УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нүүрсний асуудал өнөөдөр үүсээгүй. Сүүлийн 10 гаруй жил бий болсон асуудал. 2009 оноос хойш нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Засгийн газар, УИХ хамтран 32 ажлын хэсэг гаргасан байдаг. Тэр дундаас одоогийн ажлын хэсэг үр дүнтэй ажиллаж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг зөвхөн өнөөдрийн төр засаг буруутай гэж үзэхэд өрөөсгөл. Мэдээж буруу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сарын хувьд мөрийн хөтөлбөр 50 орчим хувийн биелэлттэй байна гэж үзсэн. Бид үүнийг биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа.
Нэгдүгээрт, нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцохоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийж байна. Мөн тогтолцоогоо өөрчилж, компанийн засаглалыг сайжруулахгүйгээр хэзээ ч энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс Уул уурхайн биржийн тухай хуулийг батална. Цахим биржээр нүүрсээ худалдана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсан. Үүнд, нэмэлт өөрчлөлтийг ярих уу, шинэ Үндсэн хуулийг ярих уу. Тогтолцооны өөрчлөлт гэдэг бол парламентын тогтолцоо болж байна уу, хоёр парламент болох уу, Ерөнхийлөгчийн засаглал руу орох уу гэдэг зүйл. Хэрвээ ийм асуудал яригдвал шинэ Үндсэн хуулийг ярина. Одоо байгаа Үндсэн хуулийн хүрээнд гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох асуудлыг ярьж болно. Бид зургадугаар сарын 30-наас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Бид шинэ Үндсэн хуулийг ярих эрхгүй. Нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн асуудлыг заавал ард түмний дэмжлэгээр хийдэг. Иргэд дэмжихгүй байгаа учраас хийж болохгүй.
Нүүрсний хулгайтай холбоотой асуудалд УИХ-ын гишүүн шууд холбогддог хүмүүс биш. Хүн томилж, гэрээ байгуулж, сонгон шалгаруулалт хийдэггүй учраас нөлөөлсөн байх магадлалтай. Тэр компанийн удирдлагуудыг шалгаснаар нөлөөлсөн эсэх нь тогтоогдоно. Миний харж байгаагаар нэлээд удаан хугацаанд шалгах байх. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Одоогийн УИХ-ын таван гишүүн энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэж байгаа. Яллагдагчаар татсаныхаа дараа зарлаж баймаар байгаа юм. Өөрсдийг нь гүтгэсэн гэж байгаа шүү дээ" гэв.
Холбоотой мэдээ