Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарч байв. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй удсаны эцэст Малайзын шүүхээс өнөөдөр /2022.12.16/ хариуцлага хүлээх хүмүүсийн нэрийг зарлав. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзлээ.
Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн 100 сая ринггитийг нэхэмжилсэн.
Гэвч Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ мөнгөн дүнг хэт их байна гэж мэдэгдээд таван сая ринггит төлөх шийдвэр гаргажээ. Энэ нь 1.13 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг болох юм. Таван сая ринггитийг дээрх дөрвөн хариуцагч хамтран төлж барагдуулах юм байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн хохирлыг бүрэн барагдуулах хүртэл таван хувийн алданги тооцох аж. Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, Б.Мөнхтулга нар сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг 2007 оны зургадугаар сарын 4-нд Малайзын шүүхэд гаргаж байв.
Шүүх хурлыг Монголын Элчин сайдын яамны ажилтнууд “Zoom” аппликейшнээр дамжуулан шууд хянажээ.
Одоогийн байдлаар Азилах нь Кажанг шоронд цаазын ял сонсоод байна. Сирул нь эх орондоо байхгүй бөгөөд Австралийн Воллонгонг дахь цагаачлалын төвд хоригдож байгаа аж. Хүн амины хэрэгт зуучилсан гэж буруутгагдаад байсан Абдул Разак энэ хооронд цагаатгагдсан байсан.
Эх сурвалж: THE EDGE MARKETS
Холбоотой мэдээ