Хятад, Орос, Хойд Солонгосыг сансраас хянах командлал

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Хятад, Орос, Хойд Солонгосыг сансраас хянах командлал

Хятад, Орос, Хойд Солонгосыг сансраас хянах командлал

АНУ-ын Сансрын цэргийн хүчин 2019 онд ерөнхийлөгч асан Дональд Трампын санаачилгаар байгуулагдсан. Сансрын цэргийн хүчин нь 200 хүний бие бүрэлдэхүүнтэй, 40 сая ам.долларын төсөвтэй анх байгуулагдсан бөгөөд сансар судлалын салбарт АНУ-ын эрх ашгийг хамгаалах зорилготой байв. Тэгвэл тус хүчний анхны гадаад дахь командлалыг энэ долоо хоногт Өмнөд Солонгос улсад байгууллаа. Ингэснээр АНУ нь сүүлийн үед бүс нутаг төдийгүй дэлхийн аюулгүй байдалд заналхийлэх болсон Хойд Солонгос, ОХУ болон Хятадын үйлдлийг сансраас хянах боломж бүрдэж байгаа аж.

Өмнөд Солонгос дахь командлалыг нийслэл Сөүл хотоос 65 км зайтай орших Осан агаарын баазад байгуулсан байна. Командлалыг нээх ёслолын үеэр Сансрын шинэ ангийн дарга, дэд хурандаа Жошуа МакКаллион "Хойд Солонгос тус командлалын анхаарлын төвд байна" хэмээжээ. 

Сансрын цэргийн хүчин нь АНУ-ын зэвсэг хүчний 70 гаруй жилийн түүхэнд анх удаа тус улсын сансрын орон зай дахь эрх ашгаа хамгаалах зорилгоор байгуулсан нэгж. Энэ нэгж нь АНУ-ын харилцаа холбоо, тагнуулын олон зуун хиймэл дагуулуудыг хамгаалах зэрэг олон үүргийг хүлээж буй.

ГАДААД ДАХЬ КОМАНДЛАЛАА ЯАГААД ӨМНӨД СОЛОНГОСТ НЭЭХ БОЛОВ?

Вашингтонд төвтэй Брукингсийн хүрээлэнгийн Солонгосын  асуудлыг хариуцсан ахлах судлаач Эндрю Ёо хэлэхдээ, уг шийдвэр нь хоёр шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй. Нэгдүгээр шалтгаан нь энэ 2022 онд өмнө нь байгаагүй олон тооны баллистик пуужин хөөргөсөн Хойд Солонгосын аюул заналхийлэл.  Хоёрдугаарт,  Зүүн Хойд Азийн тогтвортой байдлыг сахин хамгаалах зорилгын хүрээнд Өмнөд Солонгос, АНУ-ын арми нь сүүлийн 44 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй туршлага.  Хоёр орны  цэргийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан дэд бүтэц, суурь байгаа учраас нэмэлтээр армийн үйл ажиллагаа явуулахад илүү хялбар гэж тэрбээр тайлбарлажээ. 

Өмнөд Солонгос дахь АНУ-ын Сансрын хүчний командлал нь пуужингийн үйл ажиллагааг илрүүлэх, тандахад голчлон анхаарах бөгөөд тэр чиглэлд технологиор тоноглогдох гэнэ. Ингэснээр ОХУ, Хятад, Хойд Солонгосын талаас ямарваа пуужин харвасан нөхцөлд Өмнөд Солонгос дахь уг командлал богино хугацаанд мэдэж, хариу арга хэмжээ авах боломж бүрдэнэ гэж тооцжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2019 онд Сансрын хүчнийг байгуулахдаа, "Сансар бол дэлхийн сүүлийн үеийн дайн байлдааны домэйн" хэмээгээд "Сансрын хүчин нь огторгуйн түвшинд эзэрхийллийг хянаж, дарахад бидэнд тусална" гэж байв. 

АНУ-аас гадна хэд хэдэн оронд үүнтэй төстэй сансрын хүчнийг байгуулсан байдаг. Тухайлбал, Их Британи, Франц, Австрали улсад сансрын орон зай дахь эрх ашгаа хамгаалах цэргийн салбар нэгж ажилладаг байна. Түүнчлэн Өмнөд Солонгос улс ч энэ сардаа багтан өөрийн Сансрын хүчнийг байгуулахаа мэдэгджээ.

АНУ-ын Сансрын хүчний эмблем нь "Star Trek" телевизийн цувралын логотой төстэй. Тус цувралын дүрүүд нь өөрсдийгөө "хамгаалагчид" гэж нэрлэдэг. Гэвч лхагва гаригт болсон ёслолын ажиллагааны үеэр Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн командлагч генерал Пол ЛаКамера сансрын арми нь хуурай газар, далай, агаарт байгаа цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл гэж мэдэгдэв. Трампын засаг захиргаанаас хойш Сансрын цэргийн хүчин өргөжиж, Өмнөд Солонгост шинэ командлал байгуулагдсан нь уг чиглэлд асар их ашиг сонирхол байгааг харуулж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Түүнчлэн шинэ нэгжийн гол ач холбогдол нь Хятад, Оросын хиймэл дагуулыг сөнөөх хүчин чадалтай өрсөлдөх, Хойд Солонгосоос гадна бүс нутгийн бусад аюул заналхийллийг дарахад тусална гэж харж байна. 

Сансрын хүчнийг байгуулснаас хойш АНУ-ын албаныхан ОХУ, Хятадын сансар дахь үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулж, санаа чилээх болжээ. Тухайлбал, ОХУ нь 2021 онд хуучин хиймэл дагуулыг устгахаар пуужин хөөргөсөн нь Олон улсын сансрын станцийг аюулд оруулсан гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр сансрын орон зайг хариуцлагатай ашиглах талаар дүрэм журмыг боловсруулах шаардлагатай талаар Жо Байдены захиргаа ажиллана гэдгийг онцолжээ. Үүний зэрэгцээ Хятад улс нь дуу тархах хурдаас тав дахин хурдан зэвсэг, техникийг хөгжүүлэх болсноор Бээжин, Вашингтоны хооронд нисэхийн салбарт зэвсгийг өрсөлдөөнийг өдөөсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж