Хорватын шигшээ баг Йоско Гвардиол, Мислав Оршич нарын гоолоор Марокког хожин хүрэл медалийн эзэд боллоо.
ХОРВАТ 2 – 1 МАРОККО
2018 оны мөнгөн медальт хорватчууд энэ удаад хүрэл медаль хүртлээ. Ердөө зургаан удаа ДАШТ-д оролцсон улс түүхэндээ гурав дахь медалиа хүртэж байгаа нь энэ. Тэд анх 1998 онд хүрэл медаль авч байв.
Дээрх хоёр баг 24 өдрийн өмнө хэсэгтээ учраа таарахад тоглолт 0-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн. Тэгвэл энэ удаад илүү нээлттэй, довтолгоо зонхилсон тоглолтыг үзүүлэв. Дөнгөж нэгдүгээр үеийн долоо дахь минутад Йоско Гвардиол гоол оруулж, Хорват илүү гарсан боловч ес дэх минутад Мароккогоос Ашраф Дари гоолдон тооны харьцааг тэнцүүлсэн.
Улмаар нэгдүгээр үеийн 42 дахь минутад Мислав Оршич талбайн хурц өнцгөөс гайхалтай алсын цохилтыг гүйцэтгэн Яссин Бунугийн хаалганы торыг мялаав. Үлдсэн хугацаанд нэмж гоол орсонгүй Лука Модричоор ахлуулсан Хорват хоёр ДАШТ дараалан медаль хүртлээ.
Тоглолтын хоёрдугаар үед Мароккогийн довтолгоо эрчимжсэн бөгөөд гоол оруулах боломж үүсгэсэн ч гоол болгож чадаагүй. Мөн шүүгч хэд хэдэн эргэлзээтэй шийдвэр гаргаж, мароккочууд үүнд нь бухимдаж, гомдоллож байгаа харагдав.
Тоглолтын дараа Хорватын дасгалжуулагч Златко Далич “Баг болон эх орноороо бахархаж байна. Бидний хувьд энэ бол алтын дайтай хүрэл медаль. Бид үнэхээр хүнд тэмцээнд оролцлоо. Мөн сайн тоглолт үзүүлж, гайхалтай ажил хийсэн Мароккод баяр хүргэмээр байна. Бахархал төрж, баяртай байна. Магадгүй Хорватыг ийм амжилт үзүүлнэ гэж таамаглаагүй байх. Бид жижиг орон ч том мөрөөдөлтэй. Бүх хүнд баяр хүргэе. Модрич бол бидний ахлагч, тэр бол бидний дуу хоолой, мөн энэ тэмцээний турш сайн тоглолоо. Тэр 37 настай ч 25-тай юм шиг л байлаа. Тэр бидний лидер учир бүгд түүнийг дагадаг. Модричийг 2024 оны Европын аваргад ч багаа манлайлна гэж найдаж байна” гэв.
Харин багийн ахлагч Лука Модрич “Ирээдүйнхээ талаар хэлж мэдэхгүй байна. Юу болохыг харцгаая. Алхам алхмаар урагшлах хэрэгтэй байна. Би шигшээ багтаа тоглох дуртай байдаг. Би одоо ч өндөр түвшинд тоглож, ядаж үндэстнүүдийн лигт тоглож чадах юм шиг мэдэрч байна. Харин түүний дараа ирэх Еврогийн талаар нухацтай бодъё. Үндэстнүүдийн лиг хүртэл тоглоод юу болохыг харцгаая” гэлээ.
Тэгвэл Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги “Маргааш өглөө бид дүгнэлт хийж, энд үзүүлсэн гайхалтай амжилтаа тунгаан бодно. Бид дэлхийн топ гурван багийн нэг болох Хорваттай хоёр удаа тоглолоо. Бид Испани, Португал, Франц, Бельги, Хорватын эсрэг тоглолоо. Гайхалтай. Бидэнд нэг л өдөр ДАШТ-д түрүүлэх нөөц бололцоо байна. Марокко эдгээр багуудтай нэг түвшинд гэдгээ харууллаа. Бид дэлхийн топ дөрвөн багийн нэг” гэжээ.
Тус тоглолтын шилдгээр Йоско Гвардиол тодорчээ.
Холбоотой мэдээ