Хятадууд хатуу бодлого баримталсан хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хятадууд хатуу бодлого баримталсан хэвээр байна

Дэлхийн санхүүгийн зах зээлийн  33 дахь долоо хоногийн тойм мэдээ гарчээ. Уг мэдээллийг Монголбанк өөрийн сайтдаа тавьсан байна. 33 дахь долоо хоног гэдэг нь наймдугаар сарын 16-22-ны өдрүүд багтаж байгаа юм. Энэхүү тоймд сүүлийн хоёр улирлын мэдээллийг 33 дахь долоо хоногтой харьцуулан гаргаснаараа онцлог юм.

Америкчууд ажилгүйчүүдийн даатгалд олноороо хамрагджээ
 
АНУ-д долдугаар сард инфляцийн өсөлт бага байсан нь импортын бүтээгдэхүүний үнэ таамаглаж байснаас багаар буюу 4.9 хувиар өссөнтэй холбоотой байна. Импортын үнийн индекс нь зургадугаар сард 1.3 хувиар буурсан бол долдугаар сард 0.2 хувиар өссөн нь сүүлийн гурван сарын анхны өсөлт болж байна хэмээн тус улсын хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ. Хятад болон Америкийн эдийн засаг суларч байгаа нь дэлхий эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдал нь АНУ-д сүүлийн өдрүүдэд бүтээгдэхүүний үнэ унах шалтгаан болжээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 2011 он хүртэл одоогийн байгаа 0.25 хувийн түвшинд барина гэсэн эдийн засагчдын таамаглал нь компаниуд бүтээгдэхүүний үнийн дээд хязгаар буюу үнийн таазаа цааш хадгалсаар байх шалтгаан болж байна. Бүтээгдэхүүний үнийн дээд хэмжээ гэдэг нь үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд Засгийн газраас тогтоосон үнийн хязгаарлалт юм. Хэдий тийм боловч Нью-Йорк дахь Номура олон улсын байгууллагын ахлах эдийн засагч Д.Реслер хэлэхдээ “Ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байна. Нөөцийн хомсдол хаа сайгүй байгаа нь инфляцийг барих арга зам одоогоор харагдахгүй байна” гэжээ.

Өнгөрөгч долоо хоногт америкчуудын ихэнх нь ажилгүйдлийн даатгалд хамрагдаж байгаа нь эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаагийн шинж тэмдэг болж байна гэж хөдөлмөрийн яамнаас мэдээлсэн. Наймдугаар сарын 7-ны байдлаар ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагсдын тоо 2000-аар нэмэгдэж 484,000 болсон нь хоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшин юм байна. 
 
Германы ДНБ дээд хурдаараа өсчээ
 
Хөрөнгө оруулагчид Испанид хөрөнгө оруулахаас зайлсхийж байгаа учраас долдугаар сард Европын төв банкнаас Испаний банкуудад 130.2 тэрбум еврог (167 тэрбум ам.доллар) дахин зээлдүүлсэн. Энэ зээлийн дүн нь зургадугаар сард олгосон 126.3 тэрбум еврогийн зээлээс 3.1 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Испанийн төв банк мэдээллээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн том уналт буюу 2008 оны хямралын дараа Испани улс үл хөдлөх хөрөнгийн үнийн бууралтаас маш их хэмжээний алдагдал хүлээсэн нь Испанийн банкууд үнэт цаасны зах зээлээс гарахад хүргэжээ. Испанийн банкны систем дэх муу зээл өнгөрсөн оны мөн үед 4.7 хувь байсан бол тавдугаар сард 5.5 хувь хүрч өссөн байна. Европын холбооноос явуулсан стресс тестэнд Испанийн таван банк тэнцээгүй ба тэдгээр банкууд 1.84 тэрбум еврогийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарчээ.
Германы ДНБ хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 1.7 хувиар өсч 2.2 хувьд хүрчээ. Германы эдийн засгийн өсөлтийн энэ хурд нь хоёр герман нэгдсэнээс хойшхи хамгийн дээд хурд юм. Дэлхийн эдийн засгийн их хямралын дараагаар Европын хамгийн том эдийн засаг болох герман улс евро бүс болон бусад улсуудтай экспортоор илүү их өрсөлдөж дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж чадсан.
 
Их Британид ажил эрхлэлт нэмэгджээ
 
Британийн Засгийн газар дэлхийн хоёрдугаар дайнаас хойш зардлыг бууруулахыг зорьж ажиллаж ирсний үр дүнд ажилгүйдлийн түвшин 7.8 хувь болж буурчээ. Хоёрдугаар улиралд  Британичууд ажилгүйдлийн түвшингээ Олон улсын хөдөлмөрийн байгууллагаар үнэлүүлэхэд 49.000-аар буурч 2.46 сая болсон гэж гарчээ. Энэ дүн нь 2007 оноос хойшхи хамгийн их бууралт байв гэж Лондон дах үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн улиралд цагийн ажил 115 мянгаар, өдрийн ажил буюу бүтэн цагийн ажил 68 мянгаар, сул ажлын байр есөн мянгаар тус тус нэмэгдсэн. Британийн ажилгүйдлийн түвшин бусад улсуудтай харьцуулахад бага байгаа ба ажилгүйдлийн түвшин АНУ-д 9.5 хувь, европын холбоонд 10 хувьтай байна. Харин Британи дахь ажил эрхлэлт долдугаар сард 184 мянгаар нэмэгдэж 29 саяд хүрсэн байна. Өмнөх сард ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагсдын тоо 3800-аар буурч 1.46 сая болсон нь таамаглалаас бага гарсныг Блумбергын түүвэр судалгаа харуулж байна. Хувийн салбар дахь ажлын байрны тоо өсч байгаа нь төрийн албан хаагчдын тоог нэг хувиар бууруулж төсвийн алдагдлыг багасгах боломжийг бүрдүүлж байна гэж Ерөнхий сайд Д.Камерон үзэж байна. Ажил эрхлэлт өсч буй нь эдийн засаг эрүүл байна гэсэн зоригийг өгч байна гэж Инвэст сикюрите компанийн эдийн засагч Д.Пэйже өгүүлжээ.
 
Япон дотоодын өрийг багасгана
 
Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралттай байгаагаас шалтгаалж  гуравдугаар улиралд Японы эдийн засаг маш удаанаар тэлж магадгүй, мөн дэлхийн хамгийн том дотоодын өр буюу Японы засгийн газрын дотоодын өрийг багасгах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд Н.Кан мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ. Японы засгийн газрын дотоодын өрийн хэмжээ эдийн засгийн 200 хувьд дөхөж очоод байгаа юм. 
 Хоёрдугаар улиралд тус улсын ДБН жилийн 2.3 хувь болж буурсан байсан. Иен сүүлийн 15 жилийн хамгийн чанга түвшиндээ хүрээд байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж дэлхийн эдийн засгийг удаашруулж байхад эдийн засгийн өдөөгч хүчин зүйлсийн нэг болох хэрэглээний зардал буурч байна. Засгийн газрын өрийг багасгах арга хэмжээтэй уялдуулсан, эдийн засгийг дэмжиж, дефляцийг бууруулахад чиглэсэн Японы төв банкны мөнгөний зөөлөн бодлого нь эдийн засгийн өсөлтөд  нэмэлт дарамт болж магадгүй юм.

 
ОХУ-ын эрчим хүчний борлуулалтын орлого өсчээ
 
Хоёрдугаар улиралд Оросын эдийн засгийн өсөлт хурдацтай байсан нь бүтээгдэхүүний дотоодын эрэлт сайжирч үнэ өссөнтэй холбоотой юм. ДНБ нэгдүгээр улиралд 2.9 хувиар өссөн бол хоёрдугаар улирлын төгсгөлд өнгөрсөн жилийн мөн үеээс 5.2 хувиар өссөн байна гэж Москвагийн статистикийн хорооноос мэдээллээ. Энэхүү эдийн засгийн хурдацтай тэлэлтийг нэгдүгээр улиралтай харьцуулахад хөрөнгө оруулалт, жижиглэн худалдааны борлуулалт зэрэг нь их хэмжээгээр нэмэгдсэн байв хэмээн ING Groep NV компанийн ерөнхий эдийн засагч Д.Полевое өгүүлжээ. Харин сангийн сайд ДНБ-ийг 5.4 хувиар өсгөж импортын тодорхой хэсгийг экспортоор орлуулах боломжтой гэсэн байр суурьтай байна. Газрын тос болон хийн түлшнээс бүрдэх эрчим хүчний борлуулалт нь тус улсын нийт экспортын 72 хувийг бүрдүүлдэг. Эрчим хүчний борлуулалтын орлого болон дотоодын эрэлт нь тайлант долоо хоногт өнгөрсөн жилийн мөн үеэс 7.9 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ.
Оросын Засгийн газрын бондын эрэлт гурав дахь долоо хоногоо дараалан хамгийн доод түвшиндээ хүрч унасан шалтгаан нь АНУ-ын эдийн засгийн сэргэлтийн удаашрал юм. Засгийн газрын гаргасан 25 тэрбум рублийн ($820 сая ам.доллар) бондын 44 хувийг долдугаар сарын 21-ний дуудлага худалдаагаар арилжааллаа гэж Оросын төв банк мэдэгдсэн. Засгийн газрын энэхүү үнэт цаас нь 2015 оны долдугаар сард дуусах хугацаатай ба 7.07 хувийн өгөөжтэй байсан. Уг өгөөжийн түвшин нь зах зээл дээрх өгөөжийн түвшингээс гурван  суурь нэгжээр илүү байна гэж Блумбергийн мэдээнд дурджээ. Харин 2011 онд хугацаа нь дуусах өөр нэг Засгийн газрын бондыг 4.38 хувийн өгөөжтэйгээр энэ сарын 11-нд арилжаалжээ.

Хятадад орон сууцны зээл олголт буурав
 
Хятадын хамгийн баян хот болох Шанхайд сууцны зээлийн олголт өнгөрсөн жилийн мөн үеэс 11.4 тэрбум юаниар ($1.68 тэрбум) буурч 270 сая юаньд хүрчээ. Энэ нь 98 хувиар буурсан гэсэн үг юм байна.  Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ болон борлуулалт буурч байгаа нь засгийн газрын тухайн зах зээлийн үнийн хөөрөгдлийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбоотой бөгөөд төв банкны бодлогын зөвлөл наймдугаар сарын 6-нд энэ асуудалтай холбогдолтой дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
Олон орон сууцтай хүмүүсийн хувьд дахин орон сууцны зээлд хамрагдвал зээлийн хүүг өсгөж, анхны суурь төлбөрийн дүнг нэмэгдүүлэх, хотын А зэрэглэлийн бүсэд 3 дахь орон сууц худалдан авах хүмүүст зээл олгохгүй байх зэрэг шаардлагыг оруулсан байна.  Долдугаар сард үл хөдлөх хөрөнгийн үнэ Хятад даяар зогсонги байдалд орсон ба үл хөдлөх хөрөнгийн борлуулалт өмнөх сараас 29 хувиар унасан нь засгийн газрын түүвэр судалгаанаас харагдлаа. Өнгөрсөн хугацаанд долоо  хоногт 137.000 м2 шинэ орон сууц борлуулагдаж байсан бол тайлант долоо хоногт энэ дүн 11 хувиар буурлаа гэж үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ мэдээллийн Ювин компаниас мэдэгдээд байна. Мөн шинэ орон сууцны нийлүүлэлт өмнөх долоо хоногоос 36 хувиар буурч 97.000 м2 боллоо. Хятадын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх хатуу бодлогоо цаашид үргэлжлүүлбэл энэ жилийн сүүл гэхэд орон сууцны үнэ дахин 20 хувиар унах болно гэж зарим эдийн засагчид үзэж байна. Харин Хятадын банкууд зургадугаар сарын сүүлээр 5.74 их наяд юанийг орон сууцны зээл болгон гаргасан нь өмнөх жилтэй харьцуулахад 48.8 хувиар нэмэгдсэн дүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж