Албан тушаалтанд оногдуулах ялыг чангатгасан Эрүүгийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

LiveАлбан тушаалтанд оногдуулах ялыг чангатгасан Эрүүгийн хуулийг баталлаа

18 : 54
2022-12-16

Албан тушаалтанд оногдуулах ялыг чангатгасан Эрүүгийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Засгийн газраас энэхүү хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. 

Уг хууль батлагдсанаар авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийг газрын удирдах эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 5-12 жил хорих ял оногдуулахаас гадна хэргийг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх заалт үйлчилнэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Авлигын гэмт хэргийн хор уршгийг нийгэм даяараа төлдөг, ардчиллыг доройтуулж байна. Тийм учраас энэ хууль авлигатай тэмцэхэд том дэмжлэг өгнө. Хуулийг батлах нэг хэрэг, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал их бий. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй, жинхэнэ хэрэгтнүүдийг хаацайлж болохгүй. Хуулийнхан дайчин шуурхай ажиллах хэрэгтэй" гэсэн юм.

17 : 49
2022-12-16

Х.Нямбаатар: Зуслангийн байшингаас 30 сая доллар олдсон гэдэг мэдээлэл батлагдаагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг Байнгын хороо руу шилжүүлэхийн өмнө хулгайтайгаа тэмцье гэж байгаа бол ялын бодлогыг чангатгах ёстой гэсэн асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

Хууль санаачлагчийнхаа өргөн барьсан төслийг зөөлрүүлээд тавьчихлаа.  Өшөө чангалаач. 30, 40 саяын торгуулийг 400, 500 сая болго л доо. Өнөөдөр л гэхэд 30 сая ам.доллар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэлтсийн даргын зуслангийн байшингаас олдлоо гээд шуугиад байна.

Монгол Улс гадаад өрөө төлж чадахгүй байгаа талаар сая ярьцгаасан. Энэ компанийн хэдэн хэлтсийн дарга нарын зуслангийн байшинг нэгжвэл бүх өрөө дарчих юм биш үү. Юу гэж Хөрөнгө орлогын мэдүүлгээ байнгын хороогоор хэлэлцээд АТГ-т өгөх үү, өөр дээрээ хадгалах уу гэж яриад байгаа юм бэ, болио. Юугаа нуух гээд байгаа юм бэ. УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд л  АТГ-т өг л дөө. Бүр олон нийтийн зөвлөлөөр нь шалгуулж байя л даа. Халдашгүй эрх нь дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн утгагүй юм хуульдаа оруулчихсан байх юм.

Ард түмний зарлаад байгаа жинхэнэ хулгайчууд чинь УИХ-д гурваас дээш удаа сонгогдсон гишүүн байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж,  УИХ-ын гишүүдийг хоёроос дээш удаа УИХ-д сонгогддогыг болиулах хэрэгтэй. Удах тусмаа улам хулгай хийдэг. Хөөн хэлэлцэх хугацаагаа зогсоохгүйн тулд гишүүн болохын төлөө явцгаадаг. Үүнийг засъя л даа.

Хууль санаачлагчаас орж ирсэн ХОМ-тэй холбоотой юмыг яагаад өөрчилж байгаа юм, Хууль зүйн сайд аа. Оруулж ирсэн хуулийн төслийг чинь чангалах ёстой байтал сул болгоод байна шүү дээ. Ийм хууль хийсэн болж жагсагчдыг хуурах ямар хэрэгтэй юм?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар: 

Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр ялын бодлогыг чангатгаж байгаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхдээ ялын заалтыг сулруулаагүй.  Торгох ялгүй болж, зөвхөн хорих ялтай болсон. Авлигын хэрэгт хамгийн өндөр ял онооно.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

Би дөнгөж сая АТГ-ын Мөрдөн шалгах албаныхантай холбогдлоо. Олон нийтийн сүлжээнд нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн зуслангийн байшингаас 30 сая ам.доллар олдсон гэсэн мэдээлэл гарсан ч батлагдсангүй. АТГ-ынхан “мөрдлөг, үзлэгийн явцад тийм хэмжээний мөнгө олдоогүй” гэж байна. Баттай, нотолгоотой зүйл яримаар байна. Бид авлигатай тэмцэх шийтгэлийг урд хожид байгаагүй өндөр ялтай болгосон. Хялбаршуулсан журмаар шийдэхгүй байхаар оруулж ирсэн. Энэ хуулийн заалтын үйлчлэлд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниудын удирдлагуудыг оруулж өгсөн гэсэн юм. 

УИХ өнөөдөртөө багтаж, дээрх хуулийн төслийг батлах чиглэл барьж байна. Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байгаа юм. 

14 : 42
2022-12-16

Төрж байгаа хүүхэд болгон 10 мянган долларын өртэй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Нүүсний хулгайн мөнгөөр Засгийн газрын өрөө төлчих боломж байсан юм биш үү? Ардчилсан намын бүлэг удаа дараа хэлж байсан. Төсвийг алдагдалтай баталвал гадаад өрийг төлөхөд хүндрэлтэй болно. Засгийн газарт өрөө төлөх боломж байхгүй мэт харагдаж байна. Төсвийн асар их алдагдлаар маш их боломжийг алдсан байна. Тухайлбал, гэр хорооллын бүх айлыг орон сууцад оруулах, метро тавих боломж байсан. Засгийн газрын ковидын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд эдийн засагт маш их хохирол учруулсан. Үр дүнгүй бодлого хэрэгжүүлсэн. МАН-ын бодлогууд хувийн хэвшлийг дуусгалаа. Хувийн хэвшлийг яаж дэмжиж, энэ өрөө төлөх төлөвлөгөө байна вэ? Татвар оруулж байгаа компанийн удирдлагууддаа ногоон пасспорт өгчихье гэж байна. Энэ бол зөв. Тавантолгой руу дайрснаас болж хувьцаа нь уначихсан. Танай намын бодлого ард иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх хандлагатай болгож байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нүүрсний хулгайд алдагдсан нийт мөнгөний тооцоог гаргаж чадахгүй байна. Хуулийн байгууллагаар шалгасны дараа бид энэ тооцоог гаргаж авна. Ковидын нөлөөлөл, дайны нөлөөллийг арилгахын төлөө гаргасан зардал бидэнд үнэтэй туссан. Тэгсний үр дүнд эдийн засаг өсөлттэй гарсан. Бид үүнийг тоон үзүүлэлтээр гаргаж ярьж байна. 2020 онд долоон хувийн уналттай эдийн засаг гарсныг 2021, 2022 онд тогтворжуулж чадсан. Үүний тулд зарцуулсан зардал гэж ойлгоорой. 2023 оны төсөв бол алдагдлаа бууруулахад чухал нөлөөтэй сайн болсон гэж харж байна. Ирэх жил төлөх гадаад өр бол маш том сорилт. 2020-2024 онд 5,1 тэрбум ам.долларын өрийн төлбөрийн хуваарь ирж байгаа юм. Энэ жил Чингис бондын эцсийн төлбөрийг урьдчилж төлсөн. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монголчууд өрөнд дургүй. Харамсалтай нь, өр хулгайдаа баригдаад өтөнд идэгдэхдээ тулж байна. 33.3 тэрбум ам.долларын гадаад өртэй. Бид 3.3 сая хүн амтай. Төрж байгаа хүүхэд болгон 10 мянган ам.долларын өртэй байгаа юм. 2022 онд бондуудын хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлж байна вэ? 2023 онд хэдий хэмжээний мөнгийг бондуудын хүүд төлөх вэ? Валютын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байна. Иргэд ядуурч дууслаа. Төрийн албанд ч ажиллах хүн олдохгүй болж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ирэх жил 3 том өрийн зохицуулалт хийх ёстой. Гэрэгэ, Хөгжлийн банкны хоёр бондын төлбөрийг төлнө. Засгийн газрын баталгаатай  Самурай бондыг Хөгжлийн банк өөрөө төлөх боломжтой болсон. Ирэх тав, есдүгээр сард төлөх ёстой бондын төлбөрийг хийх бэлтгэлээ хангаж эхэлсэн. Зээлжих зэрэглээ хэвээр хадгалж чадсан. Нийтдээ 2012 оноос хойш долоон бонд гаргасан. Эхний гурваас хойших нь өмнөх өрөө төлөхийн тулд гаргасан бондууд байгаа юм. Анх гаргасан бондын эцсийн төлбөрийг сая хийлээ. 

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир 

-Одоогоор дөрвөн төрлийн бонд байгаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-Эрх баригчдад гомдмоор байна. 67 их наяд төгрөгийг сүүлийн зургаан жилд төсвөөр өгсөн. Төсвийн алдагдлыг хониор тооцвол 100 сая болж байна. Өр тавиад улс хөгжсөн түүх байхгүй. Монголын өр 2016 онд 16,4 тэрбум ам.доллар байсан одоо 33,3 тэрбум ам.доллар болсон байна. Үүний дотор Засгийн газрын өр нь 8,1 тэрбум ам.доллар. Мөн энэ дотроо Оюутолгойн өр яагаад 7,3 тэрбум ам.доллараас 12,4 тэрбум ам.доллар болтлоо өсөв өө? Рио Тинто хаалттай компани болчихлоо. Одоо Рио Тинтогоос та нар санхүүгийн мэдээлэл гарч ирэхгүй. 2,3 тэрбум ам.долларыг тэглэсэн гэсэн нь нийт 12,4 тэрбум ам.доллартаа багтсан уу? Энэ мөнгө хаачсан бэ? 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Оюутолгойн 12,7 тэрбум ам.долларын өр хувийн секторын өрд ордог. Монгол Улсын Засгийн газар ирээдүйд үүсэх Оюутолгойн 2,3 тэрбум өрийг тэглэсэн. Нийт Оюутолгойн өрдөө энэ нь орж байгаа. Бид 2018 оноос хойш гурав, гурван жилээр төсвийн мэдэгдлээ УИХ-аар батлуулж явдаг болсон. Алдагдлаар өсч байгаагийн хэрээр өрийн зохицуулалтыг хийж байгаа. Засгийн газрын нийт өр өсөөгүй. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Ирэх жилийн нөөцөө бүрдүүлэх талаар ямар нэгэн хөтөлбөр ярьж байгаа юу? Эсвэл бондын дахин санхүүжилт хийх гэж байна уу? Дахин санхүүжилт хийвэл өртөг нь ямар байх вэ? Нүүрсээ тээвэрлэхдээ Хятадын амны үнээр л өгөөд байна. Хууль зүйн сайд чинь өөр тоо яриад байх юм. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гадаад хөрөнгийн зах зээлд нөхцөл байдал хүнд байна. Бүх валютын урсгал АНУ руу урсч байна. Ирэх жил 3 бондын төлбөрийг төлөх хэд хэдэн хувилбар байна. Дахин санхүүжилтийн хувилбар дээрээ ажиллаж байна. Хүү өндөр гарна. Ангол, Турк хоёр бонд гаргахад 8 хувийн хүүтэй байсан. Ирэх жил ямар байхыг мэдэхгүй. Ирэх жил Хятадын эдийн засаг онгойх нь уу, дайн үргэлжлэх үү гэдгээс бүх зүйл шалтгаална. Экспортоо сэргээж чадвал бид нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна. 11 сарын байдлаар 28 сая тонн нүүрсийг экспортлоод байна. Ирэх оны эхний хагас жилд экспортын нөхцөл байдлаас олон зүйл шалтгаална. Монгол Улс нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 90 хувийг 2011 оноос экспортолсон. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Монгол Улсын гадаад өр жил ирэх тусам нэмэгдэж, дахин санхүүжилт хийж, үр өгөөжгүй, хүү өндөртэйг шүүмжилж байна. Монгол Улсын иргэн бүр 10 сая ам.долларын өртэй байна. Энэ зээлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм уу, дахин санхүүжилтэд зарцуулсан юм уу? Нэг хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байна вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гадаад өрийн задаргаа Монголбанк, Сангийн яамны цахим хуудсанд нээлттэй байгаа. Монгол Улсын нийт өрийг нэг хүнд ногдох байдлаар илэрхийлэх нь эдийн засгийн өгөөжгүй. Нэг хүнд 34 сая төгрөг. Энэ зээлийн ашиглалт, энэ зээлээр би болгосон өрийг төлөх, дараагийн эдийн засгийн сорилтыг давах боломжийг гаргасан уу гэдэгт нь харьцуулах ёстой. Харин Засгийн газрын өрийг нэг хүнд ногдох байдлаар авч үзэх нь зөв. Нэг хүнд 2.2 мянган ам.доллар юм. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Засгийн газрын өр нэмэгдсэн зөрүүгийн хэдэн хувийг нь төсөл, бүтээн байгуулалтад зарцуулсан бэ? 

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир 

-Засгийн газрын өр 8,1 сая ам.доллар байгаа. Жилд 1.3-1.5 их наяд төгрөгийн гадаад зээлийг авдаг. Үүгээр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хийдэг. Ковидын дэмжлэгт 440 сая ам.долларыг зарцуулсан. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 1.2 тэрбум ам.долларыг авсан. ОУВС-ын шуурхай сангийн хөтөлбөрт 100 сая ам.доллар юм. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Монгол Улс гадаадын ямар байгууллагад хамгийн их өртэй вэ? Оюутолгойн өрийг дарахад ямар бодлого баримталж байна вэ? 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газрын хувьд Азийн хөгжлийн банк, Япон, Хятад, Дэлхийн банк, Өмнөд Солонгос, Азийн дэд бүтэц хөгжлийн банканд хамгийн их өртэй. Сүүлийн 5 жилд хүүгийн төлбөрт 4,8 их наяд төгрөгийг төлсөн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Засгийн нийт өр төгрөгөөр 100 гаруй тэрбум төгрөг. Засгийн газрын өр 6 жилийн хугацаанд 4-8 тэрбум болж нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил өрөө төлж байгааг лоббидсон. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улсын нийт өр Засгийн газарт бодлогын хүрээнд хамаатай. 2016-2018 оны хооронд өрийн төлбөр 600 тэрбум төгрөг байсан. Харин одоо 110 тэрбум төгрөг болж буурсан. Энэ бол урт хугацаатай зээл авснаар гадаад өрөө нэмсэн ч хүүгийн төлбөрөө бууруулсан. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Засгийн газрын биш боловч төрийн байгууллагуудын өрүүд байдаг. Үүнийг төлж чадахгүй бол Засгийн газарт хамаарах уу? Монголбанкны өр Засгийн газарт хамаарах уу? Оюутолгойгоос бусдаар гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн үү?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монголбанкны өрийг Засгийн газар хариуцахгүй. Своп гэрээг сунгаж чадсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ковидоос болж буурсан. 2023 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хүлээлттэй байгаа. Жилд дунджаар шууд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.доллар тал нь Оюутолгойнх юм. Нүүрсний оффтейкийн гэрээ экспортын 30 хувьд хийгдсэн байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш экспорт үлэмж нэмэгдсэн. Тиймээс энэ экспортын хурдыг ирэх онд хадгалж, оффтейкийн алдагдлаа нөхөхийг хичээнэ. 

Асуулт хариулт дууссанаар Засгийн газрын мэдээллийн цаг дуусав. 

13 : 24
2022-12-16

Огт байргүй зургаан шүүх байна

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын тогтоолын төсөлд Дүүргийн эрүү, иргэний хэргийн шүүгчийн орон тоог 24 орон тоог нэмж, орон нутгийн эрүү, иргэний хэргийн шүүгчийн сул 24 орон тоог хасах асуудлыг уг тогтоолын төсөлд хэлэлцсэн.

-Шүүх засаглал зохих журмынхаа дагуу ажиллах ёстой. Энэ нөхцлийг бид бүрдүүлж өгөх ёстой. Шүүгчдийн цалин хангамж хэр байгаа вэ? Шүүхийн барилга, сууц баригдсан уу? ШЕЗ нь шүүгчдийнхээ ёс зүйг хариуцах шаардлагатай байна. Шүүгч нар чинь лифтэнд оцгонодог, арын өрөөнд улс төрийн асуудлыг хэлэлцдэг талаар яригдаж байна. Ардчилсан намд хоёр тамга өгсөн зэрэг асуудал байна. Намын дотоод асуудалд шүүх хэтэрхий их оролцож байна. Энэ асуудлыг та нар юу гэж бодож байна вэ? Үнэхээр шаардлага хангасан шүүгчид ажиллаж байна уу? МУИС төгсөгчид шүүхийн шаардлага хангахаа больчихсон гэж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам: 

-Шүүхийн ажиллах боломж, барилга байгууламжийн талаар асууж байна. Шүүхийн барилга байгууламж, ажиллах нөхцөл хүнд байгаа. Огт байргүй зургаан шүүх байна. Актлагдсан байранд ажиллаж байгаа олон шүүх байна. Стандартын шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч шүүх алга. Төрөөс нэгдсэн бодлогоор шүүхийн байрыг шийдвэрлэх шаардлагатай. Шүүгчдийн ёс зүй, шаардлага хангах асуудалд бол 500 гаруй шүүгч байна. Эд нар Монгол Улсын шүүхийг авч явж байгаа. Асуудал гаргасан шүүгч нарт Ёс зүйн хороо байгуулагдан, хариуцлага хүлээлгэнэ. ШЕЗ нь шүүн таслах үйл ажиллагаанд оролцдоггүй. Арын өрөөнд хууль засдаг, зөвлөдөг зэрэг асуудлыг баримт нотолгоотой ярих ёстой. Хэн хэнийгээ шалгах вэ гэдгийг процессын хуулиар зохицуулдаг. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Ачаалал багатай шүүхээс ачаалал ихтэй шүүх рүү шүүгчийг шилжүүлж байгаа нь зөв. Шүүхэд улс төрийн нөлөө их байгаа. Шүүхэд хүн итгэхээ ер нь болсон. Иргэний хэргийн шүүх гэж хүмүүсийг залхаасан зүйл болсон. Хэн ч харсан ойлгомжтой ажлаас халагдсан асуудлыг шийдвэрлэхэд 1.6 сар болж байна шүү дээ. Шүүхийн процессын хуульдаа ямар өөрчлөлт оруулах вэ? Энэ асуудлаа яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Шүүгчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Нэг л их хүнд сурталтай хүмүүс. Одоо ажиллаж байгаа 500 шүүгчээ атестатчлах уу? Улс төрийн томилгоо хийгдэж байхад шүүгч шударга ажиллахгүй. ШЕЗ өөрөө шүүгчийн томилгоогоо оруулж ирээд шийддэг болох хэрэгтэй. Тогтолцоогоо өөрчил. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Д.Зүмбэрэллхам:

-Шүүх байгуулах тухай хуулийг УИХ-д оруулсан. Энийг хүлээхгүйгээр шүүгчдийг сэлгэн ажиллуулах шаардлагын үндсэн дээр тогтоолын төслийг оруулж ирж байгаа. Ёс зүйн асуудлыг Шүүгчийн сахилгын хороо хариуцдаг. Шүүхийн тухай хууль 2021 онд батлагдаад хэрэгжүүлж эхлээд нэг л жил болж байна. Томилгооны асуудал ч одоогийн хуулийн дагуу явагдаж байгаа. Тогтолцоо өөрчлөх шаардлагатай гэвэл хуулийн дагуу л явах ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төр ард түмний хоорондох итгэлцлийг алдагдуулж, нөхцөл байдлыг хүндрүүлсэн зүйл бол шүүх гэж үздэг. ШЕЗ УИХ руу байнга барилга байгууламж, цалин хөлс нэхдэг байдлаа болих хэрэгтэй. Монгол Улсад ямар нүдний булай болсон гэмт хэргүүд, авлига гарав. Тэд бүгд шүүх дээр очоод л замхардаг. Үүнээс болоод шүүхэд итгэхээ больсон. Хүний нүд дээр авлига аваад 40 саяар торуулиад үлдсэн мөнгөө идээд хэвтэж байгаа шүүгчид байна. Шүүн таслах үйл ажиллагааг бүгдийг нь нээлттэй болгох хэрэгтэй. Тогтолцоогоо өөрчлөөч ээ. Цалин нэхэхээр нь нэмээд өгсөн. Гэтэл шударга шүүсэн нь хаана байгаа юм бэ? Нэг асуудал ярихаар цалин хүрэхгүй, барилгаггүй гэж ярьдагаа болих хэрэгтэй. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Д.Зүмбэрэллхам:

-Монгол Улсын урт хугацааны бодлогын Засаглалын хэсэг дээр нь шүүхийг хөгжүүлэх нь итгэл хүлээлгэх шүүхтэй болох гэсэн байгаа. Энэ чиглэлд төрийн бүх институт чиглэгдэж байгаа. Шүүхэд олон нийт итгэх илтгэл дээр бүх зүйл тогтдог гэдэгтэй санал нэг байна. ШЕЗ байгуулагдаад нэг л жил болж байна. Эрх зүйн шинэчлэл бий болоод энэ хүрээнд үйл ажиллагаа явуулаад нэг л жил болж байна. ШЕЗ бол шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулийг үг үсэггүй биелүүлэх асуудлыг хариуцан ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Шүүхэд шүүхийн захиргааны хоёр албан хаагч байгаа. Шүүгчийн туслах, нарийн бичиг гэж байдаг. Шүүгчийн туслах нь заавал хуульчийн шалгалтад орж тэнцсэн байх ёстой гэсэн байдаг. Энэ шаардлага бол зөв. Шүүгчийн туслахуудад хуульчийнхаа шалгалтад тэнцэх бүтэн нэг жилийн хугацаа олгосон байгаа. Энэ хүмүүсийн шалгалтандаа тэнцээгүй нь хуулийн буруу биш. Яагаад Хуульчдын холбоо нь хуулийнхаа шалгалтыг авахгүй байгаа юм. Хуульчдын холбоо хоёр жил тутамд их хурлаа хийх ёстой. Ямар нэгэн асуудал гарахаар хууль руу буруугаа чихдэг асуудал хуулийнханд байна. Дандаа өөрсдөөсөө займчуулдаг. 

Тогтоолын төслийг батлагдлаа. 

10 : 10
2022-12-16

Б.Баттөмөр: Энэ 1937 он биш шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлуудыг хэлэлцэж эхлэхээс өмнө гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоох тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн ч багц хуультай цуг оруулж ирнэ гээд гачаачихлаа. Т.Аюурсайхан та хурдан энэ хуулийг оруулж ирээч ээ. Энэ жил 48 мянга орчим хүн тэтгэвэрт гарна. Дараа жил дахин 50 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгоно. Эдгээр хүмүүсийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Болохгүй бол Ялалтын талбай дээр жагсана шүү. Талбай дээр жагсах гэхээр өөр жагсаал үргэлжилж байгаа учраас аль нь мэдэгдэхгүй болчих гээд байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Гадаа -30, -40 хэмийн хүйтэнд төрийн далбаагаа мандуулаад ард түмэн жагсч л байна. Ерөнхий сайд энэ зарласан хүмүүстээ хариуцлага тооцсоныхоо дараа хуулиа оруулж ирээч ээ. Шалгая л даа, шалгуулъя. Муу нэртэй С.Эрдэнэ бид хоёр л АН-ыг өнөөдөр авч ирлээ шүү дээ. Үнэнийг, зөвийг энэ танхимд ярья. Гадаа 14, 15 хоног жагсч байна. Хууль зүйн сайд нь ямар баян жагсаал вэ гэж байна цагдаа нар нь талбай дээр очиж хоол идэж байна гэж байна. Цагдаа нарыг ийм байлгахаасаа тэр хүн ичих хэрэгтэй шүү дээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улс 30 жил хөгжихдөө 15 хан тэрбум ам.долларын эдийн засгийг байгуулжээ. Дэлхийд 15 тэрбум ам.долларын орлоготой 11 мянган аж ахуй нэгж байна шүү дээ. Монгол хөгжиж чадаагүйн шалтгаан нь хулгай. Эрдэнэс Тавантолгой гэж ямар компани байдгийг өчигдөр АТГ-ийн сайтаас үзлээ. 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Үүгээр ямар худалдан авалт хийсэн бэ гээд харсан инээдтэй зүйл байна. Монголын төрд хулгай нүүрлэсэн байна. Хулгай хийсэн хүмүүсийг эмчлэх арга байхгүй. Шоронд нь хийдэг. Миний байгуулсан компани Эрдэнэс Тавантолгойд нэг ч литр шатахуун нийлүүлээгүй. Намайг ямар хэрэгт буруутгаж байгааг ойлгохгүй байна. Энэ 1937 он биш шүү. Тэр материал, гэрээнүүдээ ил болго. Энд хэдэн хүн хэлмэгдээд хэрэг дуусна гэж байхгүй шүү. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Бид нар энд жагсаал тараах гээд хууль хийж байх хооронд хулгайч нар чинь зугтааж байна шүү дээ. Голомт банк чинь Богдхаан төмөр замыг 1 км замыг 11 сая ам.доллараар байгуулсан гэрээгээ устгаад санамж бичиг байгуулсан гээд явж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүн баян чиглэлийн төмөр замууд тус бүр 1 км нь 1 сая ам.доллараар барьсан байна шүү дээ. Ийм харилцан адилгүй байна шүү дээ.  Ингэж идэж ууж болох юм уу? Ингэж хугацаа алдаж байх хооронд хулгайч нар чинь зугтаачихлаа. Хулгайгаа тасдаж чадахгүй бол 2024 онд ард түмэн та нарт дүн тавина шүү. Ханги-Мандалговь-Тавантолгойн төмөр замыг ямар дүнгээр барьж байгаа юм? Энэ бүгдийгээ ил болго. Өмчөө хамгаалал даа. Аюулгүйн зөвлөл дээр энэ асуудлаа ярьсан юм уу? Одоо Эрүүгийн хуулиар та нар хийх ёсгүй юм аа хийсэн байвал бүх хамтын удирдлагын нөхдүүд бүгд явна шүү. Эрүүгийн хуулийг дахиад засч байна шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийг яагаад АТГ шалгаж болохгүй байгаа юм бэ? Ёс зүйн хороо гэж байхгүй болсон шүү дээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Бид 27 жилийн дараа төрийн өмчийн хуулийн шинэчлэлийг хийх гэж байна. З.Энхболд Төрийн өмчийн газрын анхны даргаар ажиллаж эхэлсэн. Төрийн өмчийг хувьчлах тухай хууль байсан. Тухайн үед төрийн эзэн байсан, хяналтын бүхий л механизмыг устгаж өөрчлөөд, хувьчлах дуулианаар баялгийн тэгш бус зүйл хийж эхэлсэн.

Х.Баттулга мах, талх, буудал гээд бүх зүйлийг нь авч, Улсын Ерөнхийлөгч болтлоо явлаа. Сүүлдээ төмөр замд ч холбогдлоо. Женко бол Загалмайлсан эцгийн дүр. Тэр энэ дүрдээ бүрэн орж, мафийн толгойлогч болсон байна.

Гэхдээ тэр ард түмнийг буруу тооцсон. Төрийн нэр хүнд, шагналыг авлига болгож хувиргасан. Одоо хулгайчдынхаа эсрэг тэмцлийг хийж байна. УИХ бид үүнд хууль, эрхүйн орчныг нь бий болгож өгөх ёстой. Энэ хуулийг дэмжихгүй бол хулгайгаас салахгүй явъя гэсэн үг. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Энэ хуульд авах зүйл ч байна. Авахааргүй ч зүйл байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статус бүрхэг болсон. Өмнө нь Төрийн өмчийн хороо гээд Засгийн газрын тохируулагч агентлаг байсан.

2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа Х.Баттулга гэж хүнийг Хөдөө аж ахуйн сайд болгосон. Тэр нь сайдаа голсон юм уу, жоохон юм нэмж өг гэсэн юм уу, Төрийн өмчийн хороог Хөдөө аж ахуйн сайдын мэдэлд өгчихсөн.

Тэрнээс хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалт замхарч, хүчгүйдүүлсэн. Одоо бүх яамд, сайдууд өөрсдийн харъяанд байдаг төрийн өмчийн газруудын даргыг тавих эрхийг салгаад авчихсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалт гурван толгойтой болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статус, чиг үүргийг нь яаж өөрчилж, дээшлүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг харсан. Үзэл баримтлалынх нь хувьд хэлэлцэхийг нь дэмжих нь зөв. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулах ёстой юм байна. Ард түмний мэдэлд байж, үр өгөөжийг нь хүртэж байх ёстой том өмчүүд эзэнгүйдэж байна. Нийтийн өмчийг удирдлагын үр өгөөж, бүртгэл, хяналт нь хаана, хэнд явахыг хуульдаа оруулаагүй байна. Засгийн газар, Төрийн өмчийн хорооны чиг үүрэг тодорхой биш байна. Төрийн өмчийн ил тод байх, иргэдийн оролцоог хангах үүгээрээ үр өгөөж нь гарах тухай заалтууд энэ хуульд орох ёстой. Орон нутгаас төрийн өмч рүү юм авах заалт байна. 

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Монгол Улс нь дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Бодит байдал дээр төрийн өмч давамгайлсан бүтэц тогтолцоотой болжээ. 2012-2020 оны хооронд төсвийн зарлага ДНБ-ний 33,2 хувьтай тэнцэж, ДНБ-ний 22,2 хувийг төрийн болон орон нутгийн удирдлагатай төрийн өмчийн компани, аж ахуй нэгж бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл  ДНБ-ний 55,4 хувийг шууд болон шууд бусаар төрийн болон орон нутгийн өмчит компани бүрдүүлж байна. Шилэн дансанд бүртгэлтэй 460 компани, үйлдвэрээс томоохон 107 нь сүүлийн 10 жилд нийт татварын орлогын 30 гаруй хувийг бүрдүүлжээ.

Гэтэл Монгол Улсын нийт татвар төлөгч, аж ахуй нэгжүүдийн тоо 228 мянга гаруй байгаа.

Тэгэхээр нийт аж ахуй нэгжүүдийн 99,95 хувь нь татварын нийт орлогын үндсэн хэсгийг бүрдүүлж байна. Татварын төлөлт талаас энэ нь сайн мэдээ мэт боловч Монголын бизнесийн хамгийн өгөөжтэй, далайцтай, макро эдийн засагт нөлөөтэй хэсгийг нь нийт компаниудын 0,05 хувь нь буюу төрийн өмчит компаниуд л хариуцан эзэлж байна.

Энэ цөөн компанийн Монгол Улсын экспортын орлогын хэмжээнд эзэлж буй хувийн жингээс бүр илүү буюу 42 хувь байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн этгээдийн гэрээ, худалдан авалт Засгийн газар дээр саатаж удах, авлига цэцэглэх болсон. Хамгийн том жишээ нь Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбогдож үүсээд байна. Аливаа хувийн банк Хөгжлийн банктай ижил хэмжээний чанаргүй зээлийн хэмжээтэй удаан явах боломжгүй байсан. Чанаргүй зүйлийн 30 хувь нь төрийн өмчтэй холбогдож байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Зарчмын хувьд энэ асуудлыг дэмжиж батлах ёстой. Монголын төр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол стандартын өмч байгуулахыг зорьсон. Гэвч хулгай хаана байна төрд байна. Тиймээс цаашдаа төрийн өмчийн компаниудаа чөлөөлж, хувьчлаад хувийн хэвшлийг хөгжүүлж, чөлөөт зах зээлийг дэмжээд явах ёстой. Төрийн өмчийн 105 компани, орон нутгийн өмчийн оролцоотой 270 орчим компани байна. Компанийн засаглалаар бүгд хөгжих ёстой. Гэтэл бид энэ зарчмаар явуулж чадахгүй байна. Улс төрөөс нөлөөлөлгүй, дарамт шахалтгүй явуулах зарчмыг хэрэгжүүлж чадахгүй бол одоо больё. Монголд төрийн өмчийн нэг ч компани хэрэггүй. Бодлого, хандлагыг өөрчлөх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Төрийн өмчийн компаниуд эзэнгүй байна аа. Үүнээс болоод их хулгай гарч байна. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаад, зах зээлийн системд шилжээд явсан. Социализмын 70 жилийн хугацаанд байгуулсан төрийн компаниудыг 1992-1996 онд хувьчилж, хувьцаат болон хувь нийлүүлсэн компаниуд болгосон. Энэ хувьчлалаар алдсан зүйл ч бий, оносон зүйл ч бий. Тухайлбал, малын хувьчлал явагдаж, мал 80 сая хүртэл өсч үр дүнгээ өгсөн. Үйлдвэр, аж ахуй нэгжийг хувьчилсан нь үр дүнгээ өгөөгүй. Тоногдсон, дампуурсан. Тухайлбал, манай аймагт барилгын том бааз байсан нь хувьчлагдаад бүх ажилчид нь гудамжид гарч, тоног төхөөрөмж нь Хятад руу төмөрт ачигдсан. Үүнээс болж өнөөдөр монголчууд барилгаа барьж чадахгүй байна. 1992 оноос өмнө аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон байсан. Өнөөдөр бид аж үйлдвэр хөгжүүлж чадаагүй. ДНБ-ний 54 хувийг төрийн өмчит компаниуд бий болгож байна гэж байна. Төрийн өмч бол эзэнгүй. Төр солигдвол бүгд солигддог. Өнөөдрийн бүх асуудал үүнтэй холбоотой. Улсын хэмжээний нийт компаниудын хэчнээн хувь нь хувийн, хэдэн хувь нь төрийн компани байна? Тэдний ашиг, алдагдлыг харьцуулсан зүйл байна уу?

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч аж ахуй нэгж бол 228 мянга байгаа. Төрийн компаниудын нарийвчилсан тоог харвал үүнээс хамаагүй бага боловч хөгжлийн болон орон нутгийн сангуудыг нэмбэл эцсийн тоо байхгүй. Эдийн засагт эзэлж байгаа хувь хэмжээг нь аваад үзэхээр ДНБ-ний 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа гэж үздэг. Гэхдээ бодит байдал дээр төрийн өмчийн компаниуд 55.4 хувь байна. Үүн дээр сангуудаа нэмбэл үүнээс илүү нэмэгдэнэ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Д.Цогтбаатар гишүүн цаг үеэ олсон тогтоолын төслийг боловсруулж оруулж ирлээ. Өмнө нь оруулж ирсэн хугацаанд нь баталчихсан байсан бол төрийн өмчийн компаниуд борооны дараах мөөг шиг олноороо байгуулагдахгүй байх байсан. Гэхдээ одоо энэ асуудлыг УИХ хэлэлцээд яаралтай батлах хэрэгтэй. Хөгжлийн банкны төр хороо байгуулагдсан. Энэ хороон дээр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1/3-ийг төрийн компаниуд авсан байна. Хувийн компаниуд бол чанаргүй зээлээ эргээгээд төлчихнө. Төрийн компанийн чанаргүй зээлийг хэн төлөх юм бэ? Нийгмийн даатгалын шимтгэлийн 70 гаруй хувийг хувийн компаниуд бүрдүүлж байна. Ачааг нь үүрч байна шүү дээ. Гэтэл төрийн өмчийн компаниуд бүгдийг хийж чаддаг мэт ирлээ. 1996 оноос хойш олон сангуудад менежмент хийж, хөрөнгөө байлгаад баймааргүй байна гэж ярьж байсан. Бид төр бизнест оролцохгүй гэж ярьдаг ч бодит байдлаа харахаар бүр нэг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа яваад буй мэт байна. Зах зээлд шилжчихээд яагаад төр бизнест оролцоод байгаа юм бэ гэж байнга асуудаг. Засгийн газраас өнөөдөр хуримтлалын, хөгжлийн сангуудыг байгуулдаг. Уул уурхайн баялагтаа эзэн болох ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Бид нар хөрөнгийн менежмент хийж, төсвөөсөө сангуудаа салгах хэрэгтэй. Хуулийн төсөл санаачилснаас хойш хэдэн төрийн компани байгуулагдчихав?

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Хэлэлцэгдээд явж байх хооронд нэлээд төрийн компани байгуулагдсан. Орон нутгийн компаниудыг оролцуулбал бас өндөр тоо гарна. Гол нь нийгмийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Төрийн гэж байгаа Монгол Улсын баялаг болсон маш том компаниудад ч нийгмийн чиглэлээр ажиллахаар асуудал үүсч байгаа юм. Компани бол арилжааны чиглэлээр ажиллах ёстой шүү дээ. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Би бол үүнийг ойлгохгүй байна. Түр хугацаа гэдэг нь хэдий хэр хугацаа юм. Төр ямар компаниа авч явдгийг мэднэ биз дээ? Стратегийн ач холбогдолтой болон алдагдалтай компаниудаа төр аваад явдаг шүү дээ. Хувийнхан авч явж чадахгүй зүйлийг төр нуруун дээрээ авч явдаг шүү дээ. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулин дээрээ төр ямар төрлийн компани байгуулж болох, болохгүйг сайн зааж өгөх л хэрэгтэй. Орон нутгийн өмчтэй аймгууд төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж чадаад байна шүү дээ. Нэг орд гараад ирлээ гэхэд орон нутаг, төр үүний 34 хувийг эзэмших ёстой. Үүний тулд нэг компани байгуулах шаардлагатай. Хог, нохойныхоо асуудлыг шийдэхийн тулд төрийн компани байгуулах шаардлагатай шүү дээ. Хэрэв дээрх асуудлыг хувийн компани шийдчихдэг байсан бол төр компани байгуулах шаардлагагүй шүү дээ. Төр зайлшгүй авч явах шаардлагатай салбар байна шүү дээ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Нэгдүгээрт олон нийтэд гоё харагдах гэж би энэ тогтоолыг оруулж ирээгүй. Хоёрт энэ хориг гэж орж ирж байна. Таны хэлж байгаа энэ санаа гарч ирж магадгүй гэдгээр нь түр гэж оруулж ирж байна. ТӨК эд нарыг чинь би хориглоогүй шүү дээ. Эрдэнэс Тавантолгой гээд том холдинг байгуулагдчихсан байна. Тиймээс бүх шинэ ордыг энэ компани хариуцаад явж болно. Харин орд болгон дээр шинэ компани байгуулбал та менежментийг нь хянаад явж чадахгүй. Зах зээлийн эдийн засаг ажилладгаа харуулчихаад байхад төрөөр бүх юмаа хийлгэх гээд байгаа юм бэ? Ард түмний төлөө юм шиг ард түмний мөнгийг хэдхэн компани завшаад яваад байгааг хараад суух юм? Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хэчнээн төрийн компани байгуулагдсаныг би эргээд Н.Учрал гишүүнд хэлж өгнө. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-30 жилийн өмнө нийгмийн хувьсгалт өөрчлөлт болж, зах зээлийн шинэчлэлтээр хувийн хэвшилд тулгуурлана гэсэн. Гэтэл 30 жилийн дараа нөхцөл байдал хувьсгалын өмнөх үедээ хүрсэн байна. Үүнийг өөрчлөх гээд олон хууль орж байгаад талархалтай байна. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төр оролцохыг хориглосон тогтоолын төслийг боловсруулаад өргөн барих гэсээр байтал хоцорчихлоо. Одоо энэ хоёр тогтоолын төслийг хамтатган хэлэлцүүлэх боломж байдаг уу УИХ-ын дарга аа? 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Төрийн өмчит компаниудынхаа санхүүг ил болгож, ашигтай байгаа компаниудыг олон нийтийн болго. Би хоёр төслийг нэгтгэхэд нээлттэй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хууль санаачлагч зөвшөөрсөн тул хэлэлцэх эсэхийг дэмжвэл хоёр тогтоолыг Эдийн засгийн байнгын хороонд нэгтгээд хэлэлцэж болно. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Би тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 1993 онд Төрийн албаны шинэчлэлийн тухай маш том төсөл Монгол Улсын Засгийн газраас эхлүүлж байсан. Энэ ажлын гол санаа нь эцсийн дүндээ төрийн алба, улс төрийн алба, бизнесийг салгая гэж шинэчлэл эхэлсэн. Үүнээс хойш төрийн алба зэрэг бүх зүйлийг алхам алхмаар өөрчилсөөр өмнөх рүүгээ ухарсаар байсан. Тухай бүрд нь би хэлдэг байсан. Томоохон төрийн өмчтэй газруудын удирдлагад нь төрийн алба, улс төрийнхөн ороод суучихсан. Яам, Засгийн газар бодлогоо хийж, агентлаг нь хэрэгжүүлээд явна гэсэн ч үүнийг өөрчилсөөр байгаад энэ нөхцөл байдал үүссэн. Ерөнхий сайд нэг ч хүнийг томилох эрхгүй байдаг юм байна шүү дээ гэж өөрчилсөөр байгаад ийм нөхцөл байдалд орчихсон шүү дээ. Дахин дахин бодлогоо өөрчилснийхөө горыг өнөөдөр амсч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Сайд хийж байхдаа ШХАБ-д элсье гээд явж байсан. Гэхдээ энэ таны үзэл баримтлал биш байх. Тухайн үеийн дарамт шахалт байсан байх. Хэсэг гишүүд хувийн өмчийг хураая гээд явж байсан. Түүгээр цалинг нэмье, тэтгэврийг тавья гээд явж байсан. Шүүхийн шийдвэргүйгээр гадаадын компанийг хурааж авч байсан. Хувийн хэвшил бүгдийг чадна. Дайн хийхээс бусдыг чадна. Хувийн компани сансарт хүртэл нисч байна. 40 их наядын Монгол Улсын ДНБ-нийг хулгайлчихсан байна.

Хууль зүйн сайд гэх нөхөр бараг өмч хувьчлалыг буцаая гэж байна лээ шүү дээ. Буцааж нийгэмчлэх үү? Иймэрхүү юм ярьдаг коммунистуудаа хэзээ болиулах юм бэ?

Үндсэн хуулийнхаа эсрэг ярьдаг нөхдүүддээ хариуцлага тооцдог болмоор байна. Ийм Засгийн газартай болчихоод байна шүү дээ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хувийн өмч хураая гэсэн тогтоолын төслийг би бол мэдэхгүй. Миний боловсруулсан тогтоолын төсөл бол эгнэт хаахгүй, хугацаатай зүйл. Ард түмний нэрээр өмчлөөд байгаа юм шиг боловч хэдхэн хүн хулгайлаад аваад явчихаж байна. Толгойд байгаа сэтгэлгээгээ л өөрчлөх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Төрийн өмчийн компаниудын гажуудлыг засах тогтоолын төсөл их удаж байж орж ирлээ. Монголын төр зах зээлд шилжсэнээс хойш төрийн хөрөнгө, мөнгийг идэж уух боломжоор хангасан компаниуд гаргаж ирсээр байсан. Энэ нь үеэ өнгөрөөсөн улстөрчдийн амралтын газар, ялсан намын шагнал, мөнгө угаах хэрэгсэл, цүнх баригчдын дамжаа болсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Нэн ялангуяа, байгалийн баялаг, үндэсний баялагтай холбоотой төрийн өмчит компаниуд монголчуудыг, Монголын төрийг ямар байдалд оруулчихаад байна? Цаашид төрийн өмчийг идэж уудаг улстөрчид, тэрний компаниудын баяждаг схем байж болохгүй ээ. Надад асуулт байхгүй. Би энэ тогтоолын төслийг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Даахгүй нохой булуу хураана гэгчээр дахиад л төрийн өмчит компани байгуулахаар ярьж байна. Жишээ нь, Эрдэнэс Монгол гээд байна. Ийм асуудлууд үүссэн нийгэм бухимдалтай байхад дахиад төрийн өмчит компани байгуулж, түүндээ 60, 70 сая төгрөгийг зарцуулна гээд явж байна. Уг тогтоолын төсөлдөө хугацаа тавих боломжтой юу? Энэ хугацаандаа шалгаж, асуудлуудыг нь гаргаж ирж, хяналт тавьж, цаашдаа нийтийн өмчит компани  болгох нөхцлийг нь бүрдүүлнэ гэж найдаж байна. Цаг үеэ олсон зөв тогтоолын төсөл учраас дэмжих ёстой шүү. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

-Хугацаатай… Хугацаагаа УИХ-аар хэлэлцэх явцдаа тогтооё гэж бодож байна. Харин энэ хугацаандаа таны хэлсэн хяналт, шалгалтаа явуулна гэж төлөвлөж байна. Хугацаа нь дууссаны дараа зайлшгүй шаардлагатай бол хоригоо сунгаад явах боломжтой. Төр ямар л төрлийн ажил үйлчилгээ хиймээр байна. Тэр төрлийн бүх компанийг байгуулчихсан. Барилга л гэхэд ТОСК, НОСК гээд байна. Эдгээр нь ямар ч төрлийн ажлыг удирдлагаар хангаад явах боломжтой. Цаашдаа үүнийг ил гаргаж, шалгалт хийхгүй бол нүүрс шиг бүх төрийн өмчит компаниуд дээр хулгай гарч ирнэ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Төрийн өмчийн хорооныхон байсан бол хэлэх юм байна. Хөгжлийн банк дээр зээлийн төлөлт дээр хураагдсан зээлдэгчтэй тохиролцох зүйлс байна. Хавдар судлалын эмнэлэг дээр ард иргэд нь үйлчилгээ авах нөхцөлгүй болсон байна. Нэг эмнэлгийг нь Хөгжлийн банкны чанаргүй зээлд нь хураагаад зохицуулах шаардлагатай байна. Үүнийг хэн хийх вэ? Эрүүл мэндийн яам уу, Хөгжлийн банк уу? Өнөөдөр төр хуулийн этгээд байгуулах шаардлагагүй гээд баталчихна. Гэтэл маргааш зайлшгүй шаардлага гарвал яах вэ? Өнөөдөр нийслэлд баригдаж буй өндөр өндөр карказууд бүгд нүүрсний хулгайн мөнгөөр баригдаж байгаа шүү дээ. Эмнэлгүүдээр гишүүд орж үзээч ээ. Тэнд чинь хүмүүс үзүүлэх битгий хэл орж чадахгүй байна шүү дээ. Гэтэл энд тэндхийн компанийн эрх ашгийг хамгаалсан хууль оруулж ирээд сууж байна шүү дээ. Эмэгтэй гишүүдийг уриалж байна. Нэг ажлын өглөө тэр хавдрын эмнэлгээр ороод ард иргэдээ яаж амьдарч байгааг орж хараач. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Бидний хэдэн гишүүн энэ тогтоолын төслийг хагас жилийн өмнө боловсруулаад өргөн барьсан ч одоо л батлагдах гэж байх шиг байна. Цаг үеэ ч онолоо. Энэ асуудлыг зөвхөн нэг компани, нэг эдийн засгийн сектортой хамааруулж ойлгож болохгүй. Ингэвэл зөвхөн шархыг илээд өнгөрсөн зүйл болно. Бид хэдэн хүнийг шоронд хийлээ гээд энэ асуудал дуусахгүй. Монгол Улсын 2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын дүн, гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3,4 их наяд төгрөг. Энэ 3,7 их наяд дээр бид 76-лаа хэрэлдэж, хэлэлцэж байгаад баталдаг. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн зардал 3.4 их наяд. Үүнийг хэдхэн хүн суугаад баталдаг. Улсын төсвөөс чинь том төсөв уул уурхайн компаниудад чинь яригдаад байгааг эдийн засгийн мэргэжилтнүүд бүгд хэлдэг. Төрийн компаниудаасаа салж чадсан улсууд хөгжиж чаддаг. Уул уурхайн компани төрийн өмчид байгаад амжилт олсон хоёр, гуравхан л улс байгаа. Гэтэл бид тэгэж чадтал өдий. Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн өмчит болгох хуулийн төсөл өргөн барина гэж байна лээ. Энэ бол зөв шүү. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Төрийн өмчтэй компани цаашдаа байгуулах шаардлага гарвал гэж асууж байна. Цаашдаа төрийн өмчит компани байгуулах шаардлага угаасаа гарахгүй. Гэхдээ тухайн үедээ онцгой шаардлага гарвал УИХ дээрээ ярьж байя. Өөрсдийнхөө хяналтыг алдахгүй байх боломж олгож буй тогтоол гэж харж байна. Хувийн хэвшил баяжчихвий гэж айдаг хэдэн хүн байх шиг байна. Харин ч тэднийг чадал оруулж, томруулах шаардлагатай. Хувийн хэвшлээ баяжихаас айдаг төр байвал бид хөгжихгүй ээ. Хувийн хэвшил баяжвал нууж хаахгүй хөрөнгө оруулна, нийгмээ хөгжүүлнэ. Харин төрийн хулгайчид бол оффшорт аваачиж нууна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

– Энэ хулгай бол Монголын нийгэмд нүүрлээд байгаа өвчин гэж харж байна. Энэ өвчнийг эмчлэх шаардлагатай. Алдагдалтай, өр зээлтэй, хулгай нүүрлэсэн компаниудад цэг тавих цаг болсон. Төрийн өмчийн компани байгуулж, компани гэж нэрлэх ч шаардлагагүй. Бий болсон компаниудаа хувьчлаад, хувийн хэвшил хөгжих нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ тогтоолд нэмж бий болсон компаниуд хувьчлагдах хүртлээ төсвөөс гадуур санхүүжилт хийх, төвлөрүүлэлт хийх, хандив өгөхийг нь хориглох хэрэгтэй. Цаашдаа олон нийтийн хараат болгоод явуулах ёстой. 

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 04
2022-12-16

Засгийн газрын гадаад өрийн асуудлаарх мэдээллийг сонсоно

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөл өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан/

·      Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Ерөнхий сайдын мэдээлэл: Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж