Иргэдийн итгэл үнэмшлийг “худалдахгүй” байхыг улстөрчдөөс шаардая!

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Иргэдийн итгэл үнэмшлийг “худалдахгүй” байхыг улстөрчдөөс шаардая!

Иргэдийн итгэл үнэмшлийг “худалдахгүй” байхыг улстөрчдөөс шаардая!

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн буруу, бодлогогүй шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал, цуглаан зохион байгуулахыг Үндсэн хуулиар олгосон байдаг.

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ:

  • Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ.
  • Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж,энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ.

 6 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа:

  1. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих,эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно.
  2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг тараахыг хориглоно.

Гэхдээ Монголд болдог жагсаал, цуглааныг улстөрчид гардаж хийх нь олонтаа.

Сүхбаатарын талбайд үргэлжилж буй нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах жагсаал одоо зорилго, агуулга нь өөрчлөгдөж, илүү улс төрийн шинж рүү орчихжээ гэж хүмүүс тайлбарлаж, ярьж эхэлжээ. Угтаа бол 15 хоногийн өмнө эхэлсэн жагсаал нүүрсний хулгайчдын нэрсийг шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж эхлэв. Жагсаалын дунд үеэс энэ жагсаалыг нүүрсний хулгайтай холбоотой, оюутны холбоогоор удирдуулсан захиалгатай болж өрнөсөн бөгөөд төгсгөл хэсэг нь нүүрсний хулгайд холбогдсон хүмүүс төдийгүй экс Ерөнхийлөгчийн АН-ын талынхан гартаа авав. Ингэж жагсаалын өрнөл үргэлжилсээр өнөөдөр 15 дахь хоногтойгоо золгож байна.Нэг зүйлийг онцлоход, жагсаал эхний өдрөө бол органик байсан гэж харж болохоор. Тиймээс ч Хотын дарга нь албадан тараах захирамж гаргаж, цуцалж, парламент нь онц байдал зарлах санаачлага хүртэл гаргаж байсныг сануулъя.

Мэдээж нэг хэсэг нь улс төрийн зорилготой байж болох ч нөгөө хэсэг нь сонжиж, өөр нэг хэсэг нь өнөөдрийн нийгмийн амьдрал, асуудлыг шүүмжилж хэлж ярьж байна. Эрүүл зөв жагсаал гэж бий. Тэр нь ч андашгүй.

Харин зохион байгуулалттай, хэн нэгний эрх ашгийг хөндсөн,  хэн нэгний эрх мэдлийг нэмэх гэсэн жагсаал түлхүү олон болсоор ирсэн нь иргэдийн хүсэл сонирхлоор болдог жагсаал гээд ялгаатай, түүнийг нь ч иргэд мэддэг болсон. Нөгөө талд бид жагсаал цуглаан зохион байгуулах хуультай. 1994 онд батлагдсан энэ хууль бидэнд Сүхбаатарын талбай дээрээ гарч нэгдээд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нээж өгсөн давуу талтай хууль. Гэхдээ энэ хуульд одоо нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсныг олон үйл явдал гэрчилж байна. Магадгүй жагсаал цуглаан улстөрчдийн санхүүжилттэй байна, санхүүжилт нь ил тод байна, жагсч байгаа иргэд гэр барих, барихгүй байх гэх мэт өнөө цагтайгаа, бодит нөхцөл байдалтай ойртсон заалтуудыг оруулж өгөх ёстой гэдгийг хэлэх хүмүүс олон бий.

Тиймээс иргэдийн үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлдэг жагсаалыг нь улстөрчид бантагнуулах тусам иргэдийн эрхийг хумиж байна. Нөгөө талд улстөрчдөд “худалдагдаж”, зохион байгуулалттайгаар жагсчдаг хэсэг бүлэг байгаа ч өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн иргэдийн “зориг”-ийг мохоохгүй байхыг улстөрчдөөс шаардмаар.

Жагсаал хэдий чинээ органик байх тусмаа илүү их үр дүнтэй, хариуцлагатай байж болохыг дэлхийн олон улс оронд өрнөдөг жагсаалаас харж болно. Улстөрчдийн гар хөл болж, улстөрчдийн эрх ашигтай нэгдэх тусам итгэл үнэмшлээрээ жагсах, үгээ хэлэх иргэдгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж