Тойм: "У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар "зодолдож" байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.17-нд нийтлэгдсэн

Тойм: "У.Хүрэлсүх, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар "зодолдож" байна"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Иргэд “нүүрсний хулгайчид”-ыг ил болгож, улсад учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахыг шаардан жагсч байна. Өнөөдөр 460, 40 их наядын хохирол учирсан гээд янз бүрийн тоо яригдаж байна. Таны авсан мэдээллээр “нүүрсний хулгай”-н улмаас улсад учирсан хохирлын хэмжээ хэр их байна вэ?

-Эхлээд 460 их наяд гэж яригдаж байсан, дараа нь 40 их наяд болсон. УИХ-ын гишүүд их наяд гэдэг тоогоо бараг мэдэхгүй яриад байгаа болов уу. Нэгд, улсын төсөв 18 их наядаар батлагдлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 40 их наяд гэхээр тоогоо мэдэхгүй, сенсаци хөөж яваа болов уу гэж харагдаж байгаа юм. Хоёрт, энэ нь олон жил яригдаж буй асуудал. Би өмнө нь байнга хэлдэг байсан. Төрийн нийтийн хамааралтай өмч буюу Үндсэн хуулиар төрийн өмчийн асуудлыг шийдээгүйгээс болоод 1992 оноос хойш үе үеийн их мэдэл авсан, хамгийн өндөр гурван хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хамтын тоглолтоор л шийдэгддэг болсон.

“Төрийн өмчийг хуулиар хамгаална” гэдэг. Гэвч жишээ нь, Иргэний болон Эрүүгийн хуульд өмчийг хамгаалсан ямар ч заалт байхгүй. Төр ба орон нутгийн өмчийн 1996 оны хууль дээр төрийн өмчөө хоёр хуваасан. Төрийн өөрийн өмч, төрийн нийтийн хамааралтай өмч гээд. Төрийн өмчид өөрийн өмч, татвараар бий болсон байшин барилга ордог. Төрийн нийтийн хамааралтай өмчид газар, газрын баялаг, ой мод, агаар мандал, ургамал амьтан, хөшөө дурсгал гээд долоон зүйл ордог. Тэр хуулийн 4.2 дээр маш тодорхой бий. Төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших эрх нь УИХ-д хадгалагдана. Үүнтэй холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулахгүй гэсэн өгүүлбэр байдаг. Хуулиараа төрийн өмч гээд заасан байдаг ч төрийн өөрийн өмчийг хамгаалдаг инситут байгуулаад явсан.

Эрх мэдэлтнүүд газрын хэвлийн баялгийг ялангуяа 2000 оноос хойш өөрсдөдөө эрчимтэйгээр хуваарилж, сүүлийн жилүүдэд өөрсдийн улс төрийн эрхийг ашиглаж завсаргүй эзэмшиж, ашигласан.

-Өнөөдөр иргэдийн тусламж, шахалтаар оффтейк гэрээнүүд ил болж байна. Асуудлын гол нь хаана, юунд байна гэж та бодож байна вэ?

-Нарийндаа 40 тонн нүүрс, хэдэн мянган машин гарснаасаа илүү сүүлийн гурван жилд хаалттай гэрээнүүдээр "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг урьдчилж гаргаад, хэчнээн төгрөг аваад тухайн үед эрх барьж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ямар юм руу хийж, яаж зарцуулав гэдэг нь өөрөө гол асуудал. Авчирсан тэрбум ч байна уу, хоёр тэрбум ч байна уу долларыг “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээрээ л хааж байна. Жинхэнэ хулгай нь авчирсан тэр их долларыг хэн эрх мэдлээ ашиглаж, давуу эрхтэйгээр зарав гэдэгт бий. Энэ дээр Авлигатай тэмцэх газар, УИХ нь ажиллах байлгүй дээ. Нарийндаа 1992 оноос хойш төрийн өмчийг эзэмших эрхийг барьж байгаа ганц газар нь УИХ. Гэтэл өөрийнх нь өмч хулгайд алдагдчихсан, өөрийнх нь өмчийг барьцаалаад зээл аваад, асар их, тоон дүнгээр бараг 2 тэрбумыг гурван эрх мэдэлтэн, сүүлийн гурван жил хуваарилж байхад УИХ юу хийж байсан юм бэ. Энэ бол буцаад эрх баригч нарын асуудал. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ үүнийг гаргаж ирж байна. Одоо Л.Оюун-Эрдэнийн жинхэнэ улстөрч байх уу, “хүүхэлдэй” байх уу гэдэг ойрын хэд хоногт л шийдэгдэнэ.

Тэр өнөөдрийг хүртэл У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын хэн хэнийх нь “хүүхэлдэй” байсан. Одоо шударга талд зогсоод, адилхан хулгай, луйвар хийсэн бол гаргаж ирээд, эсрэг зогсч чадвал энэ хүн улстөрч болж цаашаа явна, тэгж чадахгүй бол “хүүхэлдэй” чигээрээ л дуусна.

Үргэлжлэлийг энд дарна уу.


"Ч.ХҮРЭЛБААТАР ШУДАРГЫН БАГ ӨМСӨХ ИНЭЭДТЭЙ САНАГДАХГҮЙ БАЙНА УУ"

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Монгол Улсад баян, хоосны ялгаа улам ихэсч байна. Та өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсад хэд хэдэн хямрал нүүрлэчихээд байна. Миний мэдэхийн манай улсын эдийн засаг ийм хүчтэй “шок”-нд орж байсныг огт санахгүй байна. Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляци дагалдаж, ийм хос сөрөг үзүүлэлт давхцахыг стагфляц гэж нэрлэдэг. Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй өрийн хямрал нүүрлэжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. Нийт 3.4 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ердөө 13 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ.

