Монголчууд бид аугаа түүх, соёлтой ард түмэн. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ бидний ирээдүй хойч болсон хүүхдүүд энэхүү түүх соёлыг хэрхэн өвлөн авч, ойлгож, хадгалан, хамгаалж, тээж чадаж байгаа юу?
Монголын явган алхалтын холбоо (Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо )-ны зүгээс ЕБС-ийн хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, зан байдал, нас бие, онцлог, танин мэдэх хүсэл, тэмүүлэлтэй нь нийцтэй, хүсэл сонирхолд тохируулан илүү бүтээлч, сонирхол татсан хэлбэрээр монголын түүх, нүүдэлчдийн өв соёл, түүхэн дурсгалт газруудын талаарх мэдлэг ойлголтыг өгөх замаар хойч үедээ үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, түүх соёлоороо бахархах, тэдгээрийн үнэ цэн, утга агуулга, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор “Түүх соёлын жимээр аялсан нь” танин мэдэхүйн аялалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү Түүх, соёлын жимээр аялсан нь хөтөлбөрийг Соёлын яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус яамны зүгээс үндэсний соёлын биет болон биет бус өв, түүхэн дурсгалуудын талаарх ойлголт, мэдлэгийг залуу үе, ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудад хүргэхэд тус дэм болж, хамтран ажиллаж байгаад зохион байгуулагчид болон оролцогч хүүхэд багачууд таатай хандаж байна. Түүнчлэн Монгол Улсын Гавьяат багш Ч.Батням багш энэхүү хөтөлбөрийн түүх, соёлын багшаар ажилласан нь илүү үр дүнтэй, амжилттай хэрэгжихэд томоохон хувь нэмэр болж байна.
Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнийн зүгээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон учир шалтгаанаа тайлбарлахдаа “Аялал бол хүмүүсийн сонирхлыг татдаг, хамгийн их оролцогчтой, танин мэдэх боломжийг олгодог шилдэг хөтөлбөр болж чаддаг. Бодит оролцоотой “ШИЙДЭЛ” хамгийн урт хугацаанд, хамгийн үр нөлөөтэй хэрэгжидэг. Тэгвэл өнөөдөр Монгол орны маань олон зуун хөшөө, соёлын болон түүхэн дурсгалт газруудын талаар хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн цэгцтэй, ойлгомжтой, сонирхолтой контент дутмаг байна. Энэ орон зайд бодит хувь нэмрээ оруулахыг чухалчилж байна” гэжээ.
Монгол орны хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэлтэй 2102 хөшөө дурсгал байдаг бол 9537 дурсгалт газрын 86157 соёлын үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байдаг ажээ. Мөн 40 гаруй музей болон арт галерей үйл ажиллагаа явуулж байна. Нэг талдаа түүх, соёлын дурсгалуудыг хайрлаж хамгаалах, Монгол соёлын дархлаа, өв уламжлал, түүхэн дурсгал материаллаг байдлаар үлдэх нь чухал хэдий ч ирээдүйн улс үндэстний эзэд, залуу хойч үеийн оюун бодол, зүрх сэтгэлд үлдэх нь хамгаас илүү чухал юм. Энэ бол “Соёлын явган аялал” юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын 700 гаруй хүүхдүүд хамрагджээ. Хөтөлбөрийн маршрутын хувьд тухайн аймаг, орон нутгийн түүхэн дурсгалт газар, хөшөө болон музейг үндсэн маршрутад оруулсан бол нийслэл хотын хувьд Богдхааны ордон музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Их тэнгэрийн амны хадны сүг зураг, Д.Сүхбаатарын талбай, Монгол улсын төрийн ордон, Төрийн есөн хөлт цагаан туг, Гандантэгчилэн хийд болон бусад түүхэн дурсгалт газар, хөшөөдийг хамруулсан байна. Мөн түүнчлэн Өнөр бүл хүүхдийн төвийн багачуудыг энэхүү хөтөлбөрт хамруулжээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд өөрийн хот, аймгийнхаа хөшөө, түүхэн дурсгалт газрууд, соёлын өвийн талаар мэдлэгтэй, бахархалтай, сургамжтай болж өөрчлөгдсөн байхын зэрэгцээ үе тэнгийнхэндээ соёлын нөлөөлөгчид болж өсч дэвшсэн байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.