Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2022.12.16/ жагсаал, цуглааны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан:
Бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулах нь хуулиар хориотой боловч цагдаагийн байгууллага нь иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хүндэтгэлтэй хандаж, гэмт халдлагаас иргэдээ хамгаалан ажиллаж байна.
Жагсаал цуглаан эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс шүүхэд шилжүүлэх саналтай нэг, хэрэг бүртгэлийн хэрэг нээж байгаа тав, наймд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.
Жагсаал цуглааны байдалд дүгнэлт хийхэд өдөрт дунджаар 800-2500 иргэн жагсаалд оролцож байгаа бол давхардсан тоогоор 56 иргэн суултад оролцсон. Бид ХҮЭК-той хамтран, иргэдэд бага насны хүүхдийг жагсаалд оролцуулахгүй байхыг уриалсаар байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээж, жагсагчдад чанга яригчаар анхааруулж ажиллаж байна. Гэсэн хэдий ч жагсагчдын жагсаал цуглаанд оролцогчид согтууруулах ундаа хэрэглэн, бусдыг хууль бус зүйлд өдөөн хатгаж, зөрчил үүсгэх, морь мал амьтан оролцуулах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэл гаргаж байна.
Энэ сарын 10-нд согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд жагсагчид руу дайрч, 15 иргэнийг шалгасан. Найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, анхан шатны тусламж үзүүлсэн.
Арванхоёрдугаар сарын 15, 16-нд жагсаал цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасныг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, холбогдох шалгалт хийж байна.
Хоёр удаагийн үйлдэл гарсан. Нэг нь өчигдөр бие рүүгээ шингэн зүйл цацсан. Шалгаад, мэдүүлэг авахаар “Би хувцсаа тайлаад шалдалсан, спиртээр өөрийгөө арчиж, осгохоос сэргийлсэн” гэж тайлбарласан.
Өнөөдөр болсон үйлдэл нь, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн бие дээрээ шатамхай зүйл асгасан, цагдаа нар шуурхай арга хэмжээ авч ажилласнаар биед нь эрсдэл гараагүй.
Цаашид жагсаал цуглаан зохион байгуулагчид бүх хариуцлагыг хүлээнэ гэдгийг анхааруулъя гэлээ.
Г.ХОРОЛ