Өнөөгийн эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөг хол давлаа.

Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрснийг Дэлхийн банк анхааруулсаар байна. Ийнхүү Монгол Улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигджээ. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж, улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувираад байна.

2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жилийнх 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон байдаг. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх “харалган шийдвэр” гаргажээ. Төсвийн ийм их хэмжээний алдагдал инфляцийг хөөргөж, үнэ өсгөж буй нь бага орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү төсвөөр дамжин үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах зэрэг олон муу үр дүн гарч байна. Дундаж давхарга үндсэндээ үгүй болж, нийтээрээ ядуурч байна.

-Цар тахал, Орос-Украины мөргөлдөөн, геополитикийн асуудал зэрэг олон хүчин зүйлээс үүдэн дэлхий даяар инфляци өндөр, эдийн засаг хүнд байна. Монголын хувьд эдийн засгийн хүндрэл бий болсон үндсэн шалтгаан юунд байна вэ?

-Эрх баригчдын яриад байгаа шиг эдийн засгийн хувьд үүсээд буй хүндрэл зөвхөн Covid, эсвэл Орос-Украины дайнаас шалтгаалсан зүйл огт биш. Харин зургаан жил Засгийг удирдаж буй хэт олонхын Засгийн газрын төсөв, санхүүгийн үрэлгэн, тооцоо судалгаагүй олон шийдвэр, мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо огт уялдахгүй байгаа гээд тоочвол маш олон дотоодын хүчин зүйлээс шалтгаалсан. Нэмж хэлэхэд оффтейк гэрээ тойрсон авлигын асуудал байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХУЛГАЙЛАХ БОЛОМЖ ОЛГОСОН ТУЗ-Д ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ"

 

Монгол Улсын иргэн бүр УИХ-аас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Таван жилийн өмнө жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн төлөө дуугарч, 1072 хувьцааг амилуулахыг зорьж, шүүхэд хүртэл хандаж явсан “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн байр суурийг сонирхлоо.


-1072 ширхэг хувьцаа анх олгож байсан үеийг эргэн сануулбал сонин байх болов уу. Та тухайн үед Сү.Батболдын Засгийн газарт ажиллаж байсан?

-Монгол Улс анх улсын өмчит компанийг ягаан, цэнхэр тасалбараар хувьчилсан нь дэлхийг шуугиулсан хувьчлал болсон. Хоёрдогч арилжаа нь 1994 онд хийгдсэн. Тэр үед хүмүүс хувьцаа буюу цэнхэр тасалбараа  ханш унасны дараа хямд өгөөд байсан. Түүнийг нь хэдхэн хүмүүс аваад, цаана нь ханшид идэгддэггүй төрийн өмчийн компани байсныг худалдаж авсан. Өнөөдөр төр өмчөө хувьчилъя гэхээр түүнийг яриад, луйвардуулчихна гээд ам таглаад байдаг.

Сү.Батболдын засгийн газрын үед 2012 онд 2.5 сая иргэнд 1072 ширхэг хувьцаа тараасан. Би тэр засагт ажиллаж байсан. Заримыг нь худалдаад авчихъя гээд, тэтгэвэр эзэмшигчдэд бэлэн мөнгө дараа нь өгсөн. Оюутнуудын нэг сая төгрөгийг 500, 500 мянгаар нь хоёр хувааж, хувьцааг нь буцаан худалдаж авсан. Өнөөдөр жагсч цуглаж буй хүмүүс эх орны хувь хишиг хэдхэн хүний гараар орж, хэдхэн хүн хожоод байна гэж ярьж байна.

Нобелийн шагналт эдийн засагч дөрөв, таван жилийн өмнө “Шууд мөнгө тараах хэлбэр нь байгалийн баялгийг хамгийн энгийн аргаар эзэнд нь хүргэх арга” гэж баталж, шагнал авсан байсан. Тэр аргыг л хэрэглэсэн. Цахилгаан станц, зам барина гэх мэтчилэн төсвөөр оруулахгүйгээр шууд шилжүүлгийн аргаар тараасан. 1072 ширхэг хувьцаа бол 1991 оноос хойш хийсэн хамгийн том хувьчлалын нэг жишээ. Энэ хувьцаа 10 жилийн дараа буюу одоо болтол иргэдийн мэдэлд ирээгүй байна. Миний шаардлага энэ.

-Иргэд баялагтаа эзэн байх боломжийг нь хулгайлсан хүмүүстэй хариуцлага тооцохыг шаардан Сүхбаатарын талбай дээр 11 дэх өдрөө жагсч байна. Жагсаалын шаардлага “бай”-гаа онож байна гэж та бодож байна уу?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хувьд амаргүй үе байна. Жагсагчид шаардлага тавьж жагсч болно, зөв. Ингэж шахаж байгаад улстөрчдийг шударга ажилладаг болгох, тэднийг “мода”-наас гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, баяжих гэж улс төрд ордог, баяжих гэж прокурор болдог, баяжих гэж цагдаа болдог, баяжих гэж шүүгч болдог, баяжих гэж намд элсдэг байж болохгүй. Баяжъя гэвэл хувийн хэвшилд ажилла. Баяжъя гэвэл “Apprentice”-ийг үз. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Гэтэл манайд мөнгөтэй болъё гэвэл чи намд элс. Төрд ямар нэгэн аргаар ор гээд авлигыг зүгээр л хүлээн зөвшөөрчихсөн. Өнөөдөр энэ жагсагчид дутуу бодоод байх шиг байна.

Хариуцлага тооцно гэвэл “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг жагсааж, зураг хөрөгтэй нь тавьж байгаад огцруулахыг шаардах ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж