“Катар-2022” ДАШТ өндөрлөхөд ердөө хоёр тоглолт үлдлээ. Өнөөдөр/2022.12.17/ 23.00 цагаас хүрэл медалийн төлөөх тоглолт буюу Хорват-Марокко биднийг хүлээж байна. Медалийн төлөөх тоглолтоос гадна дэлхийн шилдгүүдийн нэг Лука Модричийн ДАШТ-д хийж буй сүүлийн тоглолт байх нь лавтай. Өдгөө 37 настай түүний хувьд 2018 онд шигшээ багаа финалд хүргэж, мөнгөн медаль хүртээд зогсохгүй тухайн жилийнхээ алтан бөмбөгийн эзэн болж Роналдо, Мессигээс онцгойрч байв.
Тэгвэл Модрич энэ дэлхийн аваргын эхний тоглолтынхоо өмнө “Хэрэв бид ДАШТ-д түрүүлвэл гайхалтай байх болно. Хэрэв тийм зүйл болвол би зодог тайлна” гэж байв. Харамсалтай нь, шигшээ баг нь хагас шигшээд Аргентинд 3-0 гэсэн харьцаатай хожигдож, хүрлийн төлөө Мароккотой тоглохоор болсон.
Гэхдээ л Хорватын 10 дугаартай тамирчин хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг, үзүүштэй тамирчдын нэг яахын аргагүй мөн билээ. 2018 онд Орост үзүүлж байсан гайхалтай тоглолтоо 2022 онд Катарт ч толилууллаа. Дахин финалд хүрэхэд тун ойртсон ч Мессигийн Аргентиныг давж чадсангүй.
ГЕРМАН – 2006: ДЭЛХИЙН АВАРГЫН ДЕБЮТ
2006 онд Месси, Роналдо хоёр анх удаагаа дэлхийн аваргад оролцож байсны адил Модрич ч шигшээ багтаа дуудагдсан. Залуухан хүүд Златко Кранчар итгэл хүлээлгэн Герман руу даагуулж явж байлаа. Тэрбээр Япон, Австралийн эсрэг сэлгээгээр талбайд гарч, бидний мэдэх өнөөдрийн түүх эхэлжээ.
Үүний дараа шигшээ багийг Славен Билич удирдахаар болж, залуу Модричийг түлхүү ашиглах болсон нь өгөөжөө өгч тэрбээр 2006 оны наймдугаар сард дэлхийн аварга Италийн эсрэг нөхөрсөг тоглолтод эх орныхоо төлөөх анхны гоолоо оруулж байв.
Модрич Европын аваргад гавьтай амжилт үзүүлээгүй ч 2008 оны Еврогийн бэлгэдлийн багт нэрлэгдэж байлаа. Мөн клубын түвшинд Реал Мадридтай хамт хүртэж болох бүхий л цомд түрүүлсэн нэгэн.
ОРОС – 2018: ДЭЛХИЙН ОРГИЛД
Реал Мадридад боловсорч гүйцсэн Модрич 2018 онд гайхалтай амжилт үзүүлсэн. Дан ганц тэр ч гэлтгүй Хорватын хоёр дахь алтан үеийн тамирчид болох Иван Перишич, Марио Мандзукич, Ракитич, Чорлука, Ловрен нар тухайн жилдээ сайн байж, баг нь финалд хүрсэн. 33 настай Модричийн бөмбөг эзэмшилт, гоол, дамжуулалт, ур чадвар нь Оросын дэлхийн аваргыг чимсэн. Ялангуяа Аргентиныг 3-0 гэсэн харьцаатай хожиход түүний оруулсан гоол одоо ч фанатуудынх нь ой тоонд тод харагдаж байгаа биз.
Хэдий финалд хожигдож, мөнгөн медаль хүртсэн ч Модрич тус дэлхийн аваргын хамгийн шилдэг тоглогчоор шалгарч, алтан бөмбөгийн шагнал хүртсэн.
КАТАР – 2022: СҮҮЛИЙН БҮЖИГ
2006 оноос хойш Модрич хэдийнэ шигшээ багийнхаа, эх орныхоо төлөө 161 тоглолтод оролцжээ. Түүний авьяас, зан чанар, сэтгэлгээ үргэлж Хорватын шигшээ багийн амжилтын эх үүсвэр байсаа ирсэн.Дэлхийн хөлбөмбөг Модричид хүртэх ёстой хүндлэлийг нь үзүүлэхэд бэлэн болжээ. Өнөөдрийн тоглолт түүний ДАШТ-ий тайзнаа хийх сүүлийн бүжиг байх болно. Та бүхэн тухлан сууж, таалан соёрхоорой.
Холбоотой мэдээ