Өөрчлөлтийг үнэн төгөлдөр оройл, Ерөнхий сайд аа!

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Өөрчлөлтийг үнэн төгөлдөр оройл, Ерөнхий сайд аа!

Өөрчлөлтийг үнэн төгөлдөр оройл, Ерөнхий сайд аа!

Тогтолцооны өөрчлөлт гэж зөндөө ярилаа. Тийм их өөрчилж болдоггүй зүйл үү. Үгүй шүү дээ. Хүн төрөлхтний хэдийнэ бий болгоод нийгэм, улс төрөө эмхэлсэн зүй тогтлын л илэрхийлэл шүү дээ. Гагц манай эрх баригчид, үе үеийн удирдагчид  бүхий л хуулиа өөрсдөдөө зориулан зохиож, өөрсдийнхөө эрх ашгийн тус тусын тулд л элдвээр гагнаж ирснээс энэ тогтолцоо соёлт хүн төрөлхтний эрх зүйн зөв харилцаанд, эмгэггүй хууль ёсонд нэгдэж ирээгүй нь үнэн юм.

Эрх мэдэл, эд хөрөнгөөр оройшсон өчүүхэн хэсэг нийт ард түмний дээр сандайлж, өөрсдийнхөө л эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн учраас тогтолцоог эрүүлээс нь тоносон юм.

Ардын намын дарга, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ парламентын засаглалаа илүү бэхжүүлнэ гэж амлалаа. Энэ туйлын зөв. Тогтолцоог өөрчлөхийн эх суурь бол Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах. Түүний нь дээд эрэмбийн асуудал нь Сонгуулийн хуулийг өөрчилж, холимог тогтолцоог хуульчлан, Үндсэн хуулиндаа эргэж гар хүрэхгүйгээр ноттойгоор суулгах явдал юм.

Өнөөдөр, сүүлийн долоон жил засаглаж байгаа Ардын нам нийт  сонгогчдын дөчөөдхөн хувийн саналыг авсан атлаа, жаран хэдэн суудал авч үнэмлэхүй олонхиор засаглав. Энэ бол тогтолцооны төгс гажуудал, уруудан гулгахуйн үндэс суурь. Ийм л учраас өнөөдөр улс оронд авлига нүүрлэж, ард түмний амьдралд Ерөнхий сайдын хэлсэнчлэн гучийн гучин жилд өөрчлөлт дэвшил гараагүй юм. Тогтолцоог засахын эх нь иргэн бүрийн санал төр засгаа эмхлэн байгуулахад үнэн оролцоотой байхад оршино. Оносон байхад тулна.

Ерөнхий  сайдын тогтолцоогоо төгөлдөржүүлэх үйлс нь парламентын засаглалыг зөв оноштойгоор сонгох Сонгуулийн хуулийн реформ юм.  Эх нь булингартай бол бүх урсгал булингартай. Намын ариун цэвэр, ёс зүй төрийн эх үндэс. Нам өөрөө авлигагүй байх учиртай. Намын санхүү ард түмний ариун хөдөлмөрөөс авсан татвараар санхүүжин, олон нийтэд ил тод нээлттэй байх ёстой.

Намын уураг тархи увайгүй авлигачдын мөнгө, ичгүүргүй долоогчдын орон зай, юу ч  хийхээс буцахгүй албан тушаалын донтнуудаас ангижраагүй цагт шударга ёс, хөгжил дэвшил тогтохгүй.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өчигдөр парламентын индэрт улс оронд өөрчлөх ёстой үндсэн эмгэгүүдийг тов тодорхой хэлсэн. Машид талархалтай.  Төр улс тогтвортой, хүчирхэг байх учиртай. Спикер Г. Занданшатар энэ агуулгаар Ерөнхий сайдтайгаа үг үйл, зам мөр, зарчим нэг байгаагаа бас нотолсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль л зургадугаар сард УИХ-д барих чиг гарсан байна билээ шүү дээ. Түүнийгээ одоо эрх баригч намын дарга даруй түргэн, өнөө маргаашгүй УИХ-даа соёрхон барих хэрэгтэй.

Мөнгөний олигархиудыг ахиж сонгогдохгүй болох үндэслэлийг сонгуулийн хуульд бүхий л талаар бүрмөсөн тусгахын чухлыг Монгол хүн бүгд хүсч байна.

Төр улсыг түвшин, үнэн байлгахад эмэгтэйчүүдийн оролцоо, арга бэлгийн нэгдэл онцгой чухал. Авлигажсан нийгмээс татгалзахуйн нэг дохиолол эмэгтэйчүүдэд байдгийг олон улсад судалгаа, баримтаар нэгэнт тогтоосон. Хүйсийн жигд төлөөллийг төрийн барих дээд байгууллагад төлөөлүүлэхэд онцгой анхаарч ажиллавал зохино. Сонгуулийн хуульд намуудын жагсаалтын хэсэгт эмэгтэйчүүдийг сөөлжүүлэн, нэг эрэгтэй, дараа нь эмэгтэй гэх мэтээр сонгуульд дэвшүүлэх хуульчлалыг дархлаах нь ононо.

Ер нь энэ гадаа шударга үнэний, нүүрсний  хулгайн зудыг эсэргүүцэн жагсагчдыг эмэгтэйчүүд хооллож ундалж, эвийлж, анхаарч байгааг нийгэм анзаараад удлаа. Энэ бол эмэгтэйчүүдийн эх орондоо, улс орондоо санаа зовсоны энгийн илрэл билээ.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ одоо Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын хуулиа өгүүлсэн агуулгаар засан төгөлдөржүүлэх ажилд гүн гүнзгий анхаарч ажиллахыг, өчигдөр ард түмэндээ эмгэгийг нь оношлон амласнаараа засан болгоохыг бүх ард түмэн харж байна. Усыг нь уусан худгаа бүү март гэж үг байдаг. Ардын нам Ерөнхий сайдын усыг нь уусан “худаг” мөн. Гэхдээ “худгаа”, одоо энэ намаа өөрчилж, шинэчилж, ариун зөвд залж жинхэнэ цэнгэг устай болгох учиртай. Харин Монгол улсын Ерөнхий сайдын хувиар өөрийн чинь урвашгүй, усыг нь хэзээ ч уух, мартаж боломгүй далай бол эх орон, төр улс юм. Өөрчлөлтийг үнэн төгөлдөр оройл, Ерөнхий сайд аа!

Б. ЗОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж