Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2022.12.16) 2022 оны эхний 11 сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээллээ. Тус хорооны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг, ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг тус тус танилцуулав.
Оны эхний 11 сард инфляци 14.5 хувьтай гарсны 4.5 нэгж буюу 30.7 хувьд хүнсний бүлэг нөлөөлжээ. Хүнсний бараа, ундаа, усны үнэ өмнөх сараас 47.8 хувь, өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар тус тус өссөн байна. Хувцас, бөс бараа, гуттал өмнөх сараас 16.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өссөн бол орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ өмнөх сараас 3.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ өнгөрсөн оны мөн үеэс 21.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар тус тус өссөн байна. Инфляцид импортын барааны үнэ 51.1 хувиар нөлөөлж байгаа аж.
Инфляци 14.5 хувь болоход талх, гурил, будааны үнэ жилийн 33.7 хувиар өссөн буюу инфляцид 2.3 нэгж хувиар, бензин шатахууны үнэ жилийн 21.1 хувиар өсч, инфляцид 1.3 нэгж хувиар тус тус жин даржээ.
Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь урсгал дансны алдагдлаас шалтгаалсан байна.
Мөнгөний нийлүүлэлт (М2) 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 112.8 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 (11.9 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 352.0 (17.5 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 14.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд НӨАТ 954 тэрбум төгрөг, бусад төрлийн татвар, төлбөр хураамжийн орлого 1.5 их наяд төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Төсвийн зарлага болон цэвэр зээлийн хэмжээ 15.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.0 (14.8 хувь) их наяд төгрөгөөр өсчээ. Нийт зарлага өмнөх оны мөн үеэс өсөхөд урсгал шилжүүлгийн зардал 8.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (27.0 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний 11 сарын байдлаар 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 (20.0 хувь) их наяд төгрөгөөр өссөн. Боловсруулах салбарын үйлдвэрлэл эхний 11 сарын байдлаар 4.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 435 (11.7 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ.
Эрүүл мэнд. 2022 оны эхний 11 сарын байдлаар нийт 59.7 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 6.7 мянга буюу 10.1 хувиар буурчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний 11 сарын байдлаар 315.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 254 (28.2 хувь) тэрбум төгрөгөөр, харин зарлага 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 423 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. ЭМД-д даатгуулагчийн тоо 3.7 сая болж, өмнөх оны мөн үеэс 300 мянган (8.8 хувь) хүнээр өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 768 (32.1 хувь) тэрбум төгрөгөөр өсч, зарлага 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 778 (33.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 478.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19.9 мянган (4.3 хувь) хүнээр нэмэгджээ.
Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагчид 1.3 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (44.7 хувь) сая хүнээр буурсан байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд нийт 472 тэрбум төгрөг олгожээ.
Бүртгэгдсэн гэмт хэрэг 33461 болж, өмнөх оны мөн үеэс 104113 (43.3 хувь)-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 319.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 172.3 тэрбум төгрөг болсон байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1573.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 238.1 (18.7 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 28.7 (1.9 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 94.7 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 25.2 хувиар нэмэгдэв. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 4.5 сая төгрөг байна.
Хуучин болон шинэ орон сууцны үнэ өсчээ. Тодруулбал, хуучин орон сууцны үнийн жилийн өөрчлөлт 14.9 хувиар өссөн бол шинэ орон сууцны үнийн жилийн өөрчлөлт 17.3 хувиар нэмэгдсэн байна. Хуучин орон сууцны дундаж үнэ м.кв нь Сүхбаатар дүүрэгт 3.89 сая төгрөг, Чингэлтэйд 3.59 сая төгрөг, Хан-Уулд 3.49 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт 3.09 сая, Баянголд 2.95 сая, Сонгинохайрхан дүүрэгт 2.39 сая төгрөг байна. Шинэ орон сууцны дундаж үнэ Сүхбаатарт 3.76 сая төгрөг, Хан-Уулд 3.67 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт 3.26 сая төгрөг, Баянголд 3.23 сая төгрөг, Баянзүрхэд 2.91 сая төгрөг, Сонгинохайрханд 2.48 сая төгрөг байна.
Холбоотой мэдээ