"Гоожингийн өндөр" нийслэлд ирсэн ч засварлах хөрөнгө байхгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

"Гоожингийн өндөр" нийслэлд ирсэн ч засварлах хөрөнгө байхгүй

"Гоожингийн өндөр" нийслэлд ирсэн ч засварлах хөрөнгө байхгүй

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан "Гоожингийн өндөр"-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал Мягмар гаригт /2022.12.13/ болжээ. Давж заалдах шатны шүүх дээр нийслэлийнхэн ялсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр "Газрыг үндэслэлгүй цуцалсан" гэж газар эзэмшигчдийн талд гарсан тул нийслэлээс давж заалджээ. Одоогоор шүүхийн шийдвэр албажиж гараагүй байгаа гэдгийг тухайн газар эзэмшигчид хэлж байна.

Тухайн газар эзэмшигчдийн зүгээс өмнө нь "Бидний зүгээс хотын захиргааны бүх шийдвэрийг дэмжиж буй. Тухайн газрын үл хөдлөх гэрчилгээ нь гарчихсан. Одоо газрыг нь шийдээд өгөөч, тэнд нь ногоон байгууламжтай, хоёр давхар 70, 80 хүүхдийн цэцэрлэг бариад өгье гэдэг саналыг тавьж байсан юм.

Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ.

Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг газар эзэмшигч хэлж байв.

Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:

-"Гоожингийн өндөр"-ийг музей болгох төсөв мөнгө нь тодорхой болоогүй байгаа. Манай байгууллагаас шүүх хурал, хамгаалалт, хууль журмын хүрээнд ажлаа хийж байна.

"Гоожингийн өндөр" түүхэн барилгыг өмнө нь нүүлгэн шилжүүлж, сэргээн засварлах боломжтой талаар судлаачид хэлж байсан. Ингэхдээ одоогийн барилгад дахин судалгаа хийж, сэргээн засварлах зургийг нь дахин гаргах хэрэгтэй гэдгийг онцолж буй.

Хотын даргын гаргасан шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд байгаагаар нь сэргээн засварлаж, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гэр музей хэлбэрээр ашиглалтад оруулах талаар албаныхан хэлсэн.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.

"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчдийн зүгээс тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.

"1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"

Архитектор Г.НЯМЦОГТ:

-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.

Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж