"Прокуророос хүсэлт ирвэл түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

"Прокуророос хүсэлт ирвэл түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ"

"Прокуророос хүсэлт ирвэл түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ"

Төв талбайд 13 дахь өдрөө жагсч буй иргэдийн шаардлагад өчигдөр /2022.12.16/ Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа хариу өглөө.  Тэрбээр, жагсагчдын төлөөлөлтэй Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар уулзаж, асуудлыг хэлэлцэж байна. Нэгдүгээрт, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай. Хэрэв тус хэрэгт холбогдсон нь баримтаар нотлогдсон бол Прокуророос тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирдэг. Тус хүсэлтийг УИХ-ын чуулганаар эцэслэж, шийдвэр гаргадаг.

Хэрэв аль нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Прокуророос хүсэлт ирвэл шуурхай хэлэлцэнэ. Түүнээс УИХ хэн нэгнийг хамгаалж үлдэхгүй гэдгийг жагсагчдын төлөөлөлд хэлж байгаа.

Мөн АТГ-ыг ард түмний мэдэлд өгөх шаардлага тавьсан. Энэ шаардлагыг мөн тодорхой болгох шаардлагатай. АТГ бол бие даасан статустай. Олон нийтийн хяналтын хороод, иргэд байдаг. Хуульт ёсны төр учир бүгдийг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

ЖАГСАГЧДАД ЗАСГИЙН ГАЗРЫН ЗҮГЭЭС ТАЛАРХАЖ БАЙНА

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Талбай дээр жагсч байгаа нийт иргэдийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар цаг тухайд нь хүлээж авч өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн хугацаанд бий болсон нийгмийн баялагтай холбоотой асуудал иргэдийн бухимдлыг хүргэсэн. Нэгдүгээрт, “Эрдэнэс тавантолгой” ХК-д БЭТ томилж, тус компанид хийсэн сүүлийн 11 жилийн аудитын тайланг олон нийтэд нээлттэй болгох. Хоёрдугаарт, тээвэрлэлт болон бусад хууль бус асуудалд үүссэн хэргийг АТГ болон цагдаагийн байгууллагад өгч, хурдтай шалгах үүрэг чиглэлийг өгсөн. Аравдугаар сарын 26-нд БЭТ томилсноос хойш 10 гаруй албан тушаалтныг АТГ-т өгч шалгууллаа. Үүнээс гадна өнөөдрийн байдлаар тус компанид албан тушаал хашиж байсан нийт 40 гаруй хүн хуулийн байгууллагад шалгагдаад явж байна. Цаашид мөрдөн байцаах ажил идэвхтэй явна.

Бидний зүгээс хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх бөгөөд хэн нэгэн өндөр дээд албан тушаалтан хэрэгт холбогдсон нь үнэн бол хариуцлагаа заавал хүлээнэ.

Жагсаал үргэлжилж байгаа 13 хоногийн хугацаанд Засгийн газар нийт дөрвөн удаа хуралдаж, нууцад хамаарсан есөн гэрээг хуульд зааснаар ил болгосон. Мөн жагсагчдын төлөөлөлд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн сүүлийн 11 жилийн төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд явагдсан тендерт оролцсон дотоод, гадаадын компаниудын нэрсийг өгсөн байгаа. Гуравдугаарт, нүүрс тээвэрлэлтэд оролцсон компаниудын нэрсийг ч өгсөн. Тиймээс тус компанид иргэдээс нууцалсан нэг ч гэрээ үлдээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хуулийн хүрээнд аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна.

Жагсагчдад Засгийн газрын зүгээс талархаж байна.

Асуудлыг бодитойгоор шийдвэрлэхийг хичээж, ширээний хоёр талд сууж эрүүлээр ярилцаж байгаа нь талархалтай. Бодитой, баталгаатай тоон мэдээллийг өгөхөөс гадна их хэмжээний мөнгөн дүнтэй ажлуудын талаар мэдээллийг иргэдэд өгөх нь зүйтэй гэж үзсэн учраас хүлээлгэж өгч байна. Мөн Эрүүгийн хуулийн зарим заалтад оруулж буй өөрчлөлтийн талаарх баримт бичгийг хүлээлгэж өглөө.

АТГ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГААС МЭДҮҮЛЭГ АВСАН, БУСАД ХОЛБОГДОГЧДЫГ ШАЛГАЖ БАЙГАА

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР:

-Нүүрсний хулгайтай холбоотой АТГ, ЦЕГ, ТЕГ-ын 60 гаруй албан хаагч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааг дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд хийж байгаа. Үүнд:

  • Нууцад хамааруулсан гэрээг зах зээлээс хэт өндөр үнээр хийсэн эсэх, нүүрсний үнийг хэт бага тогтоосон эсэх,
  • Нүүрсний тээвэрлэлтэд гэрээ хийхдээ бусдад давуу байдал олгосон эсэх
  • “Тавантолгой” ХК-д тендер буюу худалдан авах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх,
  • Тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шалгаж байгаа.

Мөн лицензтэй талбайгаас улсад бүртгэлгүйгээр нүүрс гарсан эсэхийг шалгаж байна. УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад бүрэн эрхийг түдгэлзүүлж, хөрөнгийг битүүмжлэх боломжгүй. Засгийн газар гэмт хэргийг шүүн тогтоодоггүй. Зөвхөн агентлагуудын мэдүүллүүдийг хүргэж, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжиж ажилладаг. Холбогдох байгууллагууд цаашид мэдээллийг үргэлжлүүлэн өгнө.

Өчигдөр АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Бусад хүмүүсийг ч дуудаж байцаах болон мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хуулийн төслийг хэлэлцэж байна. Олон нийтийн зүгээс маш их мөнгө завшсан хүмүүс төрд ажиллаж байна гэсэн. Тиймээс яаралтайгаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр олон тэрбумын авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч албан үүргээсээ чөлөөлөгдөнө. Хоёрдугаарт, авлигын замаар олсон хөрөнгө орлогыг улсын орлого болгохоор зохицуулж байгаа. Мөн ял наймаалцдаг тогтолцоог бүр мөсөн халах зэрэг өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулж байна. Хуулийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны 09:00 цагт товлосон. Хоёрдугаар хэлэлцүүлгийг үдээс хойш үргэлжлүүлнэ.

Ямартай ч Сүхбаатарын талбайд ирж үзэл бодлоо илэрхийлж байгаа нийт иргэдийн саналыг хүлээж авч байгааг мөн хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж