Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Монпорт" компанийн захирал Г.Мөнхдөл, "Зунмен" компанийн захирал болон "Таван толгой транс" компанийн захирал Д.Дагвадорж нарыг 48 цаг албадан саатуулсан юм.
Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-аас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан гурван компанийн захирал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс арванхоёрдугаар сарын 16-наас хүн тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.