НЭМЭЛТ:
Лондонд төвтэй “Aviationsourcenews” цахим хуудас Монголын иргэний агаарын тээврийн “Eznis Airways” компанийг Орос руу цэргийн хангамж тээвэрлэсэн гэж мэдээлжээ. Тус цахим хуудасны мэдээлснээр нэрээ нууцлахыг хүссэн нисэхийн ажилтан энэ талаар өөрсдөд нь хандаж, “Eznis”-ийн “Airbus A330” онгоц үүнээс болж газардсан гэжээ.
Тус ажилтан ярихдаа “Надад “Eznis Airways” болон тэдний шинээр худалдаж авсан “JU-1332” дугаартай “Airbus A330-200” ачааны онгоцтой холбоотой чухал мэдээлэл байна. Тус онгоц нь одоогоор Улаанбаатарт газардаад байгаа бөгөөд Хятадаас цэргийн хангамж зөөн эцсийн цэг болох Орост хүргэх даалгавартай. Онгоцонд 50 тонн бүхий цэргийн хувцас, хэрэгсэл, техник ачиж Оросыг зорьж байгаа. Даатгалын байгууллага энэ асуудлаар мөрдлөгө явуулж, Хятадаас их хэмжээний цэргийн бараа ачсан болохыг тогтоосон. Монголын “Eznis Airways” компани Оросыг Украин руу довтлоход шууд утгаараа тусалж байна” гэжээ.
"JU-1332” дугаартай “Airbus A330-200” онгоц нь Бээжин нисэхээсээ өмнө зөвхөн Сөүл рүү нислэг үйлдэж байжээ.
“JU-1332” дугаартай онгоц нь “Eznis Airways” компанийн эзэмшилд ороод удаагүй байгаа. Тус онгоц нь 1999 оны тавдугаар сард “Canada 3000 Airlines” компанийн эзэмшилд “C-GGWC” гэх нэртэй нислэг үйлдэж байжээ. Харин 2002 оны хоёрдугаар сард уг онгоц нь “Precision Aviation Consulting and Training Inc” компанид “F-WQQL” нэртэй болж очсон гэнэ. Улмаар “Volare Airlines”, “Etihad Airways”, “Air One”, “Alitalia” гэх авиа компаниудыг дамжин явсаар Монголд ирсэн аж.
“Eznis”-ийн “Airbus A330” онгоц хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 30-нд Бээжингээс хөөрч, Эрээнхотын дээгүүр нисч явах үедээ транспондер буюу радио долгион хүлээн авах үед дохиог нь боловсруулж эргээд хариу үйлдэл үзүүлдэг электрон төхөөрөмжөө унтраажээ. Ингэснээр онгоцны “ADS-B” дохио хаагдаж, онгоцны “GPS”-ийн байршил, өндөр, хурд болон бусад мэдээллийг газрын станц болон бусад агаарын хөлгүүд хүлээн авах боломжгүй болсон гэнэ.
Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Airbus A330” шиг онгоц нислэг үйлдээгүй бөгөөд “ADS-B” дохиогоо унтраасан ч Улаанбаатар газардсан болохыг нь баталжээ. “Aviationsourcenews” цахим хуудас энэ талаар мэдээлэл авахаар “ILFC”, “AerCap”, “Eznis Airways” компаниудтай холбогдсон боловч аль нь ч мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-ны өдөр “Eznis Airways” компани нь “AIRBUS A330-200” шинэ маягийн агаарын хөлгөө ёслол төгөлдөр хүлээн авсан билээ.
Тус хөлөг нь нэг удаагийн цэнэгээр 13,500 км туулах чадвартай, эзлэхүүн нь 199м³, даац нь 62,8 тонн юм.
A330-200 маягийн агаарын хөлгийг ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой. Зориулалтын өөрчлөлтийг Изинис Эйрвэйз ХХК-ийн засвар үйлчилгээний алба бие даан гүйцэтгэх бөгөөд энэ нь хувийн хэвшлийн компани хийж буй анхны тохиолдол юм. Тус компанийн мэдэгдэлд “AIRBUS А330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэх ба эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлж, харилцагч, хэрэглэгчдэдээ улам ойртоно гэдэгт бид итгэж байна” гэж байжээ.
Холбоотой мэдээ