"Хууль төрөхийн өмнө" буландаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна. Уг хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ сарын 14-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.
Уг хуулийн төслийг Засгийн газар нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн бөгөөд иргэд, жагсагчдын шаардлагатай уялдуулан авлигачдыг торгоод өнгөрөх бус авлигачдад илүү чанга ял оногдуулахаар заасан юм. Өөрөөр хэлбэл, энэ намрын чуулганы хамгийн “галтай”, цагаан захтнуудад халтайд тооцогдож буй хуулийн төсөл юм.
Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна” гэдгийг тодотгосон.
Хуулийн төслийн онцлох өөрчлөлтийн талаар тайлбарлавал:
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
- Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
- Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгажээ.
Зүйл заалтаар тайлбарлавал:
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (22.1) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагыг адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний (22.2, 22.3) торгох ялыг хасаж, бусад ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгасан байна.
- Мөн нийтийн албан тушаалтан хахууль авах (22.4) гэмт хэргийг онц хүндрүүлэх буюу хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль (22.3) авсан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол (22.4) ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг оруулсан байна.
- Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах (22.6) гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялыг хасаж, эрх хасах ялыг нэмэгдүүлжээ.
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих (22.10) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгажээ.
- Түүнчлэн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13-т тусад нь тусган, уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ялын бодлогыг чангатгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байх өөрчлөлтийг тусгахаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
Холбоотой мэдээ