Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
АТГ: Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД НАРЫН 17 ХҮНИЙГ НЭРЛЭЛЭЭ
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарлалаа.
Нийт 398 аж ахуй нэгж нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Бид мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өөрийн боломжит бүх арга хэмжээг авч байгаа. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Ч.МАРАЛМААГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад хилийн хориг тавьсан талаар өмнө нь мэдээлж байв. Нийгмийг бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.
"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД АВАХ ШҮҮХ ХУРАЛД ЯЛЖЭЭ
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан Гоожингийн өндөрийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр ялжээ. Нэг жилийн өмнө Хотын даргын гаргасан шийдвэр шүүх дээр маргаан үүссэний улмаас хэрэгжиж чадаагүй байсан.
News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр” сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа. Хотын дарга Д.Сумъяабазар /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.
Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.
АТГ-ААС Х.БАТТУЛГЫГ БАЙЦААЛТАД ДУУДСАН УУ?
АТГ-аас өнгөрөгч Мягмар гаригт нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой 17 улстөрчийг нэрлэсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан. Түүнийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү сэжигтнээр нэрлэжээ. Тэрбээр Эрүүгийн хуулийн 22-т заасны дагуу хэргээ хялбаршуулах журмаар хянан шийдвэрүүлэхээр хамсаатнуудаа илчлэх болсон гэх мэдээлэл байна. Тиймээс АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж байцаалт авахаар болсон аж. Экс Ерөнхийлөгчийг Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг ҮАБЗ-ийн дарга байхдаа төрийн нууцад хамруулж, мөнгө угаасан байж болзошгүй. Мөн Хөгжлийн банкны өөрийн хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авч шамшигдуулсан гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бололтой.
МАЛАЙЗАД НАС БАРСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭВ
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарч байв. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй удсаны эцэст Малайзын шүүхээс өнөөдөр /2022.12.16/ хариуцлага хүлээх хүмүүсийн нэрийг зарлав. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзлээ.
Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн 100 сая ринггитийг нэхэмжилсэн. Гэвч Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ мөнгөн дүнг хэт их байна гэж мэдэгдээд таван сая ринггит төлөх шийдвэр гаргажээ.
Энэ нь 1.13 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг болох юм. Таван сая ринггитийг дээрх дөрвөн хариуцагч хамтран төлж барагдуулах юм байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн хохирлыг бүрэн барагдуулах хүртэл таван хувийн алданги тооцох аж. Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, Б.Мөнхтулга нар сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг 2007 оны зургадугаар сарын 4-нд Малайзын шүүхэд гаргаж байв.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