“МАН жагсаалаар дөрөөлөн дотоод асуудлаа шийдэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

“МАН жагсаалаар дөрөөлөн дотоод асуудлаа шийдэж байна"

“МАН жагсаалаар дөрөөлөн дотоод асуудлаа шийдэж байна"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой нүүрсний хулгайн асуудлаар ярилцлаа.


-Нүүрсний хулгайн асуудал дотоодод төдийгүй гадаадад ч анхаарлын төвд байна. МАН таван гишүүнээ  энэ хэрэгтэй холбоод шалгаж байгаагаа ил зарлачихлаа. Танай намаас, бүр тодруулбал бүлгийн чинь хоёр гишүүнийн АТГ сэжигтнээр зарласан.  Нүүрсний хулгайн асуудал цаашид юу болж өрнөх бол гэсэн хүлээлт олон нийтэд их байна. Энэ талаарх таны байр суурь?

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашгаас улстөрчид хулгайлж байгааг хоёр жил ярьсан. Энэ талаар эрх баригчид өөрсдөө бүгдийг мэдэж байсан. Гэтэл өнөөдөр намын доторх зөрчлөөсөө болж гаргаж тавьж байна. Ард иргэд нүүрсний хулгайн эсрэг олон хоног жагсч байгаа. Иргэдийн амьдрал хэцүүдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, орлогогүй хүнд байхад албан тушаалтнууд их хэмжээний авлигал, хээл хахууль луйвар хийж байгаад тэд дургүйцэж байна. Харин эрх баригчид ард иргэдийн тэмцэл дээр дөрөөлөөд намынхаа дотоод хэрүүлийг нэг тийш нь шийдэх гэж оролдож байна. Нүүрсний хулгайг гурав ангилж болно. Нэгдүгээрт, тээврийн хулгай. Тухайлбал, уурхайн аман дээрээ 60 ам.доллараар зарчихдаг. Гэтэл дэлхийн зах зээлийн ханш 600 ам.доллар хүрээд байдаг. Энэ дундах мөнгийг Цагаанхаднаас Ганцмодны боомт хүртэл 29 км-т 120 сая төгрөгөөр тээвэр хийх замаар хулгайлж байна. Хоёр дахь хулгай бол оффтейк гэрээний хулгай. Нийтдээ 11 гэрээ бий. Дээрх гэрээнүүдийг хийсэн хүмүүс хоёр дахин нугалсан ашиг хийсэн. Жишээ нь Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр замыг хоёр сая ам.доллар хүрэхгүй мөнгөөр барьчхаад 4.5 сая ам.долларын гэрээ хийчихсэн. Дээрээс нь 60 ам. доллараар нүүрсний гэрээ байгуулчхаад хэдэн зуун ам.доллараар цаашаа зардаг. Гуравдугаарт, нүүрс худалдан авах гэрээтэй холбоотой авлига, луйвар байна. УИХ-ын гишүүд, сайд дарга нар болон хуулийнхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг дээр очоод хэдэн зуун янган ам.долларын гэрээ байгуулахыг гуйдаг, шаарддаг, авлигаддаг.   Үүнийг өнгөрсөн хугацаанд эрх баригчид мэдэж байсан хэрнээ өөрсдийнхөө эрх ашигтай үед гаргаж ирж байгаа нь харамсалтай.

-Олон нийт МАН өөрсдөдөө хариуцлага тооцох эсэхэд эргэлзэж байна. Ер нь нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хариуцлага тооцож чадах болов уу, та юу гэж харж байна?

-АН-аас хоёр, МАН-аас таван хүний нэр зарласан. Манай АН-ын хоёр хүн ямар ч асуудалгүй хүмүүс байгаа. МАН-ын таван хүн зарласан нь тактиктай байх. Жагсагчид дахиад өөр хүн зарла, нэр өг гэж шаардахад нь зарим хүмүүсийн нэрийг гаргаж ирэх байх гэж харж байна. Гал унтраах маягаар эхний ээлжид энэ тавыг шидээд үзье, болохгүй бол дахиад хүн зарлая гэдэг тактиктай явж байх шиг. Ийм байдлаар хулгай луйврын асуудлыг цэгцэлж чадахгүй. Ер нь хулгайч хүн хоёр сар айдаг. ЖДҮ-ийн асуудал босч ирэхэд хоёр сарын дараа концесс руу орсон. Концесс сөхөгдөөд мөн л хоёр сарын дараа хэсэг айснаа Хөгжлийн банкны хэрэг рүү орсон. Хөгжлийн банкны асуудал намжмагц нүүрсний хулгай руу оржээ. Гэхдээ Эрүүгийн хуулийг чангатгах Ерөнхий сайд, Засгийн газрын санаачилга зөв. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд заль хийсэн заалтыг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг дээр миний бие зассан.

-Эрүүгийн хуулийг эрх баригчид зальдах гэсэн гэлээ. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хууль эсрэгээрээ авлигачдад хатуу хууль болсон гэж эрх баригчид  хэлж байгаа.  Эрүүгийн хуулийн шинэчлэлт хэр болсон бэ?

-Гэмт хэргээ хөнгөлөх Эрүүгийн хуулийн 6.7 дахь заалтыг сэмхэн оруулж ирсэн байгаа юм. Эрх баригчид нэг гараараа хялбаршуулсан шугамаар хэргээ шийдвэрлүүлэх заалтыг болиуллаа гэсэн. Гэтэл өөр нэг заалтад үүнийгээ оруулаад ирсэн. Тэрхүү 6.7 дугаар заалт нь ялыг хөнгөрүүлэх, өөрөөр хэлбэл өөрийнхөө гэмт хэргийг нотолсон, бусад гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн, хохирлоо барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөлөх заалтууд байдаг. Энэ заалтыг жишээ нь Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд оруулаад ирэхээр нөгөөх нүүрс гаргасан албан тушаалтан ердөө 2-8 жилээр яллагдана. Өөрөө гэмт хэргээ хийсэн гээд хүлээгээд, хохирлоо барагдуулаад, хамжигчаа зарлачихлаа. Тэгэнгүүт хоёр жилээр ял өгөөд, 50 хувиар хөнгөлөөд, үндсэндээ сайн хүмүүжигч байсан гээд үндсэндээ зургаан сар суугаад ялаас мултарчих боломжтой болж байна. Ийм замаар энэ хүмүүсийг дээрх хуулийн заалтын дагуу чөлөөлөөд гаргаад авах боломжийг эрх баригчид оруулж ирснийг болиулсан.

-Удахгүй болох хяналтын хорооны хэлэлцүүлгээс та ямар үр дүн хүлээж байна вэ. Нүүрсний хулгай цэгцрэх болов уу?

-40 их наяд төгрөгийн хулгай явагдсан гээд эрх баригчид ярьж буй. Хэлэлцүүлгийн үр дүнд тэр мөнгөө олж авах нь бидний хувьд чухал. Тийм учраас хууль хяналтынхан маш сайн ажиллах ёстой. Хэлэлцүүлэг хийнгүүт хулгайч нар мөнгөө төлчихдөг юм ерөөсөө байхгүй. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Энэ хууль чинь буцаж үйлчлэхгүй.  Тиймээс ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон бумад нүүрний хэрэгт холбогдсон аливаа албан тушаалтнууд энэ хуулийн дагуу чанга ял авч чадахгүй. Хэлэлцүүлэг болж, хуулиа чангалж болно. Гэхдээ бидний ирээдүйд хулгай луйваргүй амьдрах орчныг бий болгох ёстой. Гэхдээ хулгайч нар хоёр сар айдаг гэдгийг ямагт санаарай.

"АН-ЫН  ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ХУЛХИДАЖ БАЙГААД ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНДҮҮРЭЛ"

-2023 онд УИХ-ын ээлжит сонгууль болж магадгүй гэсэн яриа гарах болсон. Ерөнхий сайд ч үүнийгээ илэрхийлсэн. 2023 онд ээлжит бус сонгууль явуулах боломж, хууль эрх зүйн шинэчлэлийг хийх болов уу. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг та дэмжих үү?

Тогтолцооны хувьд МАН Үндсэн хуулиар ойрхон буюу нэг жилийн хугацаанд хоёр удаа гар хүрч болохгүй. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоог ярина гэж байгаа бол АН санаачилж болно. Гэхдээ өнгөрсөн найман сард Үндсэн хуулийн өөрчлөлт хийдэг шиг манай зургаан гишүүнд сайд амлаж, хулхидаж байгаад тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж байгаа бол эндүүрэл. Манай намын асуудалд шүүхэд нөлөөлөх зүйлийг эрх баригчид хийж байгаа. Тиймээс ядаж л намынхаа асуудлыг шийдэх тохиролцоонд өөрчлөлтийг хийж болох юм гэсэн бодолтой байна.

-Сайд нарын зүгээс нүүрсний хулгайн автор бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Оффтейк гэрээний яг энэ схемийг зааж өгсөн хүн бол Х.Баттулга. Тиймээс хаацайлж хамгаалаад байх зүйл надад алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж