Месси: Ирэх финал миний дэлхийн аваргын сүүлийн тоглолт

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси: Ирэх финал миний дэлхийн аваргын сүүлийн тоглолт

Месси: Ирэх финал миний дэлхийн аваргын сүүлийн тоглолт

Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси ирэх Ням гаригт болох финал түүний дэлхийн аваргын сүүлийн тоглолт байх болно хэмээн мэдэгдлээ.

Өдгөө 35 настай тэрбээр хагас шигшээд Хорватын эсрэг эхний гоолыг оруулж, Катарт тав дахь гоолоо шигтгэсэн билээ. Тав дахь дэлхийн аваргадаа оролцож буй Месси анхны алтан цомоо өргөхийн тулд Францыг буулган авах шаардлагатай.

Лионель Месси “Дэлхийн аваргын аяллаа финалд өндөрлүүлж, сүүлийн тоглолтоо финалд хийж байгаадаа баяртай байна. Үнэхээр талархууштай үйл явдал тохиолоо. Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд миний өнгөрүүлсэн бүх зүйл аргентинчуудад ямар их таалагдсаныг хараад сэтгэл хөдөлсөн. Дараагийн дэлхийн аварга хүртэл урт хугацаа байна. Өөрийгөө үүнийг хийнэ гэж бодохгүй байна. Ингээд дуусгах нь гайхалтай байх нь лавтай” гэжээ.

2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад болно.

Месси замналдаа алтан бөмбөгийг долоон удаа хүртэж, FIFA-ийн оны шилдгээр нэг удаа тодорч байлаа. Мөн тэрбээр УЕФА Аваргуудын лигт дөрвөн удаа, Франц, Испанийн лигт 11 удаа тус тус түрүүлж, 2021 онд шигшээ багийнхаа хамтаар Копа Америкад тэргүүлсэн билээ.

Месси өмнө нь 2014 онд ДАШТ-ий финалд шалгарсан ч Германд хожигдож, мөнгөн медальтай нутаг буцсан билээ.

Месси үргэлжлүүлэн “Бид энэ хүртэл хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн шиг цаашид ч үзүүлнэ. Одоо л түрүүлэх цаг нь ирлээ. Сүүлийн хэдэн жил шигшээ багаасаа баяр баяслыг мэдэрч байна. Бидний туулсан бүх зүйл гайхалтай байлаа. Копа Америкад түрүүлж, дэлхийн аварга хүртэл 36 тоглолт ялагдсангүй. Энэ гайхалтай бүхнийг финалын тоглолтоор дуусгана гэдэг гайхамшигтай. Аргентины ард түмэн бидний хийж буй зүйлээр бахархаж байгаа гэж найдаж байна. Бид бүхнээ зориулж байгаа гэдэгт тэд эргэлзэх хэрэггүй” гэж ярив.

Таван дэлхийн аваргад оролцсон зургаахан тамирчин бий. Дурдвал, Германы Лотэр Маттеус, Португалын Кристиано Роналдо, Мексикийн Антонио Гарбайал, Андрес Гуардадо, Рафаэль Маркиз нар юм. Энэ жилийн ДАШТ-ий мэргэн буучийн төлөөх өрсөлдөөнийг Францын Килиан Мбаппе болон Лионель Месси нар таван гоолтой тэргүүлж байна. Финалын тоглолтод л мэргэн бууч тодрох биз.

Месси дөрвөн дэлхийн аваргад гоол оруулсан анхны аргентин хөлбөмбөгчин болоод зогсохгүй тус тэмцээнд 11 гоол оруулсан амжилтаараа ДАШТ-ий түүхэн дэх Аргентины бүх цаг үеийн мэргэн бууч болжээ.

2005 онд 18 насандаа Аргентины төлөө дебют тоглолтоо хийсэн Месси одоогийн байдлаар 172 тоглолтод 97 гоол оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж