"Валютын урсгалыг нэмэгдүүлэхгүй бол алдагдал өснө"

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

"Валютын урсгалыг нэмэгдүүлэхгүй бол алдагдал өснө"

"Валютын урсгалыг нэмэгдүүлэхгүй бол алдагдал өснө"

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хуралдаж, эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв байдлыг харгалзан мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна. Төв банк өнгөрсөн есдүгээр сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэж байв.

"ЭДИЙН ЗАСАГ 3.7 ХУВИАР ТЭЛЖ СЭРГЭЭД БАЙНА"

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Гадаад орчны нөхцөл байдал тодорхой бус байгаа нь дэлхийн эдийн засгийн богино болон дунд хугацааны төлөвт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, эрдэс түүхий эдийн үнэ бууран, гадаад орчны эрсдэл нэмэгдсээр байна. Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ, мөн түлш эрчим хүчний хямрал олон оронд нүүрлэсэн зэрэг нь глобал эдийн засгийн өсөлтийн төлөв муудах гол хүчин зүйл болж байна.

Манай улсын худалдааны гол түнш оронд мөрдөгдөж буй "Тэг ковид" бодлого үргэлжилсээр байна. Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүндрэл даамжран, эрсдэл нэмэгдсэн байдалтай байна. Дэлхий нийтээр үнийн өндөр өсөлттэй тэмцэж, томоохон эдийн засагтай хөгжингүй орнууд хүүгээ огцом нэмэгдүүлж байгаа нь бусад орнуудад бодлогын хүүгээ өсгөх дарамт бий болгож байна. Энэ нь зайлшгүй арга хэдий ч глобал эдийн засгийн идэвхжлийг хумих нөлөөтэйг судлаачид онцолж байна.

Дотоод эдийн засгийн хувьд идэвхжил хүлээлтээс давж, энэ оны энэ оны эхний гурван улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдийн засаг 3.7 хувиар тэлж сэргээд байна. Нүүрсний экспорт сэргэж, төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь уул уурхай, тээвэр, барилгын салбарын өсөлтийг тэтгэлээ.

Дотоод эрэлт нэмэгдэж, өрхийн хэрэглээ сүүлийн дөрвөн улирал дараалан өссөн тоон үзүүлэлттэй байна.

Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 10 улирлын дараа цар тахлын өмнөх үе болох 2019 оны үеийн түвшнийг давлаа. Энэ нь цар тахал болон геополитикийн хүндрэл манай эдийн засагт 2-3 жилийн хугацааны алдагдал үүсгэснийг харуулж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн хувьд эерэг өөрчлөлтүүд давамгайлж байгаа нь өрхийн хэрэглээ тогтвортой өсөхөд дэмжлэг болж байна. Энэхүү эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл өндөр гарсан нь 2022 оны өсөлтийн төлөвийг 4 хувьд хүргэж нэмэгдүүллээ. Мөнгөний бодлогын хорооны есдүгээр сарын хурлын дараа төсөөллийн төлөвийг танилцуулахдаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд 3 орчим хувиар өсөх болов уу гэж байсан бол 4 хувьд хүрэх боломжтой гэсэн төсөөлөл хийгээд байна. Гэхдээ эдийн засгийн цаашдын төлөв БНХУ-ын "Тэг ковид" бодлого болон хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодитой орж ирэх орлого, инфляци зэргээс ихээхэн хамаарахаар байгааг хэлэх хэрэгтэй.

Инфляци 2022 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарсан. Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг дотоодын хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь инфляцийн түвшин өмнөх сараас өсөхөд голлон нөлөөллөө. Түүнчлэн нийт инфляцийн талаас илүү хувийг имфортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөөгөөр бүрдүүлж байна. Монголбанкны одоогийн суурь төсөөллөөр инфляци цаашдаа үргэлжлэн буурсаар ирэх оны эцэс гэхэд нэг оронтой тоонд, 2024 оны эхнээс 6+-2 болж, Монголбанкны зорилгын түвшинд хүрч тогтворжих байх гэсэн төсөөлөл хийгдсэн. Сүүлийн саруудад хилийн боомтын нөхцөл сайжирч, нүүрсний экспорт нэмэгдсэн хэдий ч төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөж чадахааргүй байна.

Төлбөрийн тэнцэл эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум орчим ам.долларын алдагдалтай гарлаа.

Бодлогын шаардлагатай тохиргоо хийж, валютын орох урсгалыг тогтвортой нэмэгдүүлэхгүй бол төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх эрсдэл байгаа нь гадаад дотоод тэнцвэрийг тогтвортой түвшинд хадгалах зорилгоор мөнгөний бодлогын тохиргоог үргэлжлүүлэх шаардлагатайг харуулж байна. Тэр утгаар бидний хувьд энэ удаа бодлогын хүүгээ тодорхой хэмжээгээр өсгөх зайлшгүй шаардлага бий болсон.

"ГАДААД АКТИВ ТАЛДАА НӨӨЦ БУУРЧ, НИЙТ ДҮНГЭЭРЭЭ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨСӨӨГҮЙ"

Төсвийн зардал нэмэгдэж батлагдсан нь импортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ мөнгөний бодлого чангарах шаардлага бий болгож байна. Үүн дээр гадаад суурь хүү өсч байгаа нь дотоодын хүүг нэмэгдүүлж, төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагыг давхар үүсгэж байгаа болно.

Хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, цаашид цалингийн өсөлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байгаа нь өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, хэрэглээний импортыг урамшуулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг улам нэмэгдүүлэхээр байна гэж Монголбанкны зүгээс тооцоолж байна.

Мэдээллийн дараа Төв банкны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монголбанк 2022 оны эцэст инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина гэж мэдэгдэж байсан. Энэ зорилтод хүрэхэд сөргөөр нөлөөлсөн ямар эрсдэлүүд байна вэ? 

-Нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хороо анх хуралдах үеэр инфляцийн түвшин 13, 14 хувьтай байсан. Бидний хувьд мөнгөний бодлогоо хатууруулаад явж байна. Ийм учраас мөнгөний бодлогын өнөөдөр гаргаж буй шийдвэр ерөнхийдөө 3-4 улирлын дараа бодит үр дүн гардаг гэдэг утгаар энэ оны төгсгөл рүү мөнгөний хатууруулж буй бодлого үр дүнгээ өгөх болов уу гэж бодож байсан. Гэтэл дундаас нь олон улсын хурцадмал нөхцөл байдал үүссэн. Энэ байдалтай холбоотойгоор дэлхий даяар эрчим хүч, түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ төвөгтэй байдалтай уялдаад дэлхий даяар инфляци өсч байна. Энэ утгаар инфляци Монгол Улсад импортлогдож орж ирээд, бидний төсөөллөөс тодорхой хэмжээгээр зөрж байна. Тэр утгаар бид гаргаж буй шийдвэрээ улам чангаруулахын зэрэгцээ төсөөллөө тодорхой хугацаагаар хойшлуулаад явж байна. Энэ нь эхний төсөөллөөс зөрөх шалтгаан болж байна.

-Мөнгөний нийлүүлэлт өссөн үү? 

-Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувь ч хүрч өсөөгүй, 0.8 хувийн өсөлттэй байна. Мөнгөний нийлүүлэлт дотор байдаг гадаадын зээл, дотоод актив талаас аваад үзвэл, зээл оны эхнээс хойш 12 хувийн өсөлттэй байна. Тэр утгаар гадаад актив талдаа нөөц буурч, нийт дүнгээрээ мөнгөний нийлүүлэлт өсөөгүй гэсэн статистик бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж