Өрийн дэвтэр: Нэг айл 1.5-2 сая төгрөгийн өртэй байна

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Өрийн дэвтэр: Нэг айл 1.5-2 сая төгрөгийн өртэй байна

Өрийн дэвтэр: Нэг айл 1.5-2 сая төгрөгийн өртэй байна

Айл өрхүүд өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнээ авахад ч сарын цалин хүрэлцэхгүй байгаа талаар хэлж буй. Тиймээс нийслэлийн захын гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр орж иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар сурвалжиллаа.

Худалдагчдын хэлж байгаагаар он гарахаас өмнө татан авалтын падаануудаа тулгаж, зээлээ төлөх ёстой ч иргэд өрийн дэвтэрт бичүүлсэн өрөө төлөхгүй байгаа аж.

Тухайлбал, иргэдийн дээд тал нь 5-6 сарын хугацаанд зээлээр хүнсээ авчээ. Гэвч цалин, хүүхдийн мөнгө нь өмнөх зээлүүдээ төлөөд хүнсний дэлгүүрийн өрөө бүрэн дарж чадахгүй болсон гэв.а.

ЗЭЭЛ ӨГӨХГҮЙ БОЛ ХУДАЛДАН АВАГЧ БАЙХГҮЙ

Байршил, цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хүнсний дэлгүүрийн бизнес хийхэд улам хүндрэлтэй болж байгааг хэлэв. Худалдагчид зардлаа хасаад сард доод тал нь 2-3 сая төгрөгийн ашиг олдог байсан бол сүүлийн жилүүдэд компаниудаас авсан бараа бүтээгдэхүүний зээлээ арай л гэж нөхдөг болсон гэнэ. Яармагт байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч “Он дуусах гээд татан авалтын падаанаа тулгасан. Компаниуд дэлгүүрүүдэд сард 1-2 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн зээлээр олгодог. Гэвч өнгөрсөн есдүгээр сараас эхлээд зөвхөн бэлэн мөнгөндөө тааруулж захиалга хийх боломжтой гэж байна. Их хэмжээний орлогогүй, өр зээлтэй хүнсний дэлгүүрүүд татан авалтаа хийж чадахаа больсон.

Импортын бараа гэлтгүй дотоодын хүнсний бүх бүтээгдэхүүний үнэ өссөн. Хамгийн их үнэ өссөн бүтээгдэхүүн бол гурил, будаа, ургамлын тос.

Хүмүүс 3000-4000 төгрөгт тааруулж мах, нэмээд хоёр төмс, нэг лууван, манжин, тал байцаа авдаг. Өдрийн хоолоо зээлээр авахгүй айл гэж ховор. Хүмүүс орж ирээд бичүүлье гэхээр үгүй гэж хэлж чаддаггүй. Зээл өгөхгүй бол худалдан авагч байхгүй болно.

Ойр, ойрхон байрладаг олон хүнсний дэлгүүр бүгд зээл, өрийн дэвтрээр гол зогоож байна.

Зургаан нэр, найман нэр, мини маркет, супермаркет гээд жижиг, том хамаагүй өрийн дэвтэргүй газар нэг ч байхгүй. ТҮЦ-нд хүртэл хүмүүс өр тавьж байна. Манай дэлгүүрт дээд тал нь 2,2 сая төгрөгийн өртэй айл байна. Гэр бүлийнхнийг нь бүгдийг нь танина. Хэлэхээр угаасаа боломжгүй гэдэг. Нийт найман сарын хугацаанд зээл авсан.

Мах, гурил, будаа гээд дандаа хүнсний бүтээгдэхүүн зээлсэн.

Өгөх байх гэж найдаад л явж байна” гэлээ.

ӨДӨРТ 20 ТАЛХ, 10 БООРЦОГ АВДАГ Ч ТАЛ НЬ ЛАНГУУН ДЭЭРЭЭ ҮЛДДЭГ

Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхөөр дагаад талх, нарийн боовны үнэ нэмэгддэг. Тиймээс сүүлийн саруудад талх 2400-3200 төгрөг болж, боорцог 750 грамм савлагаатай хамгийн хямд нь 5800 төгөрг болсон байна.

Үнэ өсөхийн хэрээр иргэдийн худалдан авалт багасч, өдөрт авдаг 20 талх, 10 уут боорцогных нь тал нь зарагдаж байгааг худалдагч хэллээ.

Харин  иргэдийн худалдан авдаг бүтээгдэхүүн нь тамхи, архи, задгай буюу граммаар авдаг бууз, банш, бэлэн гоймон гэв. Гэхдээ архи, пиво дээр зээл өгдөггүй байна. Зээл авч байгаа хүмүүсийн ихэнх нь өдөр, өдөртөө бичүүлдэг бөгөөд доод тал нь 5000-10000 төгрөгөөр хүнс авдаг байна.

Гэр хорооллын дунд байрладаг дэлгүүрүүдийн хувьд чихэр, пичень гэхээс илүүтэй хямд, арвин хүнсний бүтээгдэхүүн авч 200-500 төгрөг нэмэх нь ашигтай болсныг хэлж байлаа.

ИРГЭД: ТАЛ БАЙЦАА, 2 ТӨМС, МАНЖИН АВАХАД 3500 ТӨГРӨГ

Тэгвэл худалдан авагчид цалин орлого нь сарын хүнсэндээ хүрдэггүй тул ойр хавийн дэлгүүрүүдэд өр тавихаас өөр аргагүй болж буйгаа ярилаа.

Таван ам бүлтэй айл оройн хоол хийхэд 10 мянган төгрөгөөр олигтой хүнс бэлтгэж чадахгүй байгааг худалдан авагч Б хэлэв.

Тэрбээр тал байцаа, хоёр төмс, манжин авахад 3500 төгрөг. Үүн дээр нэмээд мах, амтлагч, талх авах гэхээр мөнгө нь хүрэхгүй бичүүлж байна гэсэн юм. Ойр орчимд байрладаг байнга худалдан авалт хийдэг дэлгүүрүүд нь зээл өгөхөөр амар байдаг аж. Гэхдээ зарим хүн зээлээ төлөхгүй нүүгээд явчхаар нөгөө хүнсний дэлгүүр нь бусад хүмүүст зээл өгөхөө больдог байна.

Тиймээс иргэдэд өдөрт 30 мянган төгрөгөөс зээл зарим дэлгүүр олгодоггүй аж.

4-5 АМ БҮЛТЭЙ АЙЛД САРЫН ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА ГЭВ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр иргэдийн дундаж цалин 1.3-1.5 сая төгрөг. Энэ бол дундаж. Бодит цалин бол татвар шимтгэлээ хасаад 700-900 мянган төгрөг. Нэг гэрт 4-5 ам бүл байлаа гэхэд тэдний хоёр нь ажил хийж хоёр сая төгрөгийн цалин авсан ч сарын хоол хүнсээ хангахад хүндрэлтэй болжээ. Тиймдээ ч иргэд ойролцоох дэлгүүрүүдийнхээ өрийн дэвтэрт бичүүлж өдрийн хоолоо залгуулах болсон байна.

Хүнсний дэлгүүрүүд 1-2 өрийн дэвтэртэй. Түүний нэгд нь 5-8 сая төгрөгийн зээл бичээстэй байна.

Харамсалтай нь хэзээ өгөх нь тодорхойгүй. Гэлээ ч зээл өгөхгүй байхаас аргагүй гэдгийг худалдагчид хэлсэн.

Эрх баригчид дээрээ их наяд нүүрсний хэрүүл хийж, харин иргэд нь өрөөс өрний хооронд, үмх мах, зүсэм талхаа зээлээр авч идэж байна.  Өөрөөр хэлбэл, нэг хэсгийнх нь хулгайлсан баялгийн мөнгө багтаж шингэхээ больж, нөгөө хэсэг нь баялгийн хусам ч долоож чадахгүй, амьдрал нь өдрөөс өдөрт уруудаж буй нь худлаа биш юм.  Ирэх оноос иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Иймээс эдийн засаг улам муудаж, үйлчилгээний салбарууд хаалгаа барьж магадгүйг эдийн засагчид сануулсаар. Ямартай ч иргэд нь хоногийн хоолоо өрөөр залгуулж, эрх мэдэлтнүүд нь их наяд дээрээ зодолдож буй Монголын эдийн засагт хэзээ үүр цайхыг хэн ч үл мэднэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж