"Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөдтэйгөө, журмын нөхөдтэйгөө хийх тэмцэл" болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахин, дахин онцоллоо. Үнэндээ, авлига, Ардын нам хоёр бол "агаар нэгэн" сонсогддог ньхудлаа биш. Өөрөөр хэлбэл, өнөөдөр МАН, МАН-даа дайсан болсон. Авлигатай хийх тэмцэл бол анд нөхөдтэйгөө, Ардын намынхантайгаа хийх тэмцэл мөн.
Ерөнхий сайд өмнө нь олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн бол өнөөдөр /2022.12.15/ парламентад үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хэд, хэдэн асуудал онцолсны хамгийн чухал нь авлигачдын толгойг илсэн хуулийн заалтыг авахаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг өөрчлөхөд УИХ дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар заалтаар авлигачид хожиж, ард түмэн хохироод үлддэг болсон. Үнэндээ ганц өнчин ишиг хулгайлсан иргэн таван жил шоронд хоригдох хуультай бол нүүрсийг нь вагонтай нь, вагоныг нь төмөр замтай нь хулгайлсан хулгайч хулгайлсан мөнгөнийхөө 10 хувьтай ч тэнцэхгүй торгууль хүлээж, шоронгоос мултардаг нь шударга бус.
МАН засгийн эрх барьснаас хойш авлигын индексээр Монгол Улс 111 дүгээрт бичигдэх болсон үндсэндээ Ардын намын цагаан байр авлигын үүр уурхай болсон гэсэн үг. Цагаан байрын авлигын асуудал өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн, Монголын толгойны өвчин болчихлоо. Ерөнхий сайдын зүгээс авлигатай хийх тэмцлээсээ алхам ухрахгүй гэсэн нь журмын нөхдөдөө хэлж буй анхааруулга байх.
АТГ-аас нүүрсний хэрэгт холбооотой гэж зарласан 17 хүний 10 нь МАН. Тиймээс үнэндээ авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намтайгаа, анд нөхөдтэйгөө хийх тэмцэл. Эрх ашиг нь зөрчигдсөн намын гишүүд нь эхнээсээ “Зүгээр байхад зүү шидвэл зүрүүлээд тэвнэ шиднэ”, “Унтаж буй баавгайг сэрээвэл үүрээ эвдүүлэх аюултай” гэхчилэн айлгаж, сүрдүүлж байна. Гэхдээ “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэж үгтэй.
Иймээс Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Уг хуулийн төсөлд:
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
- Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
- Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгажээ.
Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд том, том дуулиант авлига, албан тушаалын хэргүүдтэй холбогдсон хүмүүсийн дийлэнх нь улстөрчид. Тэд өнөөдөр хуулийн хамгаалалтан дор хулгай хийдэг нь худлаа биш. Нүүрсний хулгайн хэрэгт өнөөдрийн байдлаар УИХ-ын 7 гишүүн холбогдсон. Хөгжлийн банкийг тонож идсэн УИХ-ын гишүүдийн тоо гарын таван хуруунаас илүү гардаг. Дээр нь Ч.Ундрамын “хөнжил”-ийн хэрүүлээс болоод парламентын нэр хүнд “шалан” дээр уналаа. Хүчин, хүчирхийлэл, хулгай, луйврын үүр уурхай болсон УИХ-ын нэр төрийг улстөрчдөөс цэвэрлэхийн тулд эрх зүйн суурь өөрчлөлтийг хийхээс өөр сонголтгүй болсон. Үнэндээ байгалийн баялгийг тэгш хуваана гэж сонгууль болгоноор нам болгон ярьдаг ч Хөгжлийн банк, нүүрсний хулгайнаас харахад дээгүүрээ хуваагаад авчихдаг нь хэвийн үзэгдэл болжээ.
Ерөнхий сайд хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд намын харъяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг эмчлэхгүй бол ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг мөн.
Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно” гэдэг үнэн л дээ. Гэхдээ яриад суух биш хийж харуулах л хэрэгтэй!
Б.БАТ
Холбоотой мэдээ