Мбаппе гангарсан ч, эцэст нь Месси алтан дагина өргөв

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Катар-2022

Мбаппе гангарсан ч, эцэст нь Месси алтан дагина өргөв

Мбаппе гангарсан ч, эцэст нь Месси  алтан дагина өргөв

“Катар-2022” ДАШТ-ий аваргаар Аргентины шигшээ баг тодорлоо.


АРГЕНТИН 3 – 3 ФРАНЦ (ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ: 4 – 2)

Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн гайхалтай шигшээ тоглолтуудын нэгийг дэлхий нийт үзэж сонирхлоо. Мөн Лионель Месси замналынхаа ганц дутуу шагналыг хүртэж, Марадона, Пелетэй нэг категорид орж ирэв.

Катарын Лусаил цэнгэлдэхэд гал гарч, галав юүлсэн тоглолтыг цэнхэр гаригийн дор хаяж таван тэрбум хүн үзлээ, харлаа. Аргентин хоёр удаа тэргүүллийг авсан ч Франц тэр дундаа Мбаппе хариуг нь барьж, тоглолтод амьд үлдэж байв.

Энэ өдөр Сколани талбайд Анхель ди Мариаг гаргасан нь зөв шийдвэр байж, тэрбээр багтаа торгуулийн цохилт авчраад зогсохгүй багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан. Тоглолтыг эхний гоолыг Месси торгуулийн цохилтоос оруулсан бол хоёр дахь гоолыг сөрөг довтолгооноос ди Мариа оруулсан юм. Ийнхүү 2 – 0 гэсэн харьцаатай эхний хагас өндөрлөсөн.

Дэлхий нийтээрээ Францыг хариу үйлдэл үзүүлэлгүй, хожигдлоо гэж санасан байх. Гэвч тийм зүйл тохиосонгүй. Дидье Дешамын гол тамирчдаа суулгасан зоримог сэлгээнүүд үр дүнгээ өгч, талбайд гарсан Францын залуучууд гялалзаж эхэлсэн. Ялангуяа эхний хагаст чимээгүй байсан Килиан Мбаппе 80 болон 81 дэх минутуудад дараалан гоолдож, тооны харьцааг 2-2 болгов. Аргентин барьц алдсан. Францын довтолгоо улам ширүүсч, дахин гоол оруулах боломж үүсгэж байлаа.

Улмаар нэмэлт цаг гарсан. Хоёр баг хоёулаа аюултай довтолгоо гүйцэтгэж, хэн хэн нь гоол оруулахад төө сөөм дутсан. Хоёр дахь 15 минутын эхлэлд Аргентины сөрөг довтолгоо үр дүнгээ өгч, Месси энэ тоглолтын хоёр дахь, энэ дэлхийн аваргын долоо дахь гоолоо оруулсан. Ингээд л дууслаа гэж бодсон ч Мбаппе арай өөр байдалтай байлаа. Түүний алсын цохилтыг Францын хамгаалагч гараараа хаасан гэж шүүгч үзэн торгуулийн цохилтыг Францад заав. Мэдээж Мбаппе алтан боломжийг алдалгүй ашиглаж, тус тоглолтын гурав дахь, энэ тэмцээний найм дахь гоолоо орууллаа. Цаг дуусахын алдад Коло Муани Аргентины хаалгачийн өмнө ганцаараа сул гарч ирсэн ч гоол оруулах сайхан боломж алдсан юм.

Ийнхүү тоглолт үндсэн болон нэмэлт цагт тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор 22 дахь удаагийн ДАШТ-ий аварга тодрох болсон юм. Францаас Мбаппе багийнхаа эхний цохилтыг амжилттай гүйцэтгэсэн ч Коман, Тчуамени нар дараалан алдаж, эсрэгээрээ Аргентины дөрвөн тамирчин цохилтоо амжилттай гүйцэтгэснээр тэд дэлхийн аваргын гурав дахь алтан дагинаа Мессигийн эрин үед хүртсэн.

Тоглолтын дараа Аргентины дасгалжуулагч Лионель Сколани “Үнэхээр бахархаж байна. Өнөөдөр би эрх чөлөөтэй байна. Баг минь надад баяр бахдлыг төрүүллээ. Тэд үүнийг өөрсдөө бүтээлээ” гэсэн бол тоглолтын гол баатруудын нэг хаалгач Эмилиано Мартинез “Бид тоглолтыг удирдаж байсан ч өөрсдийгөө хүнд байдалд оруулчихсан. Франц бараг л хожлын гоол оруулах дөхлөө. Гэхдээ бурхандаа баярлалаа, бид энд зогсч байна. Дэлхийн аварга бол миний мөрөөдөл. Одоо мэдэрч байгаа бүхнээ юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна” гэв.

Харин Родриго де Паул “Бид зовлон үзэж, амьдралаараа таагүй зүйлстэй учирлаа. Гэхдээ үүнийг хэзээ ч мартахгүй. Бид шударга ялагчид гэж бодож байна. Аварга болохын тулд аваргыг ялах ёстой. Бид чадлаа. Энэ баяр баяслыг үгээр илэрхийлэх боломжгүй” гэлээ.

Тэгвэл Францын хаалгач Уго Льорис “Бид хэт сэтгэл хөдлөлдөө автчихлаа. Бараг л боксын тулаан шиг юм боллоо. Ганц харамсч байгаа зүйл нь бид нэгдүгээр үед тун муу тоглолоо. Бусдаар бол бид бууж өгсөнгүй, эцсээ хүртэл итгэлээ. Ялагдагч байх үргэлж хэцүү байдаг. Гэхдээ бид тэмцээний эхнээс л бүхнээ зориуллаа. Энэ сарын турш бүхнээ зориулж юу ч үгүй боллоо” гэсэн юм.

Тус тоглолтын шилдгээр Лионель Месси тодорсон. Мөн тэрбээр энэ тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч, алтан бөмбөг хүртсэн. Харин Мбаппе мэргэн буучаар тодорсон бол Эмилиано Мартинез алтан бээлий, Энцо Фернандез шинэ залуу тоглогч тус тус болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж