Аваргууд Макроны нүдэн дээр Марокког ялж, финалд Месситэй таарлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Аваргууд Макроны нүдэн дээр Марокког ялж, финалд Месситэй таарлаа

Аваргууд Макроны нүдэн дээр Марокког ялж, финалд Месситэй таарлаа

“Катар-2022” ДАШТ-ий финалд Аргентин болон Францын шигшээ багууд тоглохоор шалгарлаа.


ФРАНЦ 2 – 0 МАРОККО

Аваргууд аваргаа хамгаалахаар финалд шалгарлаа. Франц тоглолт эхлээд удаагүй байхад буюу тав дахь минутад Тио Эрнандезын гоолоор тэргүүлж эхэлсэн. Түүний ах Лукас Эрнандез ДАШТ-ий эхний тоглолтод өвдгөндөө бэртэл авч цааш тоглох боломжгүй болсон учир Тио ахынхаа байрыг нөхөх болсон юм. Мөн Мароккогийн хаалгач Яссин Бунугийн хаалганд анх удаагаа эсрэг багийнх нь тоглогч гоол оруулав. Үүнээс өмнө түүний хаалганд багийнх нь анд Найеф Агуэрд авто гоол оруулсан билээ.

Мароккогийн хамгаалалт, довтолгоо тун сайн байсан ч гоол оруулах аз, эз дутаж байлаа. Жавад Эль Ямикигийн унаж татсан гайхалтай цохилтыг Уго Льорис хааж багаа аварсан. Хэрэв энэ гоол орсон бол энэ дэлхийн аваргын төдийгүй бүх цаг үеийн шилдэг гоолуудын нэг болох байв. Мөн энэ өдөр Францаас Антуан Гризманн тун онцгой байсан. Тэрбээр багийнхаа довтолгоог зохион байгуулж, хамгаалалтад тун сайн тусалж байлаа.

Мароккогийн довтолгоо эрчимжсэн учир Дидье Дешам сэлгээ хийж, тоглолтын хэмнэлийг өөрчлөхийг хүссэн. Тэрбээр Маркус Турам, Рандал Коло Муани нарыг оруулсан нь үр дүнгээ өгч Муани талбайд гараад эхний хүрэлтээрээ гоол оруулж, тооны харьцааг 2-0 болгосон юм. Түүний гоол ороход Килиан Мбаппе гол үүргийг гүйцэтгэж, Мароккогийн хамгаалалтыг бусниулсан.

Үүний дараа Мароккогоос Аззедине Унахи гоол байж болохуйц тун хүчтэй цохилтыг гүйцэтгэсэн ч Францын хамгаалагч Жуль Кунде яг хаалганы цагаан зураасан дээрээс хамгаалж, бөмбөгийг аюулгүй болгосон юм. Ийнхүү тоглолт дуусч, Ашраф Хакими, Килиан Мбаппе гэх өрсөлдөгчийн дүрээр уулзсан найзууд тэврэлдэж, бие биедээ амжилт хүсэв.

Финалд Аргентин-Франц гэсэн тулаан биднийг хүлээж байгаа бол хүрэл медалийн төлөө Хорват-Марокко тоглохоор боллоо.

Тоглолтын дараа Мароккогийн хамгаалагч Валид Реграги “Бид өнөөдөр Мароккогийн ард түмнийг гонсойлголоо. Бид тэдний мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн. Мэдээж одоогийн амжилтандаа талархаж байна. Гэхдээ бид үүнээс илүүг хийж чадах байсан юм шиг мэдрэгдэж байна. Жижигхэн хэсгүүд аваргуудыг ялахад тусаллаа. Бид ч үүнийг нь харлаа. Тэдний сэлгээнд тоглолтыг өөрчлөх чадамжтай олон тоглогч байлаа. Гэхдээ би тоглогчдоороо бахархаж байна. Мароккогийн ард түмэн ч бахархаж байгаа байх. Бид ард түмэндээ төдийгүй Африк тивд гайхалтай бэлэг барилаа гэж бодож байна” гэв.

Тус тоглолтын Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хүрэлцэн ирж сонирхжээ. Тэрбээр тоглолтын дараа тамирчид дээрээ орж, баяр хүргэсэн гэнэ.

Харин Францын дасгалжуулагч Дидье Дешам “Ийм амжилт үзүүлэх бүртээ би үргэлж бахархдаг. Ням гаригт финалд тоглох болсондоо баярлаж байна. Амаргүй ялалт байлаа. Бид багийнхаа чанар, туршлага, хүсэл зоригийг өнөөдөр харууллаа. Дасгалжуулагчийн хувиар тамирчдаараа бахархаж байна. Өөрийнхөө талаар бодмооргүй байна. Ийм амжилт үзүүлсэндээ л талархаж байна” гэжээ.

Францын довтлогч Антуан Гризманн “Марокко намайг гайхшрууллаа. Тэд хамгаалалт болон тактикийн хувьд сайн байлаа. Хоёрдугаар үед тэд олон боломж үүсгэж, бидэнд асуудал тарилаа. Тоглолтын эхэнд гоол оруулсан нь бидэнд давуу байдал үүсгэлээ. Хоёр дахь бүр тайван болголоо. Энэ тоглолт жижиг зүйлс дээр шийдэгдсэн хүнд тоглолт байлаа” гэсэн бол Аргентины эсрэг тоглох талаараа “Месситэй баг бүр давуу талтай. Бид Аргентины тоглолтыг үзсэн. Тэд топ формтой байна. Тэдэнд ганцхан Месси байхгүй. Түүнийг тойроод сайн тамирчид бий. Тоглолт хүнд байх болно. Тэдэнд цэнгэлдэхэд олон дэмжигч байх нь лавтай” гэж ярьжээ.

Тус тоглолтын шилдгээр Антуан Гризманн тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж