсан шагнал, хүртсэн цомоороо эн зэрэгцэх хөлбөмбөгчин цэнхэр гариг дээр үгүй боллоо. Заримаас нь авсан шагналаараа, нэг хэсгээс нь хүртсэн тоогоороо илүү болж ямар ч маргаангүй хамгийн агуу нь гэж дуудуулах болж байна.

Кристиано Роналдо уу, Месси уу гэх арван дамжсан маргаан эцэс болж Аргентин эр дэлхийн аварга хэмээх шилдэг, цуутай бүхэн нь хүсээд хүрдэггүй нэр алдрыг хүртлээ. Пеле, Марадонагаас дутах цомгүй, Роналдогоос тохой илүү болсоныг дэлхий нийт харав.

Хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагчдын нэг алдарт Питр Друри өчигдрийн тоглолтын дараа “Месси эцсийн оргилоо эзэллээ. Лионель Месси диваажинтай гар барилаа. Месси энэ сайхан тоглоомыг бусдаас илүү чимсэн хүн. Тэр энэ тоглоомоос хүртэж болох хамгийн том чимэглэлээ хүртлээ. Мессид энэ мөч тун утга учиртай. Түүний мөрөөдөл биелж, дундуур нь дүүрлээ. Тэр үүнийг хийлээ” гэв.

Харин Месси өөрөө тоглолтын дараа “Зүгээр л итгэмээргүй. Бурхан надад энэ цомыг өгнө гэдгийг би мэдэж байсан. Итгэлтэй байсан. Энэ бол бидний хувьд гайхалтай баяр баясал. Үүнийг би удаан хугацаанд мөрөөдөж ирлээ. Замналаа дэлхийн аваргаар өндөрлүүлэхийг хүсч байлаа. Үүнээс илүүг би хүсэхгүй ээ. Одоо яах вэ гэж үү? Би Копа Америка, дэлхийн аваргад түрүүллээ. Би хөлбөмбөгт хайртай. Шигшээ багтаа тоглох дуртай. Тиймээс дэлхийн аваргын хувиар дахиад хэдэн тоглолтод оролцохыг хүсч байна” гэж ярьжээ.

Мессигийн хүртсэн цом, авсан шагнал, оруулсан гоол, тогтоосон амжилт, үзүүлсэн тоглолт зэргийг нь бичээд, дурдаад, зарлаад дуусахгүй. Өчигдөр л гэхэд дэлхийн аваргын шилдэг тоглогчид өгдөг алтан бөмбөгийн эзнээр хоёр удаагаа тодорсон түүхэн дэх анхны хөлбөмбөгчин болов. Мөн түүний найм дахь алтан бөмбөг замдаа гарлаа. 2023 оны төгсгөлд тэрбээр Баллон д’Орыг найм дахь удаагаа гардах гээд зогсч байх нь лавтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж