Энэ оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мөн 2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейнд байршуулах гэнэ.
Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй.
Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг. Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд явагдсан бөгөөд нийт 7334 шалгуулагч бүртгүүлжээ.
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.
ЭЕШ болон монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.
Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах юм.
Холбоотой мэдээ